Л.ПҮРЭВЖАРГАЛ

 

Аялал зугаалга, баяр наадмын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хөдөө орон нутаг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Бид амарч, аялж зугаалахдаа  шарсан, хэт боловсруулсан хүнс, хийжүүлсэн ундаа чихэрлэг амттаныг хэтрүүлэн хэрэглэх нь бий. Түүнчлэн аялж явах үедээ хоол хүнсээ халуун орчинд удаан хадгалах тохиолдол ч гардаг. Энэ нь нян үржих нөхцөлийг бүрдүүлж улмаар хоолны хордлого үүсэх шалтгаан болдог байна.

Хүн бүр өөр өөр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг аялалдаа зориулж бэлтгэдэг. Тэгвэл иргэн Б.Уранзаяа аялахдаа зориулж хүнсээ хэрхэн бэлтгэдэг талаараа бидэнтэй хуваалцсан юм.

Тэрээр “Очоод ямар хоол хийхээ тооцоолж хүнсээ сонгодог. Ингэхдээ сүү заавал авч явдаг. Аль болох хурдан хэрэглэж дуусгахыг боддог. Сав баглаанд нь анхаарал хандуулж зориулалтын саванд хийж чаддаггүй. Гэхдээ нарны гэрлээс хол хадгалдаг. Харин хоолоо аль болох бэлтгэсэн хүнсээрээ хийхийг илүүд үздэг. Буцах замдаа ядарсан байдаг учраас хоолны газраас болон бэлэн бүтээгдэхүүнээс сонгоод худалдаж авдаг. Манай гэр бүлийн хувьд тостой хоол хэт их идэхгүй байх тал дээр анхаардаг. Идсэн тохиолдолд халуун сүүтэй цай араас нь уудаг. Мөн аялал зугаалгад замдаа идэх зорилгоор мах болон ногоог заавал авч явдаг. Үнэнийг хэлэхэд, аялал зугаалга баяр наадмын үеэр эрүүл хооллох боломж гардаггүй. Хорхог боодог их иддэг учраас эрүүл хооллолтын дэглэм алдагддаг” гэсэн юм.

2025 оны статистик шинжилгээгээр улсын хэмжээнд 360.547 халдварт бус өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэнээс 60.644 буюу 16.82 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин байна. Харин нийт халдварт бус өвчний  27.368 буюу 15.93 хувь нь Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэгдсэн хоол боловсруулах тогтолцооны өвчлөл байна.

 

“Хордлого үүсгэдэг бичил биетнүүд нь 30-40 цельсийн орчинд хамгийн идэвхтэй өсдөг” 

 

Аялал, зугаалгын үед хоол хүнс халуун наранд хурдан мууддаг учраас шинэлэг байдлаар удаан хадгалахын тулд  зориулалтын хөргөгчид хадгалж хэрэглэх хэрэгтэй байна. Мөн шинэхэн жимс, ногоо, боловсруулсан махан бүтээгдэхүүн, бүхэл үрийн бүтээгдэхүүн, жигнэсэн мах, загас, хангалттай ус хэрэглэх хэрэгтэй аж. Харин өөх тос ихтэй шарсан хоол,  хэт чихэрлэг хүнс, хийжүүлсэн ундаа, архи согтууруулах ундаанаас аль болох татгалзахыг НЭМҮТ-өөс зөвлөж байна. Хоолны хордлогын нийтлэг  шалтгаан нь хоол  хүнсийг буруу хадгалах, бүрэн гүйцэд болгож боловсруулахгүй байх, хугацаа нь дууссан эсвэл бохирдсон хүнс хэрэглэснээс болдог. Ил задгай хүнсийг аль болох худалдаж авахгүй байх хэрэгтэй талаар НЭМҮТ-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны эрдэм шинжилгээний ажилтан Д.Ганболор зөвлөсөн юм.  

Зуны улиралд агаарын температур нэмэгдэхийн хэрээр хоолны хордлого үүсгэдэг бичил биетнүүд үржих эрсдэл эрс өсдөг. Эдгээр эмгэг нь 5-60 цельсийн температурын бүсэд үржих боломжтой бөгөөд 30-40 цельсийн орчинд хамгийн идэвхтэй өсдөг. Ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, дархлаа султай болон архаг хууч өвчтэй хүмүүс хоолны хордлогод илүү өртөмтгий байдаг тул эдгээр бүлгийн хүмүүст хүнсний аюулгүй байдлыг онцгой анхаарах шаардлагатай.

 

“Давс ихтэй хүнс, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах нь даралт хэлбэлзэх эрсдэлийг бууруулахад ач холбогдолтой”

 

Нэг дор эсвэл богино хугацаанд хэт их хэмжээний хоол хүнс хэрэглэх нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд ачаалал өгч, ходоод дүүрэх, хоол боловсруулалт удаашрах, хэвлий хэсгээр тавгүйрхэх зэрэг зовуурь үүсгэдэг. Үүнээс гадна цусан дахь глюкоз болон триглицеридын хэмжээ түр хугацаанд огцом нэмэгдэж, инсулины ялгаралт ихэсдэг байна. Судалгаагаар ийм өөрчлөлт эрүүл хүмүүст ч ажиглагддаг бөгөөд чихрийн шижин, даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүсийн хувьд эрсдэл илүү өндөр байдаг гэж Хоол зүйч А.Уянга ярьсан юм.

Тэрээр “Баяр наадмын үеэр архаг хууч өвчтэй хүмүүсийн хувьд хооллолтоо эрс өөрчлөхгүй байх нь хамгийн чухал. Баярын ширээнээс татгалзах шаардлагагүй ч хэт их хэмжээний хоол, өөх тос, давс ихтэй хүнс, согтууруулах ундааны хэрэглээ нь өвчний хяналтыг алдагдуулж, өвчний сэдрэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа хоол боловсруулах замын өвчтэй хүмүүсийн хувьд нэг дор их хэмжээгээр идэх, өөх тос ихтэй, халуун ногоотой хоол хүнс, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь ходоодны зовуурь, гэдэс дүүрэх зэрэг шинж тэмдгийг сэдрээх эрсдэлтэй.

Харин чихрийн шижинтэй хүмүүс нүүрс ус, өөх тос ихтэй хоолыг нэг дор их хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийж, хоолны хэмжээгээ жигд барих нь чухал. Даралт ихэсдэг хүмүүсийн хувьд давс ихтэй боловсруулсан хүнс, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлаж, шингэний дутагдлаас сэргийлэх нь даралт хэлбэлзэх эрсдэлийг бууруулахад ач холбогдолтой. Харин ч баярын үеэр хооллолтын дэглэмээ хадгалж, эмч, хоол зүйчийн зөвлөсөн эмчилгээ, хооллолтын төлөвлөгөөг тогтмол мөрдөх нь өвчний сэдрэлээс сэргийлэх хамгийн чухал арга юм.

Миний хамгийн чухал зөвлөмж бол баяр наадмаа эрүүл мэндээ хамгаалсан байдлаар тэмдэглэхийг уриалмаар байна. Баярын ширээнээс татгалзах шаардлагагүй. Харин хоолны хэмжээгээ тохируулж, махан хоолтойгоо хүнсний ногоо, жимсийг хослуулах, цангахыг хүлээлгүй ус тогтмол уух, баталгаатай хүнс сонгох, хүнсний аюулгүй байдлыг сайтар сахих нь чухал” гэв

Тиймээс эрүүл хооллолт гэдэг нь өөрийгөө хязгаарлах биш, зөв сонголт, зөв хэмжээ, зөв дадал юм. Эрүүл мэнд бол баяр наадмын дараа ч бидэнтэй үлдэх хамгийн үнэт зүйл. Тиймээс зөв хооллолтод анхаарч аялж зугаалахыг эрүүл мэндийн байгууллагынхан болон хоол зүйч нар зөвлөж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 124 (7866)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn