Л.ПҮРЭВЖАРГАЛ        

 

Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 29-ний 08:00 цагаас улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Энэ талаарх мэдэгдлээ Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүдэд хүргүүлээд байгаа юм.

Тус мэдэгдэлд "Эрчим хүчний яам ажилт хаялт эхлэхээс өмнө тодорхой саналтайгаар хэлэлцээ хийж тохиролцоонд хүрээгүй тохиолдолд хуульд заасны дагуу ажил хаялт явагдах ба түүнээс үүдэн гарч болзошгүй аливаа эрсдэлийг эрхийнхээ төлөө тэмцэж буй ажилтнууд биш, Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яам болон ажил олгогчид хүлээхийг мэдэгдэж байна" гэжээ.

Тэд салбарын яаманд үндсэн цалинг 30 хувь болон түүнээс дээш хувиар нэмэх албан бичиг хүргүүлсэн ч Эрчим хүчний сайд Б.Найдалаа энэ сарын 26-нд эрчим хүчний салбарынхны цалин хөлсийг 10 хувь нэмэгдүүлэх санал тавьсныг салбарынхан эсэргүүцэж энэ сарын 30-ны 08:00  цагаас эрчим хүчний салбарынхны ажил хаялт эхлэхийг мэдэгдлээ.

Ингэхдээ эрчим хүчний салбарын зайлшгүй ажиллах шуурхай ажилтнаас бусад ажилтнууд ажил хаялтад нэгдэж байгаа юм. Улмаар Засгийн газар, Эрчим хүчний яамнаас тодорхой хэлцэл хийх нөхцөл бүрдэхгүй бол долоодугаар сарын 1-нээс шуурхай ажиллагааны ажилтнууд ч ажил хаялтад  нэгдэхийг Эрчим хүч, геологи уул уурхай, үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр мэдэгдсэн юм. 

 

“ДЦС-III ТӨХК-ийн  870 гаруй ажлын байр нь хэвийн бус, хортой, халуун нөхцөлд хамаардаг”

 

 Эрчим хүч, геологи уул уурхай, үйлдвэрчний эвлэлийн холбооны салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Энэ хэлэлцээр эхлээд зургаан сар, ажил хаях нөхцөл бүрдээд гурван сар, хуулийн дагуу  ажил хаях санал бүрдүүлээд нэг сар болж байна. Зургаадугаар сарын 30-нд ажил хаях тухай мэдэгдэл 2026 оны зургаадугаар 22-ны өдөр гарсан. Эрчим хүчний сайд зургаадугаар сарын 26-нд  цалин хөлсийг 10 хувь нэмэгдүүлэх санал тавьсан. Бидний зүгээс 30 хувь ба түүнээс дээш гэсэн шаардлага тавьсан” гэлээ.

ДЦС-III ТӨХК-ийн үйлдвэрчний хорооны дарга Ш.Энхсаран “ДЦС-III ТӨХК-ийн  870 гаруй ажлын байр нь хөдөлмөрийн хэвийн бус, хортой, халуун нөхцөлд хамаарагддаг. Ирэх өвлийн ачааллыг амжилттай давахын тулд манай ажилчид энэ нөхцөлд ажиллаж байна. Эрчим хүчний салбарынхан эрчим хүчээр тасралтгүй хангах үүргээ ухамсарлаж өвлийн эд ачааллын үед ажил хаялтын талаар ярилцаагүй. Бид орчин нөхцөлдөө тохирсон цалин авахын тулд энэ ажил хаялтад нэгдэж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна” гэв. Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 1900 ажилтнаас 1461 буюу 76.89 хувь нь ажил хаялтыг 100 хувь дэмжсэн байна.

 

“Мөнгөний ханш 20 хувь унасан үед цалингийн хэмжээг 10 хувь нэмэх нь цалингийн нэмэгдэл биш” 

 

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир “Үндэсний аюулгүй байдал, стратегийн ач холбогдолтой эрчим хүчний салбаргүйгээр Монгол Улсын эдийн засгийн бусад салбарыг төсөөлөхийн аргагүй. Иймээс салбарын ажилтан, алба хаагчид  өөрсдийн дуу хоолойг илэрхийлж байна. Хөдөлмөрийн хүнд хортой, халуун нөхцөлд амь нас, эрүүл мэндээ золиосолж хөдөлмөр эрхэлдэг. Энэ салбар төр засгийн шийдэмгий бус байдлаас болж орхигдсоор ирсэн. Тус салбарын ажилчдын аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг хангахгүйгээр цаашид энэ салбар оршин тогтнох үндэсгүй болжээ.

Засгийн газраас тодорхой шийдвэр гаргахыг шаардаж, жагсаал цуглаан зэрэг шаардлагатай арга хэмжээг авсан. Ингээд бидний хамгийн эцсийн авах арга хэмжээ бол ажил хаялт юм. МҮЭХ, гишүүн байгууллагуудын хамтаар ажил хаялтыг хуулийн хүрээнд, үндэсний хэмжээнд зохион байгуулна. Ажил хаялтаас үүсэх сөрөг үр дагавар маш өргөн цар хүрээтэй тул ийм нөхцөлд хүргэхгүйн тулд Засгийн, Эрчим хүчний яам тодорхой санал хувилбар гаргахыг хүлээж байна.  Инфляц өсөж, мөнгөний ханш 20 хувь унасан үед цалингийн хэмжээг 10 хувь нэмэх нь цалингийн нэмэгдэл биш тул дүн шинжилгээ хийж шуурхай арга хэмжээг өнөөдрийн дотор авахыг шаардаж байна” гэлээ.

Тэд шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэхгүй бол маргааш гэхэд нийтээрээ тог цахилгаангүй, үндэсний хэмжээнд аюултай нөхцөл байдал үүснэ гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 123 (7865)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn