Б.ХУЛАН

 

Цэцэрлэгийн багш гэхээр танд эелдэг зөөлөн инээмсэглэсэн эмэгтэй төсөөлөгдөж байна уу. Ихэнх хүмүүсийн төсөөлөлд эмэгтэй хүн л буудаг. Харин эрэгтэй хүн цэцэрлэгийн багшаар ажилладаг гэхээр содон санагдаж болох. Тэгвэл энэ хэвшмэл ойлголтыг эвдэж, эерэг энерги цацруулсаар ирэх хүүхдүүдтэй ажиллахын зэрэгцээ Улсын баяр наадамд 11 жил морь цоллож буй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн багш, Сумын алдарт уяач СТА Ч.Данаажавыг “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа онцолж байна.

 

“Намайг уяач гэхээр нэлээд эршүүд хүн байх гэдэг. Харин би цэцэрлэг дээр хүүхдүүдтэйгээ тоглож, дуулж бүжиглээд л явж байдаг”

“Намайг хүмүүс морь цоллодог, морь уядаг гэхээр нэлээн эршүүд, эрэмгий, хүүхэдтэй ажилладаг салбараас хол  хүн байх гэж боддог. Гэтэл би цэцэрлэг дээр хүүхдүүдтэйгээ тоглож, дуулж бүжиглэх, хоол халбагадаж өгөх, охидынхоо үсийг самнах зэргээр хүүхдүүдтэйгээ ажиллаад л явж байна” гэж ярих багшийг Ч.Данаажав гэдэг. 

Тэрээр цэцэрлэгийн багшаар 12 дахь жилдээ ажиллаж байгаа юм.  Түүнийг анх ажилд ороход байгууллагад нь эрэгтэй багш байхгүй, сургалт семинар, арга хэмжээнд оролцохоор эмэгтэй багш нартай ганцаараа ажилладаг байсан нь их эвгүй санагддаг байсан гэдэг.

Энэ тухайгаа тэрээр “Сургуулиа төгсөөд энэ салбарт орж ирэхдээ бага насны хүүхдүүдтэй ажиллах амаргүй санагдаж байлаа. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдтэй ажиллахад өөр арга барил, тэвчээр хэрэгтэй байдаг. Ажилд ороод эхэндээ хэцүү байсан ч цаг хугацааны явцад хүүхдүүдтэйгээ ойлголцож, өөрийн гэсэн арга барилаа олж авсан. Мөн манай цэцэрлэгт эрэгтэй багш байдаггүй болохоор хүмүүс “Энэ багш удахгүй өөр ажил хийгээд явчих байх” гэсэн хандлагатай байсан. Зарим нь  хүүхдүүдтэй ажиллах эв дүй муутай байх гэж хардаг байсан болов уу.  Харин хоёр жилийн дараагаас хүүхдүүдтэйгээ олон тэмцээн, уралдаанд амжилт гаргаж эхлэхэд хүмүүсийн хандлага аажмаар өөрчлөгдсөн. Хүйс биш, ажлын үр дүн хамгийн чухал гэдгийг ойлгуулсан гэж боддог” гэж байлаа. 

 

“Өвөрхангай аймагт 6-7 эрэгтэй цэцэрлэгийн багш ажилладаг” 

 

Цэцэрлэгийн орчинд эмэгтэй багш нар зонхилдог тул заримдаа хүйсийн ялгаатай байдлын асуудал ч мэдрэгддэг байна. Тухайлбал, хүнд хүчир ажил гарахаар хамгийн түрүүнд л “Данаажав аа” гээд дуудаж эхэлдэг гэнэ. 

Гэхдээ нэг үеэ бодвол цэцэрлэгийн багшаар ажиллах эрэгтэй хүмүүс бага ч болов нэмэгдэж байгаа гэнэ. Өвөрхангай аймагт гэхэд л цэцэрлэгийн багшаар 6-7 эрэгтэй ажилладаг байна.  “Хүүхэд хүмүүжүүлэх, сургах ажил хүйсээс хамаардаггүй гэж боддог. Хамгийн чухал нь тухайн хүн өөрөө хүүхдэд хайртай байх, ажлаа сэтгэлээсээ хийдэг байх хэрэгтэй. Эрэгтэй хүн цэцэрлэгийн багш сайн хийж чадна гэж би хэлнэ. Хийж байгаа ажлаа сэтгэлээсээ л  хийх хэрэгтэй. Тэгж чадвал ямар ч ажил сайхан байдаг шүү дээ” хэмээн тэрээр ярьсан юм.

Ч.Данаажав бол ажил мэргэжилдээ эзэн болж, одоог хүртэл салбартаа тууштай ажиллаж яваа цөөхөн эрэгтэй багшийн нэг юм. Хүүхэдтэй ажиллах, тэр тусмаа бага насны хүүхдүүдийн арга эвийг олох, тэдэнд зааж сургах гэдэг бол хэн хүний хийхээр амар зүйл биш гэдгийг тэрээр хэлж байсан юм.

Мөн тэрээр “Эрэгтэй хүн хүүхдүүдтэй ажиллахдаа тааруу байх”, эрэгтэй багш гэхээр дутуу үнэлэх зэрэг хөндлөнгийн хүмүүсийн итгэлгүй, шүүмжлэх, гайхах зэрэг хэвшмэл ойлголтыг ажлынхаа үр дүнгээр харуулж яваа нэгэн юм. 

 

“Эрэгтэй багштай хүүхдүүд илүү өөртөө итгэлтэй, эрэмгий байх тал ажиглагддаг” 

 

Ч.Данаажав “Би хүүхдүүдтэй зөөлөн харилцахыг л хичээдэг. Гэхдээ шаардлагатай үед ганц, хоёрхон үг хэлэхэд хүүхдүүд ойлгоод үгэнд ороод л явчихдаг. Мөн эрэгтэй багштай хүүхдүүд илүү өөртөө итгэлтэй, эрэмгий, чөлөөтэй байх тал ажиглагдаад байдаг.  Ялангуяа миний ажил, мэргэжил эрэгтэй үлгэр дуурайлал хэрэгтэй хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлдэг болов уу гэж боддог. Мөн хүүхдүүдээ аль болох нээлттэй, өөртөө итгэлтэй хүн болоход нь  анхаардаг. Хүүхэд цэцэрлэгт явснаар өөрийгөө илэрхийлэх зоригтой болж, бусадтайгаа хамтарч ажиллах зэргээр өөрийгөө хөгжүүлж байдаг” гэв.

Багш хүнд шавь нарынх нь хичээл зүтгэл, заасан зүйлийг нь сайн сурсан, өсөн дэвшиж байгааг нь харах хамгийн сайхан байдаг. Үүний адил Ч.Данаажав багшид ч ангийн хүүхдүүд нь дөрвөн жил цэцэрлэгт суралцаад төгсөхдөө сурсан мэдсэнээ аав, ээждээ тайлагнаж, заасан бүхнийг нь чанартай үзүүлж байгааг харах хамгийн сайхан байдаг гэсэн юм. Яг энэ мөчид “Багш хүний хөдөлмөр талаар болоогүй юм байна гэж бодон, хүүхдүүдээ хараад баярлаж суудаг” гэж ярих нь сэтгэл хөдөлгөм байлаа.

Ч.Данаажав багш цэцэрлэгийн багшаас гадна морь цоллооч, сумын алдар уяач хүн. Тэрээр багаасаа морь унаж, адуу малтай ойр өссөн тул хоббигоороо хурдан морь уядаг байжээ. Түүнчлэн сонирхолдоо хөтлөгдөн морь цоллож эхэлсэн байна. Өдгөө улсын баяр наадамд 11 жил морь цоллож буй тэрээр энэ чиглэлээрээ хэд хэдэн шавьтай ч болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 123 (7865)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn