М.Намунбайгал

Монголын Кино Урлагийн Зөвлөлөөс энэ жил Каннын Олон Улсын 79 дэх удаагийн кино маркетын хүрээнд “Монгол кино төсөл” танилцуулах үйл ажиллагааг гурав дахь жилдээ зохион байгуулж, бүрэн хэмжээний кино, баримтат кино, анимейшн зэрэг найман монгол уран бүтээлчдийн төслийг Каннын дэлгэцнээ танилцуулсан билээ. Тэгвэл “Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Дугаарын зочин”-оор уг үйл ажиллагаанд “Жинжийгийн төрсөн өдөр” кино төслөөрөө оролцсон найруулагч Б.Тамирыг урьж, ярилцлаа.

 

-Энэ жилийн Каннын наадмын өнгө аяс ямар байв. Өмнөх жилүүдээс юугаараа онцлог байсан бэ?
-Энэ жилийн уралдааны үндсэн хэсэгт Холливудын арилжааны бүтээлүүд, том хэмжээний кино студийн бүтээлүүд ороогүй. Гол төлөв бие даасан уран бүтээлчдийн бүтээл цугларсан онцлог жил болж өнгөрлөө. Монгол уран бүтээлчдийн маань хөгжүүлж буй төслүүд нь түлхүү Монголынхоо онцлог, өвөрмөц шинжийг харуулахыг зорьсон бүтээлүүд байсан. Бүгд л өөрсдөдөө тулгараад буй асуудлын талаар хөндсөн сэдэвтэй, чанарын хувьд мөн бусад хөгжиж буй орнуудын бүтээлээс ялгаагүй байлаа.


-“Сэр сэр салхи”, “Баавгай болох сон” зэрэг кинонуудад таны дурдсан монгол ахуй, дүр төрхийг тун сайн харуулсан. Гэвч цаашид зөвхөн энэ талыг барьж явах нь зарим талаараа Монголтой шинэ тутам танилцаж буй дэлхий дахинд биднийг нэг л дүр төрхөөр харуулах талтай юу? 
-Би энэ тал дээр бага зэрэг эмзэглэж явдаг. Яагаад гэвэл бид ихэвчлэн “Lost in Translation”, “Before trilogy”, “Little Miss Sunshine” зэрэгдүрд төвлөрсөн, хувь уран бүтээлчийн бие даасан (indie) кинонуудыг үзээд кинонд дуртай болж эхэлдэг шүү дээ. Тэр ч утгаараа миний хувьд энэ төрлийн сэдэвтэй киног Монголдоо, өөрсдөө хийдэг болох юм сан гэсэн бодолтойгоор анх кино найруулагч болох зорилгыг өөртөө тавьж, кино хийж эхэлсэн. 
Одоогийн хөгжүүлж байгаа төсөлдөө ч яг л бидний үеийн залуучуудын амьдрал, бэрхшээл, дотоод зөрчлийг хэтрүүлэггүйгээр харуулж, дээр дурдсан кинонуудын жишгээр хөнгөн, бие даасан төрлийн кино хийхийг зорьж байгаа. Гэвч асуудал нь ийм төрлийн кино баруунд ч ялгаагүй хийгддэг учир энэ төрлийн сэдэвтэй кинон дээр хамтран ажиллах, санхүүжүүлэх сонирхолгүй байдаг. Аль болох л  өмнө нь харж байгаагүй, өвөрмөц, хэтрүүлж хэлбэл зовлон үзэж байгаа зүйлсийг л сонирхдог. Иймд бусад орныхон монголчуудын талаар өрөөсгөл ойлголттой болж үлддэг талтай. Энэ өрөөсгөл ойлголтыг л эвдсэн уран бүтээл хийхийг зорьж байна. “Сэр сэр салхи”, “Баавгай болох сон” кинонууд энэ үүд хаалгыг маань зөв нээж өгсөн гэж харж байгаа. Монгол ахуйг харуулахдаа хэт туйлшралгүй, өдөр тутмын амьдрал дахь бэрхшээлийг ч тод харуулж өгсөн.


-Каннын наадамд явснаар таны уран бүтээлд ямар ахиц гарсан бэ. Төсөл нь одоо ямар шатандаа явж байгаа вэ?
-Төсөл маань одоо хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа. Уг боломжоор дамжуулж олон хүнтэй танилцсан. Би анх “Кино нүүдэл” гэх Төв Азийн анхны кино хөгжүүлэлтийн хөтөлбөрт төслөө танилцуулж, 2025 оны “Шилдэг төсөл”-өөр шалгарсан. Саяхан энэ хөтөлбөрөөр дамжуулж “Torino Film Lab”, “Locarno Open door” зэрэг хөтөлбөрийн уран бүтээлчидтэй танилцаж, холбогдсон гэх мэтчилэн харилцаа, холбоо тогтоох шатандаа явж байна.


-Та өмнө нь богино хэмжээний кино хийж байсан. Энэ удаад бүрэн хэмжээний кино төсөл рүү орох үед ямар сорилттой тулгарсан бэ?
-Тийм ээ, өмнө нь хоёр богино хэмжээний кино хийж байсан. Сүүлд хийсэн богино хэмжээний кино маань “Алтан өргөө” кино наадамд шалгарч, одоо олон улсын кино наадмуудаар гаргахаар ажиллаж байгаа. Бүрэн хэмжээний кино хийхэд нэг зүйлийг их сайн ойлгож авсан. Шууд үр дүн хүсэлгүй, анхнаасаа зөв хүлээлт тавих хэрэгтэй юм билээ. Гадаадын уран бүтээлчид бүрэн хэмжээний кино хөгжүүлэх үйл явцдаа дор хаяж гурваас таван жил зарцуулж, танилцуулах уулзалтад оролцож явдаг. 
Миний мэдэхийн энэ жишгээр явсан монгол кино найруулагч гэвэл дээр дурдсан “Сэр сэр салхи” киноны найруулагч П.Лхагвадулам, “Баавгай болох сон” киноны найруулагч П.Золжаргал нар байгаа. Хамгийн гол нь ингэж танилцуулга хийснээрээ хүмүүст киноныхоо сургийг гаргаж, таниулаад авдаг. Манайхан бол ихэвчлэн дотооддоо киногоо хийчхээд олон улсад гаргая гэхээр нөгөө хүмүүс маань “Бид нар оролцоогүй байж яагаад хамтарч, санхүүжилт өгнө гэж вэ” гэсэн хандлагатай байдаг. Гэтэл манайх шиг жижиг зах зээлд нэг төслөө гурваас таван жил хөгжүүлээд явах боломжгүй. 
Бид нар хажуугаар нь хоолоо олж идэх хэрэгтэй шүү дээ. Энэ нь богино хэмжээний кино хийхээс ялгарах хамгийн том зүйл санагдсан. Түүнчлэн Каннын наадамд ирж байгаа зарим богино хэмжээний кино хүртэл зохиол хөгжүүлэлт дээрээ гурван жил зарцуулсан гэдгийг дуулаад их цочирдсон. Тэгэхээр тэвчээртэй л байх хэрэгтэй санагдсан даа.


-Таны найруулагчийн харах өнцөг, үзэл бодолд нөлөөлсөн най­руулагч, уран бүтээлч бий юу. Ер нь ямар төрлийн кинонд дуртай вэ?
-Тайваны найруулагч Эдвард Ян. Нэг талаараа их үйл явдалгүй, уйтгартай ч юм шиг хэр нь өдөр тутмын жижиг зүйлс дэх гоо сайхныг нь мэдрүүлэхүйц, дүрд төвлөрсөн, хувь хүний асуудал бэрхшээлийг харуулсан кинонуудад илүү дуртай. Тийм болохоор ийм төрлийн кино хийхийг л хичээж явна даа.


-Кино урлагт мэдрэмжийг хэрхэн илэрхийлдэг вэ. Таны хувьд кино гэж юу вэ? 
-2000-аад оны эхээр Христын сүмүүд ихсээд, гадуур хүмүүс сүмийн сурталчилгааны хуудас их тараадаг байсан даа. Түүн дээр тамд шатаж байгаа хүмүүсийг дүрсэлсэн байсан. Би жаахан байсан болохоор түүнээс нь их айсан даа. Дараа нь нэг өдөр ээж аав хоёр “Терминатор 2” үзэж байсан юм. Жаахан хүүхэд үзэж болохгүй кино болохоор хажууд нь унтаж байгаа царайлаад нууцаар үзтэл b  төгсгөл хэсэгт нь эсрэг талын терминатор халуун лаав руу унахдаа яг л өнөө сүмийн сурталчилгааны хуудас дээрх шиг тарчилж, зовж байхад сайн талын терминатор нь сайн дураараа, тайвнаар гал руу орж байхыг хараад үхэл гэж тийм ч аймшигтай, зугтаад байхаар зүйл биш, амьдралын л нэг хэсэг юм байна гэдгийг ойлгосон. Тэр үед сүмийн сурталчилгааны зургийг харснаас хойш дотор байсан том айдас минь алга болчихсон. Миний бодлоор энэ бол кино урлагийн мөн чанар. Тиймээс энэ замыг сонгосон. Нэг кино зургаан настай жаахан хүүхдэд ч ингэж нөлөөлж болдог юм байна гэдгийг мэдэрсэн учраас би ч бас хэн нэгэн зургаан настай хүүхдэд ингэж нөлөөлж чадвал зорилгодоо хүрсэн санагдах байх.


-Кинонд юу дүрсэлж болох, юу дүрсэлж болохгүйг заадаг болчихвол яах бол?
-Насны хязгаар бол байх хэрэгтэй. Гэхдээ сүүлийн үед агуулга тал дээр их хяналт тавьж, заах гээд байгаа санагдсан. Олон улсад гаргаж байгаа монгол кинонд Монголоо сайхнаар л дүрслэх хэрэгтэй гэх мэт. Энэ тал дээр найруулагч П.Золжаргал эгчийн хэлж байсан “Үнэнээс зугтаад байвал бид хэзээ ч хөгжихгүй. Урлаг үнэн байж байж л хүний сэтгэлд хүрсэн, бодитой бүтээл гарна” гэсэн үгийг эшилмээр байна. Миний хэлэх гэсэн зүйлийн голыг нь олоод их сайхан хэлчихсэн санагддаг.


-Кино найруулагчийн хувьд үзэгчдээс хүсдэг зүйл байдаг уу?
-Утсаа оролдохгүй л киногоо үзэх хэрэгтэй байх даа. Үүнээс болоод кино урлагт ч үр нөлөө ажиглагддаг болсон. Жишээлбэл, үзэгчид кино үзэж байхдаа утсаа оролддог болсон учраас зарим кинон дээр дүр нь үйл явдлаа давхар тайлбарладаг болж байна. Угаасаа сүүлийн үед хүмүүсийн анхаарал их муудаж байна. Ийм байхад ядаж л хоёр цагийн кино үзэхдээ анхаарлаа төвлөрүүлээд сурчихвал бидэнд л хэрэгтэй байх. Бусдаар бол үзсэн кино болгоноосоо юм ойлгоод, сургамж аваад байх албагүй шүү дээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 125 (7867)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn