ИНҮТ ТӨХХК өчигдөр Улаанбаатар болон Сайншанд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. Ёслолд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Корин Перейра нарын хүндэтгэлийн дор ИНҮТ ТӨХХК, Худалдаа хөгжлийн банк, Францын Bpifrance банк болон Thales компанийн төлөөлөл оролцлоо.
Энэ хүрээнд ИНҮТ ТӨХХК, Худалдаа хөгжлийн банк хооронд “Зээлийн эрх нээх гэрээ”, Худалдаа хөгжлийн банк, Bpifrance банк хооронд “Санхүүжилтийн гэрээ”, ИНҮТ ТӨХХК, Thales компани хооронд “Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний хугацаа сунгах баримт бичиг”-т тус тус гарын үсэг зурсан юм.
“30 жилийн дараа агаарын навигацын тоног төхөөрөмжийг дэлхийн стандартад нийцсэнээр шинэчлэх боллоо”
Энэхүү санхүүжилт нь Монгол Улсын төрийн өмчит компани анх удаа Засгийн газрын баталгаагүйгээр, Францын төрийн хөрөнгө оруулалтын банк Bpifrance болон Монголын санхүүгийн салбарын тэргүүлэх байгууллагуудын нэг болох Худалдаа хөгжлийн банктай хамтран босгож буй экспортын зээл юм. Энэ нь төрийн өмчит байгууллагуудын санхүүгийн чадавх, олон улсын итгэлцлийн шинэ түвшинг харуулж буйг албаныхан онцоллоо.

Энэ талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Өнөөдөр бид 30 гаруй жилийн өмнө олон улсын өмнө хүлээсэн үүргээ бодит агуулгаар хэрэгжүүлж эхэлж байна. Энэхүү гэрээ нь зөвхөн нэг төслийн санхүүжилтийн асуудлыг шийдэж буй хэрэг бус Монгол Улсын иргэний нисэхийн салбарын дараагийн хөгжлийн суурийг тавьж буй стратегийн ач холбогдолтой алхам юм. Худалдаа Хөгжлийн Банк бидэнд санхүүгийн баталгаа гарган өгч, Францын Bpifrance хөрөнгө оруулагч банк санхүүжүүлснээр ИНҮТ-ийн Улаанбаатар дахь навигацын үндсэн төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, мөн Сайншандад нөөц төв шинээр байгуулахаар боллоо. Үүний санхүүжилтийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. 30 жилийн дараа бид агаарын навигацын тоног төхөөрөмжийг дэлхийн стандартад нийцсэнээр шинэчлэх болсондоо баяртай байна.
Ингэснээр нислэгийн аюулгүй байдал улам дээшилж, Монголын агаараар дамжин өнгөрөх онгоцны тоо нэмэгдэж, агаарын орон зайнаас олох орлого өснө.
Сайншанд, Улаанбаатар нь тектоникийн өөр байршилд байдаг. Улаанбаатарт байгаа төвд ямар нэг асуудал гарахад Сайншандынх ажиллаж, Сайншандад асуудал гарахад Улаанбаатарынх ажиллана. Олон улсын шаардлага нь ийм байдаг учраас анх удаа хэрэгжүүлэх гэж байна” гэлээ.
“Францын хөгжлийн агентлагийг Монголд нээнэ”
Систем, тоног төхөөрөмжийг агаарын хөдөлгөөний удирдлагын технологиор дэлхийд тэргүүлэгч Thales компани нийлүүлэх бөгөөд уг шинэчлэл нь агаарын зайн аюулгүй, найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангах суурь болно.

БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера “Стратегийн ач холбогдолтой салбарт хоёр улсын хамтын ажиллагааны төсөл хэрэгжих бүрэн боломж үүсэж байгаад баяртай байна. Энэхүү төсөлтэй холбоотой цогц шийдлүүдийг санал болгож байгаа. Төслийн технологи, санхүүжилт болон бусад хамтын ажиллагааны төслүүдийн модел болж байгаагаараа онцлог юм. Цаашид тогтвортой хөгжил, стратегийн ач холбогдолтой салбаруудад тус төслийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа. Мөн эдгээр чухал ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь Францын хөгжлийн агентлагийг Монголд нээх явдал юм. Тус хөгжлийн агентлагийг удахгүй Монголд нээснээр бусад төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх боломж үүснэ гэсэн хүлээлттэй байгаа” гэв.
Энэ оноос эхлэн агаарын навигацийн хураамжийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээг 50 хувиар бууруулах шийдвэр гарсан нь салбарын тулгамдсан төсөл, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх боломжийг нээж өгч байгаа аж. Монгол Улс 1989 онд Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцид нэгдэн орж, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын гишүүн болсон цагаас хойш уг орлогоо олон улсын жишгийн дагуу салбартаа дахин санхүүжилт хийж эхэлж байна.
“Төслийг ХХБ 100 хувь санхүүжүүлж, эрсдэл, эргэн төлөлтийг хариуцаж ажиллана”
Монголын тал Францын AirBus компаниас агаарын 10 хөлөг худалдан авах санал тавьж байгаа аж. Мөн ХХБ-аас МИАТ ТӨХК-д AirBus компаниас онгоц авахад нь санхүүжилтийн баталгаа гаргаж өгөхөд бэлэн байгаагаа илэрхийллээ.

ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон “Өнөөдөр дэлхийн түүхэнд навигацийн чухал ач холбогдолтой гэрээнд гарын үсэг зурлаа. Манай банкны хувьд үндэсний хэмжээний дэд бүтэц, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, хувь нэмрээ оруулж ирсэн. Энэхүү гэрээг байгуулснаар Францын Bpifrance банктай хийсэн анхны хэлцэл болж байна.
Энэ утгаараа Франц улстай Монгол Улсын хийж байгаа экспортын санхүүжилтийн анхны гэрээ болж байна. Энэ хүрээнд Францын Bpifrance банкнаас эх үүсвэрийг нь гаргах хэдий ч төслийг ХХБ 100 хувь санхүүжүүлж, төслийн эрсдэл, эргэн төлөлтийг хариуцаж ажиллана. Өмнө бид Boing хөлөг онгоцыг 100 хувь санхүүжүүлж оруулж ирж байсан” гэсэн юм.
Цаашид ИНҮТ ТӨХХК нь агаарын навигацийн орлогыг иргэний нисэхийн салбарт бүрэн зориулах, ИКАО-ийн аюулгүй байдлын шалгалтын зөвлөмжийг хэрэгжүүлэх, нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч зэрэг мэргэжилтэн бэлтгэх ажлыг тууштай үргэлжлүүлнэ гэв. Мөн өнөөдрийн байдлаар Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь нийт 10 агаарын хөлгөөр үйл ажиллагаа явуулж байгаагаас есөн агаарын хөлгийг түрээсээр ашигладаг байна. Улмаар түрээсийн төлбөр өндөр байгаа нь компанид санхүүгийн хүндрэл учруулахын зэрэгцээ үр ашиггүй байдлыг бий болгож байгаа аж. Иймд цаашид үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгийн парк шинэчлэлийн санхүүжилтийг шийдвэрлэх, орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын стандартад нийцүүлэн өргөтгөх, асуудлыг эрчимжүүлж ажиллахыг тодотгов.
Монгол Улс өнгөрсөн онд иргэний нисэхийн салбараа үндэслэн хөгжүүлсний 100 жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд дэлхийн 51 улстай Засгийн газар хоорондын агаарын харилцааны хэлэлцээр байгуулжээ. 2025 онд агаарын тээврээр 2.4 сая зорчигч үйлчлүүлж, түүхэн дээд амжилт тогтоосон нь салбарын тогтвортой өсөлтийг харуулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 121 (7863)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn