Ч.Бямбаа
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын цахим тасалбарыг enaadam.mn сайтаар долдугаар сарын 1-ний өглөө 07:00 цагаас худалдаалж эхэлсэн. Гэвч тасалбар ердөө зургаан минутын дотор бүрэн зарагдаж дууссан байна. Үүний улмаас “Наадмын тасалбар авч чадсангүй” гэх иргэдийн бухимдал нийгэмд үүсээд буй. Нэг хүн олноор нь худалдан авч дамлан зарж, үнэ нь тэнгэрт хаддаг үзэгдэл энэ жил ч мөн дахиад л давтагдлаа. Бүх тасалбар болон урилгыг комиссоос тогтоосон үнийн дагуу зарна. Наадмын тасалбарыг үнэ хөөрөгдүүлж зарж, борлуулахгүй байхыг Шадар сайд Н.Номтойбаяр уриалсан.
Иргэдийн зүгээс "Цахимаар худалдаалж эхлэхэд нь орсон ч худалдаж авах гээд амжсангүй", “Өглөө 07:00 цагт сэрүүлгээ тавиад, яг л цагтаа ороход түгжээтэй байсан” гэх зүйлийг ярьж байна.
Энэ жил наадмын нээлт, хаалтын тасалбарыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын байрлалаас хамаараад 136.500-157.500 төгрөгөөр худалдаанд гаргасан юм.
Наадмын нээлт, хаалтын тасалбар зарагдаж дууссанаас 4-5 цагийн дараагаас иргэд маш олон тоогоор дамлан зарж эхлээд байна. Олон нийтийн сүлжээн дэх зараас харвал нэг тасалбар дунджаар 450-700 мянган төгрөгт хүрээд байна. Энэ үнэ цаашид хэд хүртэл нэмэгдэхийг таашгүй.
Наадмын тасалбар анхны үнээсээ 2-3 дахин үнэтэй зарагдаж эхэллээ
Тасалбар дамлаж буй иргэдийн ярьж буйгаар долоодугаар сарын 3-наас Монгол шуудангаар хүргэлт хийгдэж эхлэх бөгөөд ширхгээр болон нэг дор, дараалсан 10-н суудлын тасалбарыг зарах боломжтой гэв. Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос мэдээлэхдээ нэг хэрэглэгч 1-2 тасалбар авах боломжтой гэж байсан боловч хоёрдогч зах зээл дээр олон тоогоор, анхны үнээсээ гурав дахин үнэтэй зарагдаж эхэллээ.
Одоогоор тасалбарыг биетээр тарааж эхлээгүй байгаа. Долоодугаар сарын 3-ны өдрөөс 10-ны өдрийн дотор “Монгол шуудан” ХК нь хэрэглэгчийн Enaadam.mn-д бүртгэлтэй хаягт хүргэх болон шуудангийн салбаруудаар түгээх юм. Харин дамлан зарж буй иргэд энэ сарын 3-наас шуудангийн салбарууд дээр уулзаад авах боломжтой гэсэн.
“Наадмын тасалбарыг зохион байгуулалттай шагчид ихэнхийг нь авчихдаг”
Дээрх асуудлын талаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал асан Ж.Энхжаргалан “Наадмын тасалбарыг зохион байгуулалттай шагчид ихэнхийг нь авчихдаг юм. Тэгээд үүдэндээ сая, сая төгрөгөөр зардаг. Энэ жил наадмын тасалбараа задалж онлайнаар борлуул гэдэг санал хэлсэн ч огт тоогоогүй. Цэнгэлдэх хүрээлэнгээ томруулахаас нааш энэ асуудал шийдэгдэхгүй. Би Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиралаар нэг жил ажиллахдаа настай ээждээ ганцхан тасалбар авах гээд чадаагүй. Гэтэл стадионы гадаа хүмүүсийн гар дээр 700-800 мянган төгрөгөөр тасалбарууд олноороо зарагдаж байсан. Энэ жил шаг нь сая төгрөг хүрэхийг үгүйсгэхгүй” гэжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 125 (7867)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn