Б.ЗОЛБОО
Зуны дэлгэр цаг ямагт баяр, наадмаар дүүрэн байдаг билээ. Хонхны баяр, төгсөлтийн ойн уулзалт гээд олон баяр давхацсан өдрүүдэд хайртай, дотнын хүндээ цэцэг өгч баярлуулах гэсэн хүмүүс цэцгийн дэлгүүрээр зочлох нь ихэсжээ. Тэр хэрээр зөрөн өнгөрөх хүн бүр гартаа цэцэг барьж явах агаад нүдэнд нь цог, нүүрэнд нь инээмсэглэл тодорно. Инээмсэглэж яваа хүмүүсийг харах төдий сэтгэл дулаацаж, цэцэг авмаар бас бэлэглэмээр санагдана. Гэвч амьд цэцэг гундаж, шарлах нь хурдан бас сав баглаа боодол нь ихээхэн хог хаягдлыг бий болгодог аж. Энэ асуудлыг шийдэхээр хичээж буй хөдөлмөрч, хичээнгүй хүмүүсийн нэг бол “Блүүминг” цэцгийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Д.Бурмаа юм. Цэцгийн дэлгүүрээрээ дамжуулан олон хүмүүст аз жаргал бэлэглэж, эмэгтэйчүүд, охидод эергээр нөлөөлж яваа түүнийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн буландаа онцолж байна.
Цэцгийн дэлгүүртэй болох мөрөөдлөө биелүүлсэн эмэгтэй

Монгол Улс дахь НҮБ-ын урдхан байрлах буйдхан цэцгийн дэлгүүрт хөл тавимагц цэцэгсийн анхилам үнэр сэнгэнэж, сэтгэл тайвширна. Цэцэг бүр өөр өөр арчилгаа шаарддаг нь их хачирхам. Зарим цэцэг өөрөө дэлбээлдэггүй, харин хүний гарын оролцоотойгоор л сая нэг дэлбээлнэ. Ийм эмзэг бас үзэсгэлэнтэй цэцэгсийг арчлан тордох гэдэг хүнийг хайрлаж, энэрэхтэй эн тэнцүү ажээ.
Хайрлаж, энэрэх сэтгэлээр мөрөөдлөө биелүүлсэн хүн бусад хүний мөрөөдлийг биелүүлэхийн төлөө зүтгэж явахыг харах цаанаа л сэтгэл бахдам. Хорь гаруй жил олон улсын хүмүүнлэгийн төсөл, хөтөлбөрүүдэд тууштай ажиллаж байсан нэгэн чадварлаг мэргэжилтэн ийнхүү цэцгийн дэлгүүртэй болох мөрөөдлөө биелүүлжээ.
Хийх дуртай зүйлээ нийгмийн хөгжилд нөлөөлөхүйц зүйл болгож хөгжүүлэхийн төлөө өдөр бүр хичээнгүйлэн ажилладаг тэрээр “Нийгмийн хөгжилд үзүүлэх миний оролцоо юу вэ” гэх асуултыг өөрөөсөө нэн түрүүнд асуужээ. Улмаар эмэгтэйчүүдэд нөлөөлөх ажлыг хийхээр сэтгэл шулуудсан нь энэ юм.
“Өсвөр насны охид бүтээлч байна гэдэг хувь хүн болж төлөвшихөд чухал нөлөөтэй”

Анхаарал тавих олон асуудал эмэгтэйчүүдэд байдаг. Гэвч тэд эцэст нь өөрийгөө гээдэг. Өөртөө цаг гаргаж, юунд дуртайгаа мэдэлгүй олон жилийг ардаа үдсэн байх нь бий.
Бусдыг гэсээр өөрийгөө мартсан тэдгээр эмэгтэйчүүдэд туслах үүднээс Д.Бурмаа 2026 оны хоёрдугаар сарын 1-нд “The Blooming” дэлгүүрээ нээсэн юм. Тэрээр энэ тухайгаа “Блүүминг гэдэг бол дэлгэрэх, дэвжих гэсэн утгатай. Дэлгэрч буй юм бүхэн хүнд аз жаргал бэлэглэх нь сайхан. Хайртай дотнын хүндээ цэцэг бэлэглэхээр манай дэлгүүрийг зориод ирж буй хүмүүст цэцгийг нь боож өгөхдөө баяр, бахдал дүүрдэг. Боодолтой цэцгийг авч буй хүн ч аз жаргал, баяр баяслыг мэдэрнэ. Тийм учраас хүн бүрд аз жаргалыг түгээж яваадаа бахдал төрдөг” гэсэн юм. Энд тэндгүй олон өнгийн цэцэгс алаглах, халуун дулаан уур амьсгал бүхий энэ дэлгүүрийн бас нэгэн чимэг бол тэр өөрөө ажээ.
Тэрээр “Эмэгтэйчүүдийн нууц биш нууц” гэх фейсбүүк хуудсыг нээж, түүгээрээ дамжуулан бүтээлч ээжүүдтэй холбогддог аж. Уран зураг, керамик урлал, уут сав, цүнх хийдэг эмэгтэйчүүд голчлон хандаж, өөрсдийн бүтээлийг дэлгүүрт нь борлуулдаг байна. Мөн долоо хоног бүр эмэгтэйчүүд өөрсдийн дуртай зүйлээ танилцуулах, бие биеэсээ суралцах нээлттэй орон зайг олгох уулзалтыг цэцгийн дэлгүүртээ хийдэг юм. Олон эмэгтэйчүүд өөрсдийн хийх дуртай зүйлсээ авч ирж, бие биеэсээ мэдлэг, амьдралын туршлага хуримтлуулах орон зайг бүрдүүлжээ.
Мөн өсвөр насны охид бие хүн болж төлөвших явцдаа бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, хийх дуртай зүйлээ олох нь чухал юм. Тухайлбал, ээжтэйгээ хамт цэцгийн дэлгүүрт зочилсон охид бүтээлч урлал сонирхон, өөрсдөө хийж үзэх сэдэл тээдэг. Энэ тухай цэцэгчин бүсгүй “Охидод гар урлалын бүтээлүүдээс бэлэглэж, өөрсдөө хийж сураарай гэж захидаг. Эмэгтэй хүүхэд бүтээлч байна гэдэг хувь хүн болж төлөвшихөд чухал нөлөөтэй” хэмээсэн юм.
Хамгийн гол нь хог хаягдал үүсгэхгүй, эко сэтгэлгээг төлөвшүүлэх
Цэцгийн дэлгүүрүүдийн ачааллаас хамаарч өдөрт 300 тонн гаруй хэмжээний хог хаягдал гардаг гэх олон улсын судалгаа бий. Энэхүү хог хаягдлын ихэнх хувийг цэцгийн сав, баглаа боодол эзэлдэг. Гэвч цэцэг худалдан авч буй хүмүүс гоёмсог цэцгийн баглаа, боодолд ач холбогдол өгөх нь түгээмэл. Харин Д.Бурмаагийн хувьд, цэцгийн баглаа, чимэглэлд бус цэцгийн гоо сайханд төвлөрөх нь чухал гэх бодлыг тээдэг нэгэн юм. Тиймээс байгальд сөрөг нөлөөтэй чимэглэлийн хог хаягдлыг багасгах үүднээс тухайн цэцгийн гоо сайхан төвлөрөх, мэдрэхэд үйлчлүүлэгчдээ хөтөлдөг байна.
Түүнчлэн хэсэг хугацааны дараа хатаж хог хаягдал болдог баглаа цэцэгний асуудлыг шийдэх хамгийн тохиромжтой арга нь цэцгийн хатаамал урлал юм. Мэдрэмжээ цэцэгтэйгээ хамт хадгалах боломжтой хатаамал цэцгийн урлал нь дэлхийн улс орнуудад академик түвшний сургалт болтлоо хөгжжээ. Үүнийг эмэгтэйчүүдэд зааж, сургаснаар олон давуу талыг бүтээх юм. Тухайлбал, амьдралд тохиох цор ганц ариун нандин хайрын гэрч хуримын ёслолдоо барих сүйт бүсгүйн цэцгээ хатаамал болгон үүрд хадгалах боломжтой ажээ.
Энэхүү шийдэл нь хог хаягдал үүсгэхгүй байхад чиглээд зогсохгүй цэцэг авсан мэдрэмжийг удаан хадгалж буйгаараа онцлогтой билээ. Мөн тэрээр цэцэг худалдаж авсан үйлчлүүлэгчдэдээ хэрхэн арчлах тухай зөвлөмжийг фейсбүүк хуудсаараа дамжуулан хүргэдэг билээ. Иймд дан ганц цэцгийн хог хаягдлыг бууруулах бус өөр бусад зүйлсийг дахин боловсруулах хэвшилтэй болох нь чухал юм.
“Монгол эмэгтэй аз жаргалтай, өөртөө цаг гаргаж чаддаг байх нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд их нөлөөлдөг. Олон айл өрх аз жаргалтай байх нь эх орны хөгжлийн тулгуур юм. Бүтээлч эмэгтэйчүүд, охидтой хамтарч ажиллахад манай үүд, хаалга үргэлж нээлттэй. Өсвөр насны охинтой эцэг, эхчүүд багаас нь хийх дуртай зүйлийг нь олоход тусалж, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлээсэй гэж хүсэж байна” гэх “Блүүминг” цэцгийн дэлгүүрийг үүсгэн байгуулагч Д.Бурмаагийн үгээр энэ удаагийн бичвэрээ өндөрлөе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 121 (7863)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn