Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр болж, нэг гомдлыг хэлэлцлээ.

Сүүлийн үед үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой мэдээлэл цахим орчинд түгэх болсон. Энэ сэдвээр энэ оны гуравдугаар сард ТВ5 телевизийн албан ёсны фэйсбүүк хуудсаар түгээсэн мэдээлэлтэй холбогдуулан нэгэн гомдол иржээ.

Тодруулбал, нэгэн ээж тавдугаар ангийн хүүхэд нь сүүлийн хоёр жилийн турш үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн тухай мэдээллийг ТВ5 телевизийн сэтгүүлчид өгсөн байна. Түүний хэлснээр хүүхдийг ангийнх нь хүүхэд удаа дараа дээрэлхсэн бөгөөд сургуулийн удирдлага, багш, нийгмийн ажилтан болон холбогдох хүүхдийн эцэг эх энэ асуудлыг үл ойшоож, зогсоох арга хэмжээ аваагүй гэжээ. 

Сэтгүүлч уг мэдээллийг ТВ5 телевизийн албан ёсны фэйсбүүк хуудсаар тав орчим минутын видео хэлбэрээр түгээсэн байна. Ингэхдээ өөрт нь хандсан ээжийн хэлсэн мэдээлэлд тулгуурлан “тус сургуулийн тавдугаар ангийн хүүхэд үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн байна, сургуулийн удирдлага, багш нар энэ асуудлыг анхааралдаа авч, арга хэмжээ авна уу” гэсэн агуулгатайгаар олон нийтэд хүргэжээ.

Гэтэл уг мэдээлэлд буруутгагдсан хүүхдийн эцэг эхийн үзэж буйгаар ТВ5 телевизийн  сэтгүүлчийн түгээсэн мэдээлэл худал бөгөөд хүүхдүүдийн үл ойлголцол, санамсаргүй алдааг олон жилийн турш үйлдсэн санаатай үйлдэл мэтээр мушгин гуйвуулж ярьсан гэжээ. Энэхүү худал мэдээлэл нь бага насны хүүхдийн эрх, сэтгэлзүй, нийгмийн харилцаанд ноцтой хохирол учруулсан хэмээн үзэж Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргасан байна. 

Ёс зүйн хороо гомдлыг хэлэлцээд ТВ5 телевизийн редакц мэдээллээ хангалттай нягталж, баримтаар баталгаажуулаагүй гэж үзлээ. Сэтгүүлч мэдээллийг бэлтгэхдээ сургуулийн захирал, нийгмийн ажилтан, ангийн багш, холбогдох хүүхдийн асран хамгаалагч зэрэг чухал талуудаас тайлбар, байр суурь аваагүй, зөвхөн нэг талын байр сууринд тулгуурлан олон нийтэд мэдээлсэн тул “Ёс зүйн зарчим”-ын 1.1 болон 1.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэв. Харин уг мэдээлэлд нийгэмд байдаг ялгаварлан гадуурхах хандлага, сөрөг хэвшмэл ойлголтыг дэвэргэх агуулга байхгүй, хэн нэгэн тодорхой этгээдийг нэрлэн, гэмт хэрэг үйлсэн сэжигтэн мэтээр илэрхийлээгүй тул 3.2 болон 4.2 дахь заалтуудыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэлээ.

Хэвлэл мэдээллийн байгууллага нь насанд хүрээгүй хүүхдийн талаарх эмзэг сэдвийг хөндөхдөө сэтгүүл зүйн мэргэжлийн хэм хэмжээ, ёс зүйн зарчмыг онцгойлон баримтлах шаардлагатай. Телевизийн цахим сувгийг ашиглан сэтгүүлч, редакцын гишүүний хувийн үзэл бодол, таамаг, байр суурийг сэтгүүл зүйн бүтээл мэтээр түгээх нь зохисгүй, мэдээлэл бүрийг редакцын хяналт, нягтлан шалгалтаар дамжуулан нийтэлж байхыг Ёс зүйн хороо редакцад зөвлөлөө.

 Мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:

1.1 - Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ.

1.2 - Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ.

1.5 - Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана.

3.2 - Хэвлэл мэдээллийнхэн нийгэмд оршиж байгаа хэвшмэл ойлголтуудыг улам дэвэргэхээс зайлсхийнэ.

4.2 - Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй.

 Мэдээллийг бэлтгэсэн: Ц.Янжмаа

Эх сурвалж: www.mediacouncil.mn