Ч.Бямбахажид
АНУ-ын Элчин сайдын яамны тусгаар тогтнолын баярын хүлээн авалтын ёслолыг зорин ирж оролцсон АНУ-ын агаарын цэргийн хүчний “Pacific Trends” хамтлагийн гоцлол дуучин Кеган Бушауртай ярицлаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Дуучин болох гараагаа хэзээ эхэлж байсан бэ?
-Анх 2016 онд ахлах сургуульд ороод дуулж эхэлсэн. Үүнээс өмнө гурван жилийн хугацаанд бүрээ хөгжим тоглодог байсан. Харин ахлах сургуульд орсныхоо дараа цэрэгт явж, улмаар хамтлагтаа нэгдсэн. Мэдээж дуучин болох, агаарын хүчний армийн хамтлагт орно гэдэг амар байгаагүй. Олон шалгууруудыг давж байж тэнцсэн.
-АНУ-ын агаарын цэргийн арми нь хэчнээн хамтлагтай байдаг вэ. Танай хамтлагийн хувьд ямар төрлөөр уран бүтээлээ толилуулдаг вэ?
-АНУ-ын агаарын цэргийн хүчинд jazz, bigbang, сhoir зэрэг төрөл төрлөөрөө дагнаж уран бүтээлээ туурвидаг. Манай хамтлаг бол рок поп хөгжмийн хамтлаг. Тиймээс дэлхийн шилдэг дуунуудыг дуулдаг. Энэ жил АНУ үүсгэн байгуулагдсаны 250 жилийн ой болж байгаа учраас энэ арга хэмжээнд чиглэж байсан дуунуудыг түлхүү дуулж байгаа. Манай хамтлаг Япон улсын Токио хотноо байрладаг. АНУ-ын агаарын цэргийн хүчний хамтлагууд Герман, Хавайд бас байдаг. Яагаад гэвэл эдгээр улсууд нь манай улстай хөрш орон учраас тэндэх агаарын цэргийн баазуудад харьяалагдаад явдаг. Манай хамтлаг гадаадын улс орнуудтай харилцахад үүсэх хэлний ч юмуу ямарваа нэг бэрхшээлийг даван туулахад хөгжмөөр гүүр тавьж, соёлын солилцоог үүсгэдэг.
-Монголд хэд дэх удаагаа ирж байгаа вэ. Монгол Улс таны төсөөлөлд хэрхэн бууж байсан бэ?
-Монголд ирэхэд их сайхан угтаж авсан. Манай хамтлаг найман хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Монголчууд их өгөөмөр, зочломтгой санагдсан. Бас ирээд харилцахад хэцүү байх болов уу гэж бодтол ихэнх хүмүүс нь англиар ярьж чаддаг байсан нь их сонирхолтой санагдсан. Цаашид Монголын талаар илүү ихийг мэдэж, аялахыг хүсэж байна. Явахаасаа өмнө Чингис хааны хөшөө, цогцолбор дээр очихыг хүсэж байна. Бас Монголын дуу хөгжмийн хамгийн том фестиваль Playtime дээр очсон. Уг нь энэ наадамд оролцох эрх авах гэсэн ч амжаагүй.
-Та хамтлагийнхаа уран бүтээлээс гадна агаарын цэргийн хүчний армийнхаа үйл ажиллагаанд оролцдог уу. Армийн бэлтгэл, сургуулилт хэрхэн явагддаг вэ?
-Хамтлагийн үйл ажиллагаа, уран бүтээлдээ илүү их цаг гаргадаг. Нормоо биелүүлэхийн тулд армийн бэлтгэл, сургуулилтад оролцдог. Ерөнхийдөө хөгжимдөө л цаг заваа зориулдаг.
-АНУ-ын агаарын цэргийн хүчинд гадаад хүмүүс ажиллах боломжтой юу?
-Гадаадын иргэд агаарын цэргийн хүчинд элсэж орох, ажиллах боломжтой. Энд элсэж орсон, ажиллаж байгаа хүмүүсээс сонгон шалгаруулалтаар орж тэнцсэн хүмүүс армийн хамтлагуудад ажиллах ч боломжтой байдаг. Одоогоор манай хамтлагт америк иргэншилтэй хагас япон, хагас испани хүн байдаг.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 128 (7870)