Ч.ХАЖИД
Ө.Шижир, О.Номинчимэг нарын “ачаар” тамхины хууль бус худалдаагүй Монгол Улс хуурамч тамхины голомт болоход хүрлээ.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг санаачлан ажлын хэсгийг ахалж, дараа нь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг гишүүн Ж.Чинбүрэнд шилжүүлсний эцэст өнгөрсөн долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар эхний хэлэлцүүлгийг хийлээ.
Хяналт, зохицуулалтын хамгийн хялбар бөгөөд хамгийн болхи шийдлийг гишүүд маань хуулийн төсөлд тусгаж эхэллээ. Анх бол хүүхдүүдийг тамхинаас хамгаалах зорилгыг санаачлагчид маань ухуулан сурталчилж байсан ч үндсэндээ концепци нь тамхины татварын тухай хууль болж хувирсан. Тамхины онцгой албан татварыг 2030 гэхэд хайрцаг тамхинд 10 мянган төгрөгийн онцгой албан татвар тогтоох саналыг ДЭМБ-ын заавраар тусгасан.
Харин одоо бүхэлдээ тамхины хорионы тухай хууль болох гэж байна.
Бүх төрлийн тамхины амт, үнэрийг хориглоод байсан төсөлд байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижирийн саналаар гааны амтыг хориглох заалтыг тусгаж амжлаа. Өнгөрсөн есдүгээр сарын 17-нд УИХ-ын гишүүн О.Номинчимэгийг тамхи борлуулагч, үйлдвэрлэгч компаниудтай уулзах үеэр "Волтам" ХХК-ийн хамтран эзэмшигч Д.Эрдэнэ энэ саналыг гаргаж байжээ. “Волтам” ХХК-ийн гол өрсөлдөгч “KT&G” компанийн гаатай “Esse Change” зах зээлд борлуулалтаар тэргүүлдэг.
Тамхи хэрэглэгчид, хувийн хэвшил, тэр дундаа Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны саналыг эс харгалзсаар ирсэн эрхэм гишүүд ер нь зах зээлээ судалсан юм болов уу гэж эргэлзэхэд хүрч байна. Янжуур тамхины борлуулалтын 50-аас илүү хувь нь гаатай тамхи (Esse Change) байна. Тамхийг хорьж, тамхичдыг хохироохыг тамхины хяналт гэж ойлгож байгаа бол тамхины зах зээлийг бүхэлд нь хяналтаас алдахад хүрнэ. Олон улсын хэрэглээний судалгааны байгууллага болох Nielsen Consumer LLC Монголд төлөөлөгчдөө 2020-2024 онд илгээж, тамхины хог хаягдлыг судлах замаар хуурамч тамхины хар зах зээлгүй, импортын худалдаа, борлуулалт нь албан ёсны зах зээлтэй гэж дүгнэсэн байдаг бол хууль тогтоогчид эрүүл зах зээлээ бусниулахад хүрч байна. Тамхичдын хэрэглээг хязгаарлаж, хааж боосноор тэд хүмүүжиж тамхинаас гарна гэж үгүй. Зүгээр л тамхиа нууц, далд худалдаагаар хэрэглээгээ хангах аргаа олно. Тухайлбал, дэлхийн дөрвөн том аудитын компанийн (Big Four) нэг KPMG-гийн судалгаагаар Европын Холбооны хууль бус янжуурын тоо 41.8 тэрбум буюу нийт хэрэглээний 10.3 хувьд хүрч, татварын алдагдал 16.7 тэрбум евро болжээ. Тус компанийн мэдээлснээр 2025 онд францчуудын татсан нийт янжуурын 41.4 хувь (10 тэрбум орчим нь хуурамч), Их Британид татсан янжуурын бараг тэн хагас нь (45%), Бельгид 24.8 хувь, Нидерландад 22.1 хувь нь хууль бус янжуур байжээ. ЕХ-ны хууль бус хэрэглээний 44 хувийг хуурамч янжуур эзэлж байна. Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгүүд хуурамч тамхины нууц үйлдвэрээ Европын гол гол зах зээлийн зэргэлдээ байгуулсаар байна.
Өнөөдөр хуулийн зохицуулалтгүйгээс албан ёсны борлуулагчаар дамжин орж ирэх боломжгүй байгаа шинэ төрлийн утаагүй бүтээгдэхүүнийг хэрэглэгчид “ганзагаар” зөөж, нэгээс нөгөөдөө соошл сүлжээний зараар дамжуулан борлуулж байгаа. Хэрэв амт, үнэр, гаатай тамхийг хориглочихвол иргэд яг дээрх замаар хууль бус худалдаагаар хуурамч тамхины зах зээлийг цэцэглүүлж дөнгөнө. Амт үнэр, гаатай ч баталгаагүй янжуур, вэйпийг хөрш орнуудаас зөөж зарна. Хар зах зээл бүр дээд цэгтээ хүрнэ. Хохирогчид нь иргэд л болж, ямар нэгэн стандарт мөрдөөгүй хуурамч тамхинд хордоно. Гаатай халаадаг тамхи хэрэглэдэг УИХ-ын гишүүд ч Duty Free-гээс худалдан авсныгаа гаальд хураалгадаг болно.
Тамхитай, тамхичидтай тэмцэх тухай хатуу хорионы хууль батлах гээд байгаа гишүүд, тэр тусмаа санаачлагч гишүүд зах зээлийн оролцогчдын саналыг үл хүндэтгэн зөвхөн өөрсдийн хүсэлд нийцүүлэхээр хэтэрхий их зүтгэж, мэдээлэл сурталчилгаанд асар их мөнгийг зарцуулж байна. Энэ их мөнгө хаанаас гарч байж болох вэ?
О.Номинчимэг гишүүний ахалсан ажлын хэсэг татан буугдсан хэдий ч тэрбээр хэвлэлүүд болон нийгмийн сүлжээнд байр сууриа бараг өдөр бүр илэрхийлсээр байгаагийн ард эдгээр үйлчилгээний төлбөрөө хаанаас босгож байгаа вэ гэх асуулт заавал тавигдана. Түүний хуулийн төсөл, байр суурийг сохроор дагаж, хатуу хамгаалж байгаа О.Номинчимэгийн найзууд болох А.Ариунзаяа, Б.Жаргалан, Х.Баасанжаргал, О.Саранчулуун, Б.Мөнхсоёл нарын гишүүд дээрх асуултыг өөрсдөдөө тавьж үзсэн болов уу?
ДЭМБ-ын байр суурийг алхам бүртээ хамгаалсаар буй тэдний ард тус байгууллагын томоохон санхүүжүүлэгч Bloomberg Philanthropies сангийн оролцоо байгаа юм биш үү гэсэн эргэлзээ ч үүсэж байна. ДЭМБ гишүүн орнуудынхаа татвараас хэдэн арав дахин өндөр хэмжээний санхүүжилтийг хандивлагчдаасаа авч, тэдний эрх ашгийг өмнөө тавьдаг гэх шүүмжлэлд өртдөг. Монгол Улсын төрийн бодлогыг тодорхойлж, хууль баталдаг онцгой эрх мэдлийг хэрэгжүүлж буй гишүүд гадны сангийн санхүүжилтээр “захиалгат” хууль батлах хэмжээнд хүрсэн бол энэ улсын бие даасан бүрэн эрхт байдал юу болж хувирах вэ гэх асуултыг ч бид хөндөх ёстой.
Bloomberg Philanthropies сан нь тамхитай тэмцдэг гэдгээрээ алдартай. Тамхины хяналтын тухай хууль гадны байгууллагын хяналтад орсон юм биш биз дээ?!