П.ЛХАГВАЖАРГАЛ
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, шийдлийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад Үндэсний Номын сангийн сэргээн засварлагч, доктор О.Ангарагсүрэнг урьж ярилцлаа.
Судалгаагүйгээр сэргээн засварлах нэрээр, соёлын өвийг устгаж гэмтээж байна
-Монгол Улсын төрийн болон орон нутгийн байгууллагуудад буюу Соёлын өвийн үндэсний төв, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Чингис хаан Үндэсний музей, Хархорум музей, Үндэсний музей, Үндэсний номын сан, Өмнөговь аймгийн музейнүүдэд сэргээн засварлагчийн орон тоотойгоор соёлын өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын үйл ажиллагаа явуулж байна. Харин миний хувьд Япон улсын Киотогийн их сургуулийг соёлын өвийг сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын чиглэлээр 2021 онд докторын зэрэг хамгаалж, 2023 оноос Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаанд мэргэжилтэн, үүний сацуу Үндэсний Номын санд сэргээн засварлагчаар ажиллаж байна.
2011 онд 1300 жилийн өмнөх Түрэгийн үед холбогдох бунхан Булган аймгийн Баяннуур сумаас олдсон. Энэхүү бунхнаас илэрсэн ханын зургийг хэмжээгээр нь буулгахаар ажиллаж, улмаар бунхны археологийн малтлагын ажилд оролцсон юм. Ханын зургууд илэрснээс хойш тэрхүү ханын зургийг тухайн газарт нь яаж хамгаалах вэ гэдэг нэлээдгүй асуудлууд тулгарсан. Тухайлбал, ханын зураг ховхорч унах, нурах эрсдэл үүсэж, гэмтлийг тодруулах, хадгалж хамгаалах суурь судалгаа, төрөл бүрийн шинжилгээ хийх шаардлагатай болсон. Гэвч тухайн үед энэ чиглэлийн боловсон хүчин Монгол Улсад дутагдалтай байв. Иймд 2016 онд Япон улсын Киотогийн их сургуульд суралцахын сацуу Нарагийн соёлын өвийн үндэсний судалгааны хүрээлэнд туслах судлаачаар таван жил ажиллаж, Японы улсын “Улсын хамгаалалттай” соёлын өвийн чухал дурсгалууд дээр сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын дагалдан судлаач хийх боломжууд нээгдсэн. Одоогоор гурваас дөрвөн чиглэлийн судалгаа хийж байгаагийн нэг нь сүм хийдийн сэргээн засварлалт, хадгалалт, хамгаалалтын суурь судалгаа юм.
Байгаль дээр хэдэн зуун, хэдэн мянган жил ил байгаа дурсгалууд хүүхдийн зулай шиг эмзэг болсон байдаг. Хэрэв соёлын өв ярьдаг бол амиа тавих нь холгүй түүхүүдийг өгүүлэхээр болсон байна. Энэ чиглэлийн сэргээн засварлалтын хийсэн ажлуудыг харахад суурь судалгаа яагаад хийдэггүй юм бэ гэх асуудал гарч ирнэ. Судлахгүйгээр яаж сэргээн засварлаад байгаа юм бэ.
Соёлын өвийн сэргээн засварлалт, хадгалалт, хамгаалалтыг анагаахын шинжлэх ухаантай дүйцүүлж ойлгож болох юм. Хүн өвдөөд эмнэлэг дээр очиж эмчид үзүүлнэ. Эмч онош тогтоохын өмнө олон төрлийн шинжилгээ, нарийвчилсан үзлэгүүд хийсний дараа эмчлэх арга руугаа орно. Тэгвэл бутарч, хагарч, цуурч, нурсан соёлын өвийг эмчлэхийн тулд оношлохоор физик, хими, лабораторийн туршилт зэрэг олон талын шинжилгээ хийж ямар материалаар, ямар технологи ашигласныг мэдэх боломж бүрдэнэ. Энэ бол суурь судалгаа юм. Үүний үндсэн дээр өөрчлөлт орж буй гол шалтгааныг олж, түүнийг зогсоох, боломжгүй бол саармагжуулах арга хэмжээ авдаг. Хэрэв одоо л зогсоохгүй бол болохгүй гэмтэл үүссэн тохиолдолд мэс засал шиг яаралтай арга хэмжээ авч, бэхжүүлэх, тогтворжуулах арга хэмжээ авдаг.
Уран барилгын сэргээн засварлалтыг харахаар барилгын засварын ажил хийгдээд байгаа мэт. Барилгын засвар, соёлын өвийн сэргээн засварлалт бол асар ялгаатай зүйл юм. Хэрэв бид суурь судалгаагаа сайн хийвэл яаж сэргээн засварлах уу гэдэг алхмууд тодорхой болж эхэлнэ. Тодруулбал, нэг барилгын суурь судалгааг гурваас дөрвөн жил тасралтгүй хийснээр үр дүн гарна.
дэлхийн хүн төрөлхтний өвд бүртгэгдсэн Эрдэнэ зуу, Шанх, Төвхөн гэсэн гурван хийд байгаа
-УДБЭТ, Үндэсний номын сан зэрэг социализмын үед баригдсан уран барилгууд соёлын өвдөө бүртгэн авсан үл хөдлөх дурсгалууд мөн. Ийнхүү бүртгээд авсан тохиолдолд түүнийг соёлын өв гэж харах хэрэгтэй. Гэхдээ орчин цагийн материалаар хийгдсэн хэдий ч соёлын өвийн хувьд ямар үнэ цэнтэй гэдгийг томьёолж, тодорхойлох хэрэгтэй. Олон улсад уран барилгын үнэ цэнийг тодорхойлоход түүх, эдийн засаг, архитектурын гээд 40-50 үнэ цэнийг тодорхойлсон байдаг. Улаанбаатарын хотын түүхэн барилгууд тус бүрдээ нэг үнэ цэнтэй хэдий ч архитектурын шийдлээр хот төлөвлөлтөд цогцоороо нэг бүхэл үнэ цэнийг агуулдаг.
Өвөрхангай аймгийн Хорхорин сумын Шанхын баруун хүрээ хийдийг анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар 1647 онд байгуулсан. Үүнээс Ноён ламын гурван сүм бидний үед хадгалагдан ирсэн байна. Баруун дуганы будгийн судалгаа хийхэд Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод хэрэглэгдэж байсан улбар шар будгийг тэнд хэрэглэжээ. Энэ будаг Сарьдагийн хийд, Өвгөн хийд зэрэг барилгын хэсгээс илэрсэн байдаг. Иймд монголчууд будгаа өөрсдөө боловсруулж, XIX зууныг хүртэл соёлын өвдөө хэрэглэж иржээ. Тун бага хэсэг байсан ч энэ нь үнэ цэн агуулж байдаг тул тэр будаг, хээ хуарыг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал бий. Гэвч харамсалтай нь дээрээс нь орчин цагийн тосон будгаар будах, заримыг нь хусаж шинээр будсан барилгын засварын ажлууд олон сүмд хийгдэж, соёлын өвийг гэмтээж, устгаж буй хэлбэр юм.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 47 дугаар зүйлд анхны төрх, хийц бүтээцийг хадгалж үлдээх, аюулгүй, удаан хугацаанд хадгалах нөхцөлийг хангах хэмээсэн байдаг. Солонгос, Хятадын нийтлэг арга зүйд ижил төстэй найрлагатай будаг гаргаж дээрээс нь будаж сэргээж байна. Гэхдээ ямар түвшинд гар хүрэх вэ гэдгийг судалгаагаар зөв томьёолох хэрэгтэй юм. Тухайлбал, Баруун хүрээ хийдийн баруун талын дуганы зарим будаг хөндийрөөд ховхорч унах гэж байна. Үүнийг сэргээн засварлахдаа амьтны гаралтай цавуугаар цааш нь наах, унахаас сэргийлж бэхжүүлэх арга хэмжээг авах нь нь зөв юм.
Энэ жил 440 жилийн ой нь тохиож буй Эрдэнэ зуу хийдийн онцлог нь Уйгарын үед ашиглагдаж байсан эзэнт гүрний үеийн хотын туурь дээр баригдсан. 2005 оны үед Эрдэнэ зуугийн гол дуган дээр сэргээн засварлалт хийхдээ ханыг нь буулгаж, зарим баганыг сольсон. Гэтэл яагаад ингэж гар хүрэх болов, сэргээн засварлах шалтгаан, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний баримтуудыг шалгаж үзэх шаардлагатай байна. Учир нь тэр хана эзэнт гүрний үеийн барилгын хана байх магадлалтай юм. Цаашлаад эзэнт гүрний үеийн уран барилгын үлдэгдэл байсан юм биш үү. Энэ ханыг буулгахгүйгээр ямар арга авч болох байсан бэ гэх мэт олон асуудал яригдах бөгөөд энэ нь олон улсын зарчмыг харж болгоомжтой хандах нь зүйлтэй.

Сэргээн засварлалт нэрийдлээр барилгын засвар хийж түүнийгээ соёлын өвд бүртгэх нь олон улсын жишигт нийцэхгүй
-Соёлын өвийн сэргээн засварлалт, хадгалалт, хамгаалалтын салбарт боловсон хүчин дутмаг тул мэргэжлийн дуу хоолой бага байна. Тухайлбал, хууль эрх зүйн орчинд тодорхой бус зүйл нэлээд байна. Улсын, аймаг дүүргийн, сумын хамгаалалттай зэрэглэлийн түвшнийг тодорхойлоод Засгийн газрын тогтоолоор соёлын өвийг бүртгүүлээд байдаг. Аль ч улс зэрэглэлээ тогтоодог. Гэхдээ түүний ард сэргээн засварлалт хадгалалт хамгаалалтаа хэрхэн хийж, яаж ашиглах вэ гэдэг чухал. Чойжин ламын сүм, Эрдэнэ зуу гээд музейн зориулалттай ашиглаж байгаа дурсгалууд бий. Түүнчлэн байгалийн хүчин зүйл гарвал эрсдэл, менежментийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг тодорхойгүй байна.
Японд улсын “Улсын хамгаалалтын зэрэглэл”-д орсон барилгыг Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, холбогдох хүрээлэн, тухайн орон нутгийн тамгын газар, боловсрол, соёлын газар, сүм хийдийн өмчлөгч нар нийлж, эрсдэлийг тодорхойлж, суурь судалгаа хийдэг. Цаашлаад нэг сүм дээр гэхэд долоон жилийн сэргээн засварлалтын төлөвлөгөө гаргаж, тогтмол хийхэд 10 жил болж байх жишээтэй. Зардлын хувьд 50-аас дээш хувийг төрийн захиргааны байгууллага, тодорхой хувийг орон нутаг, эзэмшигч гаргаж, хамтын хүчээр хийдэг.
Харин манай улсад сүм хийдийн сэргээн засварлалтын ажил тун цөөн зарлагддаг. Асуудал гарахаар эхлүүлж байгаа дүр үзүүлээд хаядаг бус үндэсний хөтөлбөр болгож, тууштай ажилламаар байна. Түүнчлэн нэг жилийн дотор бүхэл бүтэн нэг сүмийг сэргээн засварлах тендер зарладаг нь системийн гажуудал. Энэ бол боломжгүй зүйл. Тиймээс хэсэгчилж тендер зарлаж, боловсон хүчин хүрэлцээгүй, тоног төхөөрөмж дутмаг бол гадаадын мэргэжилтнүүдийг урьж, өөрсдийн боловсон хүчнийг өндөр хөгжилтэй улсад бэлтгэж болно.
Японы нэг сүмийг арван жилийн хугацаанд сэргээн засварлахад 3 их наяд, 256 тэрбум төгрөг орох төлөвлөгөө гарсан байгаатай сая танилцаад ирлээ. Монгол Улсын өнөөгийн эдийн засаг, төсөвт энэ хэмжээний зардлыг гаргаж, сүм хийдийн уран барилгыг сэргээн засварлах боломжгүй тул гадаадын орны тусламж дэмжлэг авахаар Засгийн газар хоорондын хэлэлцээр хийж болох юм. Гэхдээ үүнийг төрийн захиргааны байгууллага санал болгож, дэвшүүлж, санаачилгатай ажиллах нь чухал байна.
Түүнчлэн сэргээн засварлалт нэрийдлээр барилгын засвар, сэргээн босголт хийгээд байна. Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын Төвхөн хийдийн сүмүүдийн сэргээн засварлалтын ажил 1990-ээд оноос эхэлж, 2001 оны үед Гэгээрлийн яамны санхүүжилтээр сэргээн засварлагдсан гэдэг. Барилгуудыг хамгийн сүүлд бүтэн байх үеийн зурагтай нь харьцуулж үзэхээр өөр буюу харьцаа алдаж, модон дээврийг төмөр болгож, өнгө будгийг нь өөрчилж түүнийгээ соёлын өв гээд бүртгэсэн жишээтэй. Гэтэл олон улсын жишигт нэгэнт байхгүй болсон дурсгалыг шинээр босгохдоо хуучин хэлбэр, хэмжээг нь баримтлаад ямар байсан тэр хэвээр нь бариад соёлын өвд бүртгэж авахгүй байх тохиолдол бий. Учир нь үзүүлэнгийн зориулалтаар 3D хэлбэрээр үзүүлж, зураг, анимейшн байдлаар хүргэж, биетээр босгож болно. Харин манайд сэргээн засварлалт нэрийдлээр сэргээн босголт, барилгын засвар хийж, түүнийгээ соёлын өвд авчихаар эвдэрч муудахаар засаж болдоггүй. Энэ бүхнийг өөрчилж, тодорхой болгох шаардлагатай байна.
Олон улсад соёлын өвийн сэргээн засварлалтын компани байгуулаад ажиллах эрх зүйн орчин бүрдсэн байдаг бөгөөд улсаас зарласан тендерт өрсөлдөж ажилладаг. Гэтэл манай улсад зөвхөн уран барилгын сэргээн засварлалтын тендер зарлагддаг. Хэрэв музейн үзмэр, номын сангийн баримтад өвийг сэргээн засварлах тендер зарладаг бол энэ салбарын боловсон хүчин оршин тогтнох, хөгжих боломж бүрдэж нэг талаараа системийн гол хэсэг хөгжих хөшүүрэг болж өгөх юм. Мөн шинэ боловсон хүчнүүдийн ажлын байр үүснэ.
Мөн өдгөө энэ салбарт ажиллаж буй хүмүүс гар хүрсэн бүхэн, хийсэн аргачлал бүрээ тэмдэглэж тайлан болгож үлдээж, хариуцлагатай хандах ёс зүйтэй байх хэрэгтэй. Ирээдүйд өөр нэг сэргээн засварлагч таны хийсэн зүйлийг тэр тайлангаас мэдэх нь чухал бөгөөд мэдэхгүй зүйлдээ гар хүрэлгүй зогсох ёс зүйтэй байх нь чухал юм. Бид соёлын өвийг хамгаалах үндсэн зарчим баримталдаг болохоос түүн дээр туршилт хийж болохгүй.
Орхоны хөндий дэх нүүдлийн мал аж ахуйг хамгаалж, хослуулсан шинэ хотын үзэл баримтлал, төлөвлөлт боловсруулж, амжилттай хэрэгжүүлснээр олон улсын өмнө жишиг болон яригдах бүтээн байгуулалт болно
-Соёлын өвийг хамгаална гэдэг зөвхөн соёлын өвийн сэргээн засварлагч нарын хийдэг ажил бус юм. Энэ бол тодорхой төрийн бодлого, ард иргэдийн ойлголт, мэргэжилтнүүд гээд үндсэн системээрээ ажилладаг. Соёлын өвд хайхрамжгүй хандаж, нэрээ бичиж хагалж бутлахаас гадна шашин шүтлэгийн нөлөөгөөр сүү, шар тос өргөж биологийн гэмтэл учруулдаг. Үүнд ард иргэдийн суурь боловсрол, соён гэгээрлийн ажил дутагдаж байгаа бөгөөд соёлын өвийн үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах нь эргээд бүх нийтээрээ хамгаалах тогтолцоо үүсэх хэлбэр юм. Цаашлаад ерөнхий боловсролын сургуулийн физикийн хичээл дээр соёлын өвийн гэмтлийн хөлдөлт гэсэлт, хуурайшилт зэргийг агуулгаар нь уялдуулж зааж болох юм.
Хүн бүрийн гэрт соёлын өв хадгалагдаж байдаг. Тухайлбал, Япон улсад 50 жилийн настай эд байвал соёлын өвд бүртгэгдэх эхний алхам бүрдсэн гэж үздэг. Иймд өвөө эмээгээс үе дамжин өвлөгдсөн судар ном зэргийг хайрлаж хамгаалж, авдар савыг хамаагүй угааж гэмтээж болохгүй бөгөөд үнэ цэнийг нь бууруулах эрсдэлтэй юм.
Суурь судалгаагаа хийх тусам соёлын өвийнхөө үнэ цэнийг ойлгож эхэлдэг. Нөгөөтэйгөөр бидний энэ ондоошил Монголыг зорин ирж буй жуулчдын сонирхлыг татаж, ам бардам ярих онцлог болох юм.
Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нь 2004 онд Монгол Улсаас анх удаа дэлхийн хүн төрөлхтний өв болж бүртгэгдэж, байлаа. Харин өнөөдөр хүн төрөлхтний соёлын өвтэй зэрэгцэн шинэ хотын бүтээн байгуулалтын ажил яригдаж байна. Тиймээс уг бүтээн байгуулалт нь тэрхүү соёлын өвийн үнэ цэнийг алдагдуулах эрсдэлтэй үүсгэх магадлалтай гэдгийг сайтар бодолцож ЮНЕСКО-гийн дэмжлэгтэй Дэлхийн өвийн хорооны мэргэжлийн шинжээчдийн эрсдэлийн үнэлгээ хийж, ажиллаасай гэж хүсэж байна.
Орхоны хөндийн соёлын дурсгалт газар гурван шалгуураар дэлхийн өвд бүртгэгдсэн юм. Тодруулбал, нүүдлийн болон суурьшмал соёл иргэншилтэй хосолсон гэх эхний шалгуурт буй хамгийн эмзэг нүүдлийн мал аж ахуйг хамгаалж авч үлдэх шаардлага тулгарч байгаа юм. Хот гэдгийг дан ганц байшин барилга, зам гүүр, үйлдвэр гэж харж төлөвлөж болохгүй байх. Харин 500 мянган хүн амьдрах хот барилаа гэхэд хэчнээн малчин Орхоны хөндийдөө амьдарч, мал нь бэлчиж болох вэ гэдгийг эхэлж харах нь чухал юм. Тодорхой тооны газрыг улсын хэрэгцээнд авч, юу ч төлөвлөхгүйгээр нүүдлийн соёлын хамгаалах орон зайг хэвээр хамгаалж үлдээх нь магадгүй шинэ хотын төлөвлөлтийн нэг хэсэг ч байж болно. Үндэстний ондоошил, соёлын өвийн дархлааг тээж яваа цөөн хэдэн малчдын асуудлыг томоор харах нь чухал юм.
Хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн дэлхийн өвийн дурсгалын үнэ цэн алдагдсан тохиолдолд хасагддаг. Тодруулбал, Оманы Султан улс улсын тусгай хэрэгцээнд авсан газрынхаа 90 хувийг буцаан ашиглаж, Герман улс дурсгалт газраа гүүр барьж, Англи улс усан боомт байсан дурсгалт газраа хөл бөмбөгийн цэнгэлдэх барьж дурсгалт газрын эх төрх, бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан хэмээн жагсаалтаас хасагдсан байдаг.
Иймд Орхоны хөндий дэх нүүдлийн мал аж ахуйг хамгаалж, хослуулсан шинэ хотын үзэл баримтлал, төлөвлөлт боловсруулж, амжилттай хэрэгжүүлснээр олон улсын өмнө жишиг болон яригдах бүтээн байгуулалтыг хийх юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 127 (7869)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn