Зүүн гар талаас Д.Амар, Мишигдорж, Д.Хатанбаатар, С.Содномбалжир, О.Бадамгарав, Ч.Чинбат, С.Сарантуяа, З.Батбаяр, Л.Хишигт, Ш.Алтанцоож, С.Загдаа, Ч.Люба, А.Цэнд-Аюуш. 2009 он.

Манай анги 8 дугаар ангидаа 25 хүүхэдтэйгээр шинээр эмхлэгдэж анги удирдсан багшаар Монгол хэл уран зохиолын багш Раднаажав, ангийн дарга Таван онцын эзэн Д.Амар байлаа.
Анги маань сурлага сахилга сайтай, урлаг спортоор сургууль, нийслэл, улс даяар нэрээ дуурсгасан авьяастнуудтай байлаа.
10 дугаар ангиа алтан медальтай төгсөгч Д.Амар болон 9 сурагч дотоод ба гадаадын дээд сургуульд орж суралцан урлагийн байгууллагад шалгарсан 2, бусад нь тусгай мэргэжлээр суралцсан. Энэ хугацаанд ажиллаж, амьдарч, суралцаж, дуулж, жүжиглэж, их л хөгжилтэйгөөр мартагдашгүй сайхан цаг мөчийг хамтдаа хүүхэд насаа өнгөрөөцгөөсөн юм.

С.Загдаа, А.Цэнд-Аюуш, Ш.Алтанцоож нар.


8 дугаар ангидаа хөгжмийн хамтлаг байгуулж аккордионоор Д.Амар, дөрвөн гитарчнаар Батбаяр, Содномбалжир,Төмөрпүрэв, Болд, шагшуурчнаар Хатанбаатар, бүжигчдээр Амар, Батбаяр, хоёр гитартай дуулж бүжиглэж, Цэнд-Аюуш, Алтанцоож, Люба, Бадамгарав нар Савхат бүжиг, Алчуурт вальс хийж байлаа. Шанзны дугуйланд Алтанцоож, Загдаа, Цэнд-Аюуш нар суралцаж, Амгалангийн клубт хөгжимдөж байсан.
Найрамдал дүүргийн урлагийн үзлэгээр эрэгтэй хоёр бүжигчин шагналт байр эзэлж байсан.
1965 оны шинэ жилийн багт наадамд ангиараа “Вьетнам ялна” гэсэн улс төрийн сэдвээр үзүүлбэр үзүүлж нийслэлд шалгарч “Харшийн сүлд модны наадам”-д орж байлаа. Тэр үед Америкийн түрэмгийлэгчид Вьетнам улсын эсрэг ширүүн дайн хийж байв.
Гэтэл 1980 онд АИХ-ын зарлигаар манай сургуулийг Вьетнам улсын удирдагч Хо-Ши-Мин-ий нэрэмжит болгосон юм. Ингээд бодоход бид чинь сургуулийнхаа нэр алдрыг аль 1965 онд зөгнөж байсан юм шиг ээ.

"Лийр ван" Содномбалжир, охин Л.Хишигт, Ч.Люба, Ш.Алтанцоож.

Мөн “Лийр ван” жүжгээр багт наадамд оролцож Содномбалжир “Лийр ван” болж Хишигт, Алтанцоож, Люба нар гурван охин нь болж шагналт байранд орж байлаа.
Манай анги 1965 оны 9 дүгээр ангиа төгсөөд хотын 2 дугаар тоосгон заводод ангиараа ажилласан.
Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын “Хөдөлмөл” зусланд 300 гаруй үнээг хөвгүүд хариулж, охид нь үнээгээ сааж, сүүгээрээ цөцгий машиндаж нэгдэлд тушааж сургуульдаа ч орлого оруулж өөрсдөө хөдөлмөрийнхөө хөлс авч байлаа.
Хэрлэн голын хөвөөнд 17 эрэгтэй сурагч хадлан хадаж байсан.
Мөн Батсүмбэрийн сангийн аж ахуйд намрын төмс хураалтын ажилд оролцож байв.

Зүүн гар талаас Л.Төмөрпүрэв, Д.Хатанбаатар, Д.Баатархүү.


О.Бадамгарав цанын спортоор хичээллэж “Алдар” нийгэмлэгийн нэрийн өмнөөс улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 2 алт, 2 хүрэл медаль, мөн О.Бадамгарав нь сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлагчаар нийслэлийн сургуулиудын тэмцээнд гурван жил дараалан 2 дугаар байранд шалгарч байлаа.
14 дүгээр сургуулийн үе үеийн захирал, хичээлийн эрхлэгч, багш, сурагчдын хичээл зүтгэлээр Хо-Ши-Мин-ий нэрэмжит Улсын тэргүүний сургууль болон мандан бадарч яваад нь ахмад төгсөгчид бид баярлан бахархаж байна.

Зүүн гар талаас Л.Хишигт, Ч.Люба, Цэвлээ, А.Цэнд-Аюуш, О.Бадамгарав, Ш.Алтанцоож, Н.Оюун.

Цэдэнбал судлалын академийн гишүүн, Тагнуулын ерөнхий газар, төрийн тусгай хамгаалалтын газрын бэлтгэл дэд хурандаа СТА Д.Амар

Би Амгалангийн 8 дугаар сургуульд 1956 оноос 1960 онд суралцсан. 2 дугаар ангидаа пионерийн гишүүн болж, 3 дугаар ангидаа 8 дугаар сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга болсон. 6 дугаар ангиас намайг 14 дүгээр бүлгэмийн зөвлөлийн даргаар сонгосон. 1961-1962 оны хичээлийн жилд Таван онцыг эзэмшигч болсон юм.
14 дүгээр сургуулийн 14 дүгээр бүлгэм ажил төрлөөрөө нийслэлийн хэмжээнд дээгүүр байранд ордог байлаа.
10 дугаар ангийг онц төгсөж БНМАУ-ын Гэгээрлийн яамны “Онц суралцсаны төлөө” 00359 дугаартай медаль гардан авсан юм.
1966-1972 онд ЗХУ-ын Ленинград хотын профессор Бонч Брусвичийн нэрэмжит Цахилгаан Холбооны дээд сургуулийг Радио холбоо өргөн нэвтрүүлгийн инженер мэргэжлээр төгсөөд НАХЯ-нд техникч, төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасгийн дарга, 1982 оноос НАХЯ-ны Төрийн тусгай хамгаалалтын газарт МАХН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга маршал Ю.Цэдэнбалын техникийн аюулгүй байдлыг хариуцсан тасгийн дарга, ерөнхий инженер, Хэлтсийн даргаар ажиллаж байв. 
НАХЯ, Цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа урлагийн тоглолтод оролцсон авьяас чадварыг нь үнэлэж Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр 2018 онд шагнагдсан. Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг минь үнэлж “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Байлдааны хүндэт медаль” болон бусад ойн медалиудаар шагнасан.

Гавьяат бүжигчин Ц.Батбаяр


1966 онд сургуулиа төгсөөд ААДБ Чуулгад дагалдан бүжигчнээр орсноос хойш 25 жил ажиллаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Энэ хугацаанд бүжгийн багш, сонгодог бүжгийн дасгалын багшаар ажиллаж байлаа. Мөн Цэрэг бүжгийн үзүүлбэр, Тангаргийн баяр, Жалам хар зэрэг 400 гаруй бүжигт оролцон тоглосны 200 орчимд гоцлон бүжиглэсэн.
40 шахам шинэ уран бүтээл нь Цэргийн чуулгын урын санд байдаг. Бүжгийн багшаар ажиллах хугацаанд 100 гаруй мэргэжлийн бүжигчин шавь төрүүлсний гурван бүжигчин МУГЖ цол хүртэж, 40 гаруй хүн СТА цолоор шагнагдсан байна.
Хөдөө орон нутагт урлагийн бригадаар явж 18 аймаг 255 сум, нэгдлээр явж дайчид, хөдөлмөрчдөд урлагаар үйлчилж, ЗХУ, БНСЧУ, БНПАУ, БНАГУ, Хятад, Солонгос зэрэг орнуудад айлчлан тоглосон бүрэлдэхүүнд оролцож урлагийг сурталчлахад оролцож явлаа.

Хурандаа С.Содномбалжир

С.Содномбалжир ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооны дээд сургуулийг онц төгссөн төгсөгч.  Ажлын гараагаа Өмнөговь аймгийн Аюулаас хамгаалах хэлтсээс эхэлж, Цагдаагийн хэлтсийн дарга, Тамгын үйлдвэрийн даргаар ажиллаж байсан. “Цэргийн гавьяа” ба “Цэргийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор шагнагдаж байсан хурандаа юм. 

Ц.Содномбалжирыг сургуульд явахад нь гаргаж өгч буй нь. 1980 он.

Ангийн захирагч, хурандаа Л.Төмөрпүрэв

Киев хотод танкийн цэргийн сургуулийг төгссөн. Салааны дарга, ротын техник орлогч, 1 дүгээр бригад хуягт танкийн албаны дарга, 096 мот буудлагын техник орлогч, 1976 оны наймдугаар сараас 036 ангийн техникийн орлогч, 1980 оноос 011 ангийн захирагчаар 10 жил ажиллаад гавьяаны амралтад гарсан.

Хичээлийн эрхлэгч багш Д.Баатархүү

Улсын математикийн 2 дугаар олимпиадад сургууль, район, Улаанбаатар хотоос шалгаран оролцож оновчтой бодолтын тусгай шагнал хүртэж Болгар улсад болох олон улсын математикийн олимпиадад оролцох эрх авч байв. МУИС-ийн математикийн ангид суралцан төгссөн. Хэнтий аймагт хуваарилагдан СЗАК-д мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн ч Өндөрхааны 1 дүгээр сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр 30 жил ажилласан. Одоо АНУ-ын Флорида мужид амьдарч байгаа.
Шатрын бодлого зохиогч Л.Тогоохүү

ХЗЭ-ийн үүрийн даргаар сонгогдож  ажиллаж байхдаа үүрийн бүх гишүүдийн бүтээлч хурлыг Амгалангийн нэг цэцэрлэгт хийж түлээ хөрөөдөн ажилд нь тусалж байлаа. Сургуулийнхаа 8 дугаар ангиудын Тооны аварга болж зуны амралтаар Герман улсын хүүхдийн зусланд амрах эрхээр шагнагдсан.
Математикийн олимпиадын бэлтгэлийг Б.Баатархүү бид хоёр хамтран давтаж хот, улсын шат шатны олимпиадад өндөр амжилт үзүүлж Болгар улсад зохиогдох Олон улсын олимпиадад оролцсон. ЗХУ-ын Ленинград (хуучин нэрээр) хотод Цэргийн холбооны Академид суралцсан юм. 
НАХЯ-нд манай ангийн Амар, Бариашир, Содномбалжир нар хамт ажилладаг байлаа. Шатрын бодлого бодох зуршил-хобби болон хувирч, мэргэжил болон дэлхийд данстай бодлого зохиогч болж, шатрын бодлого бодолтыг Улсын цол, зэргийн нормативтай спортын бие даасан төрөл болгон хөгжүүлсэн.
1985 онд шатрын бодлого зохиомжийн спортын мастер, 2005 онд Олон улсын хэмжээний мастер,  2025 онд Дэлхийн шатрын бодлого зохиомжийн холбооны (WFCC) Хүндэт Мастер цол тус тус хүртсэн.    

Багш С.Загдаа

Манай анги манлайлагчид олонтой. Тэд хүнтэй ажиллаж сурсан, хүнд их юмыг зааж сургасан, хүнээс ч ихийг сурч мэдэж авч чадсан, чадварлаг ёс суртахуунтай билээ. Бусад ангийн нөхөд маань ч өөрсдийн мэргэжил мэдлэгтэй нэг байгууллагад он удаан жил тогтвор суурьшилтай нэр хүндтэй ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан 80 насны босгон дээр ирцгээсэн ахмадууд болжээ. Манай анги бас нэг онцлог чанар нь бие биенийхээ гэр бүлийн хүмүүст хүндэтгэлтэй хандаж хамт олон дотроо багтаан авч чадсан нийтэч хамт олон байдагт сэтгэл ханамжтай байдаг.

“Ангийн төрийн нарийн” Л.Хишигт

Содномбалжираас Хишигтэд "Үлдээмж" дээр зурсан зураг.


Бидний хүүхэд ахуй цаг нисэн өнгөрөөд 60 жил болжээ. Энэ бага насны дурсамж бидэнд дахин олдохгүй хамгийн баясгалантай амьдрал юм. Энэ үерхэл бол үүрд мартагдахгүй түүх юм. Манай ангиас Д.Амар, О.Бадамгарав нар айл гэр болсон нь бидний бахархал байдаг. 
Манай ангид Чүлтэм багшийн  хүү Чинбат, охин Нарантуяа нар хамт суралцдаг байв. 
Намайг түүхийн хичээлдээ сайн болохоор “философи” гэж хочилдог байсан. Одоо харин анги хамт олныхоо холбогч гүүр, зохион байгуулагч болсноор намайг ангийн дарга Д.Амар маань “Төрийн нарийн бичгийн дарга” гэж нэрлэх болсон. 
Арван жилийн сургуулиа 25-уулаа төгсөөд амьдралын зам мөрөө хөөснөөс хойш 60 жилийн хугацаанд цөөнгүй нөхөд минь бурхны оронд оджээ. Тэд минь биднийхээ сэтгэл зүрхэнд 18 настайгаараа үргэлж дурсагдаж, дурсамж бүрт хамт байх болно.

Соёлын тэргүүний ажилтан Ш.Алтанцоож

Манай ангийн кино урлагтай хамгийн ойр ажилласан Ш.Алтанцоож маань Кино үйлдвэрт насаараа ажилласан билээ. Ажил хөдөлмөрийг нь төр засгаас үнэлж "Алтан гадас", "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор энгэрлээ мялаасан.

Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан А.Цэнд-Аюуш

Аравдугаар ангиа төгсөөд 60 жил болжээ. Ангийн андууддаа Эрдэнэт хотоос мэндчилж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

Хүндэт төмөр замчин Ч.Люба (Наранцэцэг)

Сурагч формоо тайлж, сургуулийн хаалгыг хааж ажил амьдралын гараагаа Төмөр замаас эхлэж байлаа. Энэ том айлд 33 жил ажиллаад гавьяаны амралтаа аваад байна. Та нартаа 60 жилийн мэнд хүргэе.

Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан Г.Болд

Ангийн нөхөр Г.Болд маань ангийн дундын санг санаачилсан нь чухал ажил байв. Тэр сангаасаа хэн нэгэнд маань тус дэм хэрэгтэй үед нь тусалж байдаг билээ.

Арын эгнээний зүүн гар талаас С.Баатар, Л.Төмөрпүрэв, З.Батбаяр, Г.Болд, Ш.Алтанцоож, Д.Амар, Д.Баатархүү, Д.Хатанбаатар, Л.Хишигт, Ч.Люба, С.Загдаа, А.Цэнд-Аюуш. 2023 он.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 124 (7866)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn