Б.Золбоо

Үндэсний Их Баяр наадмын өдрийг тохиолдуулан анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг Хүй долоон худагт долоодугаар сарын 10-13-нд зохион байгуулах гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгыг ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлаар дэмжин баталснаар, жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдрийг "Дэлхийн адууны өдөр" болгон тунхагласан билээ. Энэ нь Монголын нүүдэлчдийн өв соёл, адууны хүн төрөлхтний хөгжилд оруулсан үнэт хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсний тод илэрхийлэл юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд үндэсний өв соёл, тэр дундаа адууны өв соёлыг таниулсан спорт, урлаг соёлыг нэг дор нэгтгэсэн цар хүрээтэй үйл ажиллагаа болох ажээ. Ингээд гурван өдрийн турш зохион байгуулагдах уг арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулъя. Наадмын эхний өдрийн хөтөлбөрийг нээж хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болох бөгөөд урлагийн тоглолтууд тайзнаа тоглогдох юм. Мөн хөтөлбөрийн хоёр дахь өдөр азарга, их нас, бага насны морьдын уралдаан болох төдийгүй “Морьтны гайхамшиг” хэмээх үзүүлбэрийг наадамчин олонд хүргэнэ.

Дараагийн өдөр соёолон, даага насны морьд уралдаж, хүүхэд багачуудын дунд гийнгоо, морь цоллоочийн уралдаан тэмцээн болох юм. Наадмын сүүлийн өдөр буюу долоодугаар сарын 13-нд олон улсын морин уралдаан болж, “Дэлхийн адууны өдөр” албан ёсоор нээлтийн ёслолоо хийх аж. Үүний дараагаар дэлхийд ховор үзэгдэх “Түмэн морьтны их жагсаал” морь барианы талбайд зохион байгуулагдах юм. “Дэлхийн адууны өдөр” нь нүүдэлчин монголчуудын тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох адууны өв соёлыг хадгалан үлдээх, дэлхий нийтэд таниулах ач холбогдолтой байна.