Б.ЗОЛБОО

Монголын дүрслэх урлагийн түүхийг бүтээлцсэн ахмад уран бүтээлчдийн хамтарсан "ДУДС-76" үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилж байна. Ардын зураач Д.Амгалан тэргүүтэй авьяаслаг, чадвартай багш нарынхаа эрдмийн охь шимээс хүртэж асан шавь нар нь өдгөө Монголын дүрслэх урлагийн түүхэнд өөрсдийн зам мөрийг үлдээсэн шилдэг уран бүтээлчид болжээ. Түүнчлэн улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төрдөө үнэлэгдсэн зураач, сийлбэрч Д.Төртогтох, уран барималч Х.Цэгмид нарын уран бүтээлчдийн сор бүтээлүүд дэлгэгдэж буйгаараа онцлог юм. 1970, 1980-аад оны социализмын үеийн Улаанбаатар хотод, Дүрслэх Урлагийн Дунд Сургууль хэмээх хаягтай, цэцэрлэгийн жижиг шар байшин байсан нь бидний оюун санаа, хүсэл мөрөөдөл, урлан бүтээхүйн “эрх чөлөөний арал” мэт сургууль байв. Оюутан цагийн гэрэлт өдрүүдээ багш нар болон найз нөхөдтэйгөө хамтдаа өнгөрөөсөн олон сайхан дурсамж энэхүү дүрслэхийн шар тогоонд хадгалаатай. Энэ тогооноос дүрслэх урлагийн олон салбарын мэргэжилтнүүд боловсорч, дүрслэх урлагийн хөлгүй далайд умбах гарааны эхлэлээ тавьсан юм” хэмээн тус сургуулийн төгсөгчдийн нэг С.Чулуунцэцэг онцоллоо.