Г.ХҮСЛЭН

 

“Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” булангийн энэ удаагийн дугаарт мөлхөгч амьтдын төрөлжсөн дэлгүүр ажиллуулахын зэрэгцээ “Монголын террариумын амьтан судлалын холбоо”-ны идэвхтэй гишүүнээр ажиллаж буй У.Анударийг онцолж байна.

Сошиал орчинд хүмүүс түүнийг Instagram дахь “The Aquaterra” хуудсаар нь андахгүй. Тэрээр сэтгэл судлаач мэргэжилтэй бөгөөд одоо хүний нөөцийн менежерээр ажилладаг. Ажлынхаа хажуугаар нөхөртэйгөө хамт аквариум болон террариумын амьтдын чиглэлээр бизнес эрхэлж, төрөл бүрийн загас, могой, гүрвэл, аалз зэрэг амьтдыг үржүүлж, сонирхогчдод таниулдаг байна. Тэдний бизнес анх аквариумын загаснаас эхэлжээ. Харин өнөөдөр зөвхөн загас бус мөлхөгч амьтдын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлээд байгаа юм. Гэвч Монгол Улсад мөлхөгч болон аквариумын амьтан тэжээгчдэд зориулсан эрх зүйн орчин, зохицуулалт бага байгаа нь бэрхшээлтэй байдаг аж. Тиймээс энэ төрлийн амьтан сонирхогчид нэгдэн холбоо байгуулж, мэдээлэл солилцон ажиллаж байна.

 

ХҮН МЭДЭХГҮЙ ЗҮЙЛЭЭСЭЭ Л АЙДАГ

 

Манай нийгэмд тэжээвэр амьтныг зөвхөн нохой, муураар төсөөлдөг хэвшмэл ойлголт тогтоод удаж буй. Тийм ч учраас могой, гүрвэл зэрэг мөлхөгч амьтдыг харахаараа айж, жийрхэх нь элбэг. У.Анударь ч гэсэн тэдний адил хоёр жилийн өмнө мөлхөгчдөөс эмээдэг байжээ. Тэгвэл мөлхөгч амьтан сонирхох болсон тухайгаа “Монголын террариумын амьтан судлалын холбоо”-ноос жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулдаг өдөрлөг байсан. Санамсаргүй байдлаар тэр өдөрлөг дээр очсон. Тэр үед Монголын террариумын амьтан судлалын холбооныхон өөрсдийн тэжээдэг амьтдаа авчирч үзэсгэлэн гаргаж байсан юм. Тэнд нэг эмэгтэй маш том могой барьчихсан зогсож байхыг хараад их гайхсан. Би өөрөө могой харахаараа ойртож ч чаддаггүй байсан болохоор ямар зоригтой юм бэ гэж бодсон. Тэр үеэс л айдсаа давж үзье гэж шийдэж, могойг барьж үзсэн” гэв. Тэр үед тэрээр нөхрийнхөө хамт загасны дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Тэгвэл энэ явдлаас хойш БНХАУ руу загасанд явах бүрдээ мөлхөгч амьтдын дэлгүүрүүдээр орж, өөрийгөө бага багаар дасгаж эхэлжээ. Энэ талаараа “Холбооны хүмүүстэй танилцаад амьтдын гарал үүсэл, генетик, өнгө зүсний талаар судалж эхэлсэн. Тэгээд ойлгоод ирэхээр айдас алга болчихдог юм билээ. Хүн ер нь мэдэхгүй зүйлээсээ л айдаг юм байна лээ. Айхаа больсны дараа могойд хүрэх мэдрэмж хүртэл огт өөр болсон” гэв. Ингээд тэд мөлхөгчдийн нууцлаг ертөнц, сонирхолтой ааш араншин, амьдралын хэв маягт дурлаж, сонирхол нэгтэй хүмүүстэй ярилцсаар өнөөдрийн дэлгүүрээ бий болгожээ.

 

ХОВОР ГЕН, ӨНГӨ ЗҮСИЙГ СОНИРХОХ ХОББИ

Мөлхөгч амьтан тэжээхийн онцлог нь нохой, муур шиг эрхлүүлж, ээнэгшдэггүйд байдаг гэнэ.  Тэдний хувьд амьтдын генетикийн онцлог, өнгө зүс, үржүүлгийг судлах нь хамгийн сонирхолтой байдаг аж. Жишээлбэл, байгаль дээр байдаггүй өнгө зүстэй могой гаргаж авах эсвэл тодорхой генийн онцлогтой амьтныг үржүүлж хөгжүүлэх зэрэг нь энэ хоббины гол мөн чанар ажээ. Өнөөдөр тэдний дэлгүүр болон хувийн цуглуулгад найман төрлийн 14 могой, 10 гаруй гүрвэл, мөн гурван өөр төрлийн 30 орчим аалз бий. Эдгээрийн зарим нь Монголд ховорд тооцогдох генетикийн онцлогтой амьтад юм. Мөн хүмүүст зөвхөн үзүүлэх зорилгоор  тэжээдэг, гар дээр барих боломжгүй догшин араншинтай аалз ч байдаг байна.

 

ХҮМҮҮСИЙН АЙДАГ ЭНЭ АМЬТАД ХАМГИЙН БАГА АРЧИЛГААТАЙ

 

Олон хүн могой, аалз зэрэг амьтдыг маш их арчилгаа шаарддаг гэж боддог. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ байдаг аж. У.Анударийн хэлснээр могой нь хамгийн бага арчилгаа шаарддаг амьтдын нэг юм. Биеийн хэмжээнээсээ шалтгаалан долоо хоногт нэг удаа, зарим нь бүр хоёр долоо хоногт нэг удаа хооллодог байна. Амьдрах орчин буюу террариумын дулаан, чийгшлийг зөв бүрдүүлчихвэл арчилгаа бараг шаарддаггүй аж. Харин аалзны хувьд ч мөн адил зөв орчин бүрдүүлсэн тохиолдолд арчилгаа багатай амьтанд тооцогддог байна.

 

ХҮМҮҮСИЙН СӨРӨГ СЭТГЭГДЛИЙГ АНХААРДАГГҮЙ

 

Шинэ соёл, шинэ ойлголт нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхөд цаг хугацаа шаарддаг. Тиймээс тэд анх сошиал орчинд амьтдынхаа тухай контент нийтэлж эхлэхэд шүүмжлэлтэй нэлээд тулгарчээ. Зарим хүмүүс амьтдын хоол болгон ашигладаг тусгай төрлийн жоомыг гэрт үржүүлж, халдвар тараадаг гэж буруу ойлгодог байсан байна. Энэ талаар У.Анударь “Анх хүмүүст нэг бүрчлэн тайлбарлах гэж их хичээдэг байсан. Харин одоо бол сөрөг сэтгэгдэл бүрд хариулах шаардлагагүй юм байна гэдгийг ойлгосон. Миний зорилго бол хүмүүст гоё зүйл түгээж, эдгээр амьтдын талаар зөв ойлголт өгөх. Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийн хандлага өөрчлөгдөнө гэдэгт итгэдэг” гэв.

 

ХОББИГОО АМЬДРАЛЫНХАА ХЭВ МАЯГ БОЛЖЭЭ

 

Шинээр амьтан сонирхож байгаа хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа нь гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөхгүйгээр худалдаж авах юм. Тиймээс тэд амьтан худалдахаасаа өмнө тухайн хүнд маш сайн зөвлөгөө өгч, нөхцөл боломжийг нь нягталдаг учраас буцааж өгөх тохиолдол бараг гардаггүй байна. У.Анударь оффисын үндсэн ажилтай ч чөлөөт цагийнхаа ихэнхийг амьтдадаа зориулдаг гэдгийг түүний ярианаас анзаарсан юм. Тэрээр “Амралтын өдрүүдээ дэлгүүр дээрээ өнгөрөөж, амьтдынхаа арчилгаа, үржүүлэг, контент бүтээх ажилдаа зарцуулдаг. Амьд амьтантай ажиллана гэдэг өндөр хариуцлага шаарддаг ч өөрийн хамгийн дуртай хобби учраас хэзээ ч залхаж байгаагүй” гэж байлаа. Могой, аалз, гүрвэл гэхээр айдас төрдөг байсан ч нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг эвдэж, өөрсдийн олж авсан мэдлэгээ бусдад дамжуулан, нийгэмд гэрэл түгээж, мөс зүсэж яваа У.Анударийн хувьд айдсаа хобби болгож, хобби нь өнөөдөр амьдралынх нь салшгүй хэсэг болоод байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 121 (7863)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn