Б.Золбоо

Монголчуудын соёл, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болох уртын дууны гайхамшгийг хойч үедээ өвлүүлэн үлдээсэн эрхэм бол 20-р зууны манлай уртын дуучин Жигзавын Дорждагва билээ. Тэрээр Хурх, Биндэр, Баянбараат, Боржигон, Хар дэл зэрэг таван аялгууг нэгтгэн дуулж, уртын дууны дэг жаягийг хадгалан, өвлүүлсэн хосгүй гавьяатай нэгэн юм. Тэгвэл энэхүү агуу эрхмийн намтар, уран бүтээлийг нарийвчлан судалж, баримтат өвийг нь олон нийтийн хүртээл болгох ажилд шамдаж буй хүн бол “Удмаа дээдэлье” ТББ-ын тэргүүн, соёл судлалын доктор Ц.Наранчимэг юм. Түүний Ж.Дорждагва судлалд хувь нэмэр оруулсан нөр их хөдөлмөр болоод бусад зүйлсийн талаар ярилцсаныг “Зууны мэдээ” сонин энэ удаа онцлон хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол уртын дууны дэг соёлыг хадгалж, өвлүүлэхэд их дуучин Ж.Дорждагвын оруулсан хувь нэмрийн талаар энэхүү яриагаа эхэлье? 
-Уртын дууны дэг жаягийг өвлөн, түгээн дэлгэрүүлсэн нэгэн эрхэм бол Ж.Дорждагва юм. Энэ хүний тухай бие даасан судалгаа Монгол болон олон улсад ховор байдаг. Харин түүнтэй ярилцлага хийсэн тохиолдол цөөнгүй бий. Тухайлбал, Жамцын Бадраа, Жамбалын Энэбиш нар 1983, 1987 онд Ж.Дорждагватай ярилцлага хийсэн. 1987 онд Жамцын Бадраагийн хийсэн ярилцлагыг Н.Жанцанноров 2005 онд “Их дуучны яриа” хэмээх ном болгож хэвлүүлсэн. Удаагаар нь Ж.Энэбишийн ярилцлага 2014 онд буюу Ж.Дорждагвын 110 жилийн ойг тохиолдуулан “Их дуучны яриа 2” гэх ном гаргасан. Эдгээр ярилцлага нь судалгааны өв болж үлдсэнээрээ онцлогтой юм. Яагаад гэвэл монгол уртын дууны түүх, намтар болон дуучдын түүх, арга барилын тухай тэрхүү ярилцлагад үлдсэн байдаг. 
Ж.Дорждагва гэх хүн уртын дууны дэг соёлыг хадгалан, өвлүүлснээрээ түүхэнд гавьяатай нэгэн юм. Яагаад гэвэл тэрээр Ц.Чимэдцэрэн, М.Дугаржав, Б.Лувсангомпил, С.Гомбо, Г.Поврон гэх таван багшийнхаа эрдмийг  өвлөн авч, таван өөр аялгууг сурсан нь түүнийг хэр цараатай дуучин гэдгийг илтгэнэ. Мөн мянга гаруй дууны сан хөмрөгтэй авьяаслаг дуучин шүү дээ. Гэвч бидэнд түүний энэ баялаг дууны өв сангаас цөөн дуу уламжлагдан үлдсэн. Ардын жүжигчин Д.Түвшинжаргал, А.Нэргүй, Ш.Чимэдцэеэ, Гавьяат Жүжигчин Б.Сарантуяа зэрэг цөөн хэдэн шавь нар нь түүний эрдмээс өвлөсөн юм.

-Та энэхүү эрхмийн намтар, гавьяаг  тусгайлан судалсан хүмүүсийн нэг. Судалгааны ажлын гол зорилго юу байв?
-Ж.Дорждагвын тухай бичсэн нийтлэл, ярилцлага зэрэгт намтартай нь холбоотой баримтууд бий. Харин тэдгээрийг судлаачдад судалгааны эх хэрэглэгдэхүүн болгох үүднээс судалгааны ажилдаа цуглуулан эмхэтгэсэн. Нөгөөтээгүүр уг судалгаа соёлын өвийг хадгалан үлдээхэд чухал хувь нэмэртэй гэж бодож байна. Докторын судалгааны ажилдаа түүний намтар, түүхийг аль болох бүгдийг нь багтаах гэж хичээсэн. Ж.Дорждагвын уртын дууны дэг сургуулийг яаж өвлөн үлдэх вэ гэдэг энэхүү судалгааны ажлын хамгийн чухал зорилго юм.


-Түүний авьяас хэзээнээс тодорч, уртын дуучин болох замнал нь эхэлснийг манай уншигчдад сонирхуулаач?
-Ж.Дорждагва гуайг есөн настай байхад ээж нь Онгийн хийдэд лам болгохоор дагуулж явсан. Гэвч аав Жигзав нь хүүгийнхээ цээл сайхан хоолойг анзаарч, “Миний хүү дуучин болох юм байна” гэжээ. Ингээд анх хүүгээ ардын дуучин Ц.Чимэдцэрэнд шавь оруулсан юм. Ж.Дорждагва багшийгаа найр, наадамд дуулахаар явах бүрд дагаад явж байдаг бяцхан лам хүү байв. Тэгээд түүнийг Онгийн хийдээс Их Хүрээнд ирж суурьшихтай зэрэгцэн сүм хийдүүдийг нурааж, лам нарын хувьд хүнд цаг тохиосон юм. Ах Ж.Жигмэд нь “Миний дүү одоо энгийн хүн болох хэрэгтэй” гэжээ. Ингээд тэрээр ламын шар орхимжоосоо салж, ноос ялгах ажил хийж эхэлсэн юм. Дараагаар нь хэвлэх үйлдвэрт ажиллаж бичиг, үсэг сурсан. Удалгүй ах нь түүнд Улсын төв театрт очиж, дуучны сонгон шалгаруулалтад орохыг санал болгожээ. Тэгээд Ж.Дорждагва уг шалгаруулалтад тэнцэж, дуучин болсноор уртын дуунд бүх насаа зориулсан юм.

-Тэр бусад дуучдаас юугаараа онцгойрч, “Зууны манлай уртын дуучин” гэх өндөрлөгт хүрсэн бэ?
-1999 онд “20-р зууны манлай уртын дуучин” гэх номинацийг “Зууны мэдээ” сониноос гаргаж байлаа. Мөн уг номинацид эрэгтэй, эмэгтэй дуучин шалгаруулах санал ирсний улмаас Ж.Дорждагва, Н.Норовбанзад нарт тус тус энэхүү хүндтэй цолыг олгосон юм. 
Ж.Дорждагва таван багшийнхаа эрдмийг өвлөсөн төдийгүй шашны агуулгатай хориглогдсон дууны өвийг хадгалан үлдээснээрээ гавьяатай учраас “20-р зууны манлай уртын дуучин” гэх алдрыг хүртэхгүй байх аргагүй юм. 1925 онд шашны агуулга бүхий уртын дууг хориглох шийдвэр гарч байсан. 1968 онд Ж.Дорждагва гуай тухайн үеийн Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Жалан-Аажавтай уулзаж, кассетанд хуулсан шашны агуулгатай дуугаа өгчээ. Тэгэхэд нь Жалан-Аажав кассетыг архивдаа хадгалж үлдээсэн. Түүнээс хойш 1983 онд радиод ажилладаг архивчид тэрхүү кассетыг дахин сэргээж, “Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ж.Дорждагвын шашны холбогдолтой дуунууд” хэмээн нэрлэсэн юм. 
Би судалгааны ажлын журмаар тэрхүү кассетыг олж үзэхээр радиогийн архивын сан хөмрөгт очсон. Хоёр, гурван өдөр эрж хайсаар хамгийн сүүлийн жижигхэн хайрцгаас гарч ирсэн нь хачин юм шүү. Тэгээд кассетыг сонсож үзтэл нийт зургаан хориглогдсон дуу байсан.


-Тухайн үед хориотой байсан зарим дууны тухай ямар судалгаа хийсэн бэ. Хориглох шалтгаан юу байв? 
-1930-аад оноос тэр үеийн нэрт дуучид үндэснийхээ дуу хөгжмийг орчин цагийн арга техник ашиглан пянзанд бичүүлсэн түүхтэй. Тодруулбал, 1934 оны арваннэгдүгээр сард М.Дугаржав тэргүүтэй дуучин Ж.Дорждагва, Ц.Төмөр, Д.Ичинхорлоо, хөгжимчин Д.Түдэв, лимбэчин Л.Цэрэндорж нар Зөвлөлт Холбоот Улсад очиж пянзанд монгол дуу болон хөгжмөө бичүүлж тэдгээр авьяас төгөлдөр хүмүүсийн дуу хоолой мөнхөрсөн хэдий ч “дуулахыг хориглосон" учир устгагдсан байдаг.
1938 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн Ардын Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайдаас гаргасан 245 дугаар тушаалд "... Үүний урьд гаргасан пянз ба урт, богино дуунуудыг хянаж үхээд гаргасан тогтоолд: Шашны тухай дууг "Эфирт гаргахыг хориглоно" гэж зааснаар хаалттай фондод хадгалагдах болжээ. Уг тогтоолд: 
Нэгдүгээр зүйл; ... эсэргүү Д.Түдэвийн 31,  Л.Цэрэндоржийн 14 пянзнуудыг албан байгууллага, хүмүүсээс хэрэглэх ба худалдааны газруудаас худалдаалахыг шууд хориглон зогсоож, хүчингүй болгосугай. 
Хоёрдугаар зүйл; ...Ардыг Гэгээрүүлэх Яамнаас 25, 26 онуудад зарим урт ба богино дууг нотын аялгууны хамтаар хэвлэн нийтлүүлсний дотор зарим дуунуудад хувьсгалаар бут цохигдсон феодал ёст байдлыг гүнзгийгээр магтаж сайшаасан буюу хүссэн хийгээд эсэргүү нарын зохиосон дуунууд буй тул... урт богино дуунуудыг хэрхэх тухай хэлэлцээд тогтоох нь: 
1. "Сандуйтай мод" хэмээх нь "Санхуй хуар лянхуагийн цэцэг Бурханы чимэг"; 
2. "Найман тахил есөн эрдэнэ Бурханы чимэг" хэмээсэн; 
3. Арван хоёр жил хэмээх нь "Хөх тэнгэр дээгүүр хүржигнээд байдаг Хүч ихтэй луу таван жил"; 
4 "Очир дарь" хэмээх нь "Очир ламдаа мөргөөрэй"; 
5. "Авралын дээд" хэмээх нь "Аврал дээд Богд ламдаа Өлмий лянхуа бадраад Эрдэнэт сэцэн үүрд амьдаар бадарсаар байдаг буй" гэх зэргээр өгүүлжээ. 
Гуравдугаар зүйл: ... Урт дуунуудын дотор эртнээс нааш ард нийтийн алдаршсан дуунууд "Түмэн эх", "Урт сайхан хүрэн", "Замбатив", "Эртний сайхан", "Хээр халтар" эдгээр таван дуунуудын үгийн дотор Бурхан шашин ба феодалын ёсыг магтсан бадаг шүлгүүдийг засварлан батлуулж, хэвлэн нийтлүүлж, хэрэглэхийг Уран сайхны хүрээлэнд даалгасугай;
Дөрөвдүгээр зүйл, ... Урт богино дуунуудын нотыг хүчингүй болгохын гадна шинээр зохиогдсон дуунууд ба утга найруулга сайтай дуунуудыг түүвэрлэн эмхэтгэж, нотын дэвтрийг хэвлүүлэн гаргахыг Уран сайхны хүрээлэнд даалгасугай хэмээсэн байна. 
Хориглогдсон, бичигдээгүй дууны аялгууг авч үлдэх, хадгалах, шинэчлэн бүтээх үйл явц нь Монголын соёлын түүхэнд олон сорилтуудыг даван туулж оноог хүртэл уламжлагдан үлдэхэд Ж.Дорждагвын гүйцэтгэсэн үүрэг асар их билээ. Ялангуяа бурхны шашны дуунуудыг Ж.Дорждагва цээжиндээ хадгалж үлдсэн ба уран бүтээлчид, дуучидтай хамтран зарим дууны үг, аялгууг өөрчлөн шинэчилж, баяжуулан, шинэ дууны хэлбэрийг бий болгох замаар уламжлалаа хадгалж үлдэхэд чухал хувь нэмэр оруулсан.


-Орчин үед уртын дууны ая хэмнэл, үгийг өөрчлөн дуулж байгаа талаар судлаач хүний хувьд юу гэж боддог вэ? 
-Монголчуудын бусад улс, үндэстнээс ялгарах соёлын өв бол уртын дуу юм. Уртын дууны дэг жаягийг өөрчлөлгүй уламжлуулан үлдээх нь чухал гэж боддог. Өнөө үед Монгол ардын дуу, уртын дууг өөрчлөн эвдэж дуулах нь түгээмэл болжээ. Судлаач, доктор Д.Оюунцэцэг “Уртын дууны дэг соёл гэдэг бол нэг хүний хоолойгоор дэглэгддэг зүйл” гэж хэлсэнтэй санал нийлдэг.  Яагаад гэвэл уртын дууг хоршиж бус ганцаар дуулахад тухайн дуучны хоолойн цараа, шуранхай, нугалаа бүр нарийн сонсогддог. Уртын дууг өөрчлөн дуулна гэдэг дэг жаягийг нь алдагдуулж буйн илрэл учраас их эмзэглэж явдаг.


-Ж.Дорждагвын уртын дууны дэг сургууль өдгөө сургалтын орчинд хэрхэн уламжлагдаж байна вэ?
-Сүүлийн үед уртын дуу сурч буй хүүхдүүдэд орчин үеийн дуучдын дууг сонсгож, сургадаг болжээ. Ж.Дорждагвын дуулсан шиг дуулж хараахан чадахгүй байна. Н.Жанцанноров хэлэхдээ, “Ж.Дорждагва гуай Бетховентой адил” гэсэн юм. Яагаад гэвэл Бетховен өрнө, дорнын симфони зохиогчидтой уулзаж, тэднээс суралцсаны үр дүнд өөрийн арга барилыг боловсруулан шилдэг симфониудыг зохиосон. Үүнтэй адил Ж.Дорждагва таван багшийнхаа эрдмийг өвлөн авч, таван өөр аялгууг нэгтгэн дуулсан хосгүй авьяастан юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 126 (7868)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn