Р.Оюун
Цам нь ад хорлол, гай барцад, муу муухай бүхнийг даран сөнөөх зорилготой нууц тарнийн ёсонд тулгуурласан шашны зан үйл юм. Чойжин сахиусуудыг бодитойгоор харуулснаар хүний сэтгэлийн гүнд нууц тарнийн онолын үрийг суулгаж байгаа ажээ. Үнэхээр сүсэглэж чадвал сахиус чойжингууд бодитойгоор морилон бууж цамнан бүжиж байна гэж бодогдох учиртай гэдэг. Цамын хөдөлгөөн бүр нь муу ёрыг дарах, хөөн зайлуулах номын үйлдэл аж. Ийм үйлдэл хийснээр муу зүйлийн хорлолыг дардаг гэсэн утга агуулгатай байдаг.
Хамгийн гол нь хүний сэтгэлд буй уур, мунхаг, тачаангуй гурван хорыг даран мөхөөж элдэв зүйлийн гайгаас ангижруулах увидас шидтэй бурхны шашны хатуу үйл гэж номлосон байдаг. Нууц тарнийн ёсны дэг сахилга хатуу учир цамын Чойжин сахиусны бясалгалыг хийж, дотоод санаа бодол нь номын зүгт бүрэн хандсан, номын абшиг санваар хүртсэн лам хуврагууд цамд цамнадаг. Цам нь жирийн нэг бүжиг наадам биш. Баг өмсгөл, чимэг зүүлтээсээ эхлээд гар хурууны байрлал хөдөлгөөн, харайх үсрэх нь цөм нууц тарнийн ёсны зан үйлийн гүн бясалгалыг илэрхийлдэг байна.
Эх сурвалж www.zms.mn