Л.Пүрэвжаргал

Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд боллоо.

 

“Булчингаар биш хүйсийн тэгш байдал, тэнцвэрт харьцаагаар өрсөлдөх болно”

 “Тогтвортой хөгжлийн зорилго 17: Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх нь” олон улсын чуулганы дөрөв дэх хэлэлцүүлэг "Эмэгтэйчүүдийн манлайлал, чадавхжуулалт” сэдвээр үргэлжиллээ.  Энэ хэсэгт Байгалийн гамшигт үзэгдэл, тухайн улс орны газар зүйн байршлаас үүдэлтэй эрсдэлт нөхцөл байдалд хамгийн их өртдөг нь эмэгтэйчүүд бөгөөд тэдний санхүүгийн боломжгүй байдал нь нэрмээс болдог гэсэн судалгааны дүнг Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далай судлалын төвийн зочин судлаач Ясмин Виржаван танилцуулав. Тэрээр, эмэгтэйчүүдийн оролцооны талаарх харьцуулсан судалгаагаа танилцуулахдаа хүн ам зүйн шилжилт харьцангуй эрт явагдаж, хөдөлмөрийн насны иргэдийн тоо өсөж, улмаар эмэгтэйчүүд нэмэгдэх хандлагатай. Гэвч монголчуудын хувьд энэ тоо хамааралгүй гэсэн юм. Оролцоог нэмэгдүүлэхийн тулд манлайллыг бий болгох ёстой. Манлайлалд тууштай сургалтууд, бусад олон хүчин зүйл нөлөөтэй. Эдгээр асуудлыг нэг улс орон дангаараа бус, хамтын түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр зорьж байгаа нь ач холбогдолтой хэмээн судлаач эмэгтэй иш татав. Мөн тус сургуулийн “Natural Capital Alliance” түншлэлийн төлөөлөгч Тонг Ву энэ эрин зуунд булчинг сонгох чухал бус, улс орнууд хүйсийн тэгш байдал, тэнцвэрт харьцааг хэрхэн бодлогоор дэмжиж, зохицуулж байгаагаараа өрсөлдөх болно гэдгийг тэмдэглэж буйгаа илэрхийлсэн. Даян дэлхийн ногоон Хөгжлийн институт (GGGI)-ын Ерөнхийлөгч, ТУЗ-ийн даргын ахлах зөвлөх, Харилцаа холбоо, хамтын ажиллагааны шинжээч Дэйв Ким ногоон хөгжил рүү дэлхийн улс орнууд шилжиж, байгаль орчинд ээлтэй байх уриалгад нэгдсэн талаар танилцуулав. Улмаар Алтайн язгуурын хэлт улс орнуудын түншлэл нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд Азийн бүс нутаг тэргүүлэх үндэслэл болсон гэсэн дүгнэлт хийлээ. 


 
Г.Занданшатар: Улс орнууд хөгжих үү, хоцрох уу гэсэн сонголтын өмнө байна

Монгол Улсад дөрөв дэх удаагаа зохион байгуулсан "Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Тогтвортой хөгжлийн зорилго 17: Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх нь” уулзалтын үеэр 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлэв.  Тэрээр  “Өнөөдөр технологийн дэвшлийн үр дүнд хуулийн төслийг дөрвөн секундэд бичдэг боллоо. Гэтэл парламент түүнийг батлахад дөрвөн сар шаардагдана. Баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд магадгүй дөрвөн жил зарцуулж мэдэх юм. Тиймээс тухайн улс орон хөгжих үү, хоцрох уу гэсэн сонголтын өмнө хүрч ирээд байна. Хиймэл оюунгүй салбар байхаа больсон өнөө цагт иргэдийн төрд итгэх итгэлийг алдруулж буй авлига, шударга бус зүйлээс бүтээмэл оюуны тусламжтай гарч чадна. Монголчууд зөн билэгтэй ард түмэн учраас тэнгэрийн хүлэг морийг төрийн сүлдэндээ дээдлэн залж ирсэн учиртай. Бүтээмэл оюуныг цөөхөн хүний давуу эрх биш, иргэн бүрийн зэвсэг болгох зам бидний өмнө тодорлоо.Тиймээс төр, хувийн хэвшил, эрдэмтэд, иргэний нийгэм нэг баг болж, нэг зүгт алхах цаг ирлээ. Хөгжлийн төлөөх түншлэлийн утга учир үүнд оршиж байгаа учраас иргэдийн оролцоо, газрын ховор элемент, эмэгтэйчүүдийн манлайлалд жинхэнэ оюуныг ашиглахыг хүн бүрт уриалж байна. Энэ яриа хэлэлцээ тав дахь жилдээ үргэлжилнэ. Алтай дамнасан энэ индрийг бүтээмэл оюуны засаглалын байнгын түншлэл болгоё гэж урьж байна. Ирэх жил бид амласнаа биш, хийснээ ярина. Түншлээд, итгэлцээд, тогтвортой ирээдүй рүү хамтдаа урагшаа хэмээн уриаллаа. 

 

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Тогтвортой хөгжлийн зорилгыг нэг улс дангаараа хэрэгжүүлэх боломжгүй хамтдаа бүтээнэ

Тогтвортой хөгжлийн зорилго 17 – Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх” сэдэвт “Trans-Altai Sustainability Dialogue-2026” олон улсын хэлэлцүүлгийн “Хиймэл оюун ухаан, технологи ба хүртээмжтэй инноваци” салбар хуралдаанд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Монгол Улсын эрүүл мэндийн цахим шилжилт” сэдвээр илтгэл тавилаа. Иргэн төвтэй, нотолгоонд суурилсан, өгөгдөлд түшиглэсэн эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэх шинэ шатанд шилжсэнийг онцлов. 
 Тэрээр илтгэлдээ Монгол Улс эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан болон олон улсын HL7 FHIR стандартад нийцсэн эрүүл мэндийн мэдээлэл солилцооны тогтолцоог үндэсний хэмжээнд нэвтрүүлснээр иргэн төвтэй, нотолгоонд суурилсан, өгөгдөлд түшиглэсэн шинэ шатанд шилжсэн. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд 49.7 сая эрүүл мэндийн бүртгэл хадгалагдаж байгаа бөгөөд 2007 оноос хойших мэдээллийг бүрэн нэгтгэснээр Монгол Улсын 3.5 сая иргэний 20 жилийн хугацааны эрүүл мэндийн мэдээллийн тасралтгүй сан бүрдэх юм. Цаашид жил бүр 56 сая гаруй шинэ бүртгэл нэмж хуримтлагдаж, 2033 он гэхэд нийт 700 сая орчим бүртгэлтэй болох төлөвтэй байгааг танилцууллаа. Мөн энэхүү тогтолцоо нь эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг бодит цаг хугацаанд нэгтгэн ашиглах, өвчлөлийн чиг хандлагыг үнэлэх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, бодлого төлөвлөлт, судалгаа шинжилгээ, Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг нотолгоонд суурилан үнэлэх боломжийг бүрдүүлж байгааг онцолсон юм. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Тогтвортой хөгжлийн зорилгыг нэг улс дангаараа хэрэгжүүлэх боломжгүй. Харин мэдлэг, туршлага, технологио хуваалцаж, хамтран ажилласнаар бид илүү эрүүл, илүү хүртээмжтэй ирээдүйг хамтдаа бүтээнэ” гэлээ.  

 

Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын үйл ажиллагааг эрчимжүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга, Чингис хаан тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Н.Учрал “Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын харилцаа, хамтын ажиллагаа ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан өргөжин хөгжиж, харилцан итгэлцэл улам бэхжиж буйг онцлон тэмдэглээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор Монгол Улсад төрийн айлчлал хийхээр болсонд баяртай байгаагаа илэрхийллээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дорвитой хариу арга хэмжээ авах, хүний хөгжил болон жендэрийн тэгш байдлыг хангах, тусгай хэрэгцээт улс орнууд, тэр дундаа далайд гарцгүй улс орнуудад тулгардаг асуудалд онцгой анхаарал хандуулдаг байсанд Бан Ги Мүн даргад талархал илэрхийлэв.Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын шинэчлэлийн талаар танилцуулж, Монгол Улс энэ оны наймдугаар сард зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын (COP17) ач холбогдлыг онцлов. Мөн талууд БНСУ-ын санаачилгаар байгуулагдсан Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын Монгол Улс дахь үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.Түүнчлэн Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулиа баталсныг онцолж, уг хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй тогтоосон хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг баталгаажуулах нь Монгол Улсын ногоон шилжилтийг бодитоор дэмжих, олон улсын санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлнэ гэдгийг онцолжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 127 (7869)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn