Д.БАЯР

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэл ам, чимээ имээгүйхэн батламжилсан зургаан аймгийн Засаг даргын нэг нь Завханы Ж.Жамьянтив байлаа. Завхан аймагт Монгол Ардын нам үнэмлэхгүй ялалт байгуулж, маргаангүйгээр олонхи болсон нь Ерөнхий сайдыг, бас сөрөг хүчин АН-ын зүгээс элдэв хэл ам гаргаад байлгүйгээр Засаг даргыг нь батламжлахад хүргэсэн биз.
Завхан аймаг 2008-2012 онд цэнхэр аймаг байлаа. 2008 оны сонгуульд Ардчилсан нам орон нутагт ялсан таван аймгийн нэг нь Завхан. Энэ ч утгаараа 2012 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үеэр “Завхан бол ардчиллын жишиг аймаг” хэмээн тодотгож байсан билээ. Ардчиллын жишиг аймагт орон нутгийн сонгууль тэгш бус гараан дээрээс эхэлсэн гэдгийг Завханы МАН-ын хорооны дарга Ж.Жамьянтив нэг бус удаа шүүмжилж байсан. АН-ынхан төр, захиргааны бүх шатанд өөрийн хүмүүсээ байршуулсан нь сонгуулийн хороодыг өөрийн гэсэн хүмүүсээрээ бүрдүүлсэн, аливаа маргаан, гомдол хүлээж авдаггүй, тусламжийн барааг тараахад хүртэл намчирхдаг гээд олон бэрхшээлтэй нүүр тулсан ч сонгуулийн дүн Завханд цэнхэр тугтай гарсангүй. Завханд Ардын намыг үнэмлэхүй ялалт байгуулахад Завхан аймгийн МАН-ын дарга Ж.Жамьянтив хэмээх энэ эрхэм түүчээлэн хүчин зүтгэсэн гэдгийг хамтран зүтгэгчид нь онцолж байна. Аймгийн Ардын намын хорооны даргын хувьд Ж.Жамьянтив орон нутгийн сонгуулийн үеэр намын жагсаалтыг тэргүүлэх боломж байсан нь мэдээж. Гэтэл тэрээр жагсаалт руу орох гэж зүтгэсэнгүй. Харин тойрогт нэр дэвшин ялалт байгуулж, аймгийн иргэдийн хурлын гишүүн болжээ.
Ж.Жамьянтив даргын унаган мэргэжил багш. Физик, астрономийн хичээлийг гайхалтай сайн заадаг байсан гэдгийг шавь нь одоо ч дурсан ярьдаг. Дараа нь намын ажилд, бас төрийн албанд зүтгэсэн түүнийг аливаад тууштай, гуйвж дайваад байдаггүй чигч хүн гэж хамтран зүтгэгчид нь үнэлдэг. Бас төрийн ажлыг доод шатнаас нь эхэлж хийсэн туршлагатай, амьдрал мэддэг даргатай боллоо гэдэг үг олон хүний амнаас гарч байгаа нь Ж.Жамьянтивийг сайн талаас нь үнэлж байгаа нэг үнэлгээ. Тэрээр зөв гэж үзсэн зүйлийнхээ төлөө хэнээс ч айж эмээлгүй үгээ хэлчихдэг нэгэн. Нэлээд хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгч Н.Багабандийн талаар нам дотор нь элдэв янзын яриа гарахад сумын Засаг дарга Ж.Жамьянтив гэдэг залуу “Манай Ерөнхийлөгч тэгж жижигрэх хүн биш” хэмээн шуудхан хэлчихэж байлаа. Тэр үеийн Бага хурлын гишүүд дотроос тухайн үед Ж.Жамьянтив шиг ингээд дуугарчих хүн тун цөөхөн байсан гэдгийг мэдэх хүн олон бий.
Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн ажлыг Улсын Их Хурлын гишүүд өөрсдөө хийсэн гэж өөртөө аваачиж наагаад байна гэдэг шүүмжлэлийн эсрэг бодолтой явдаг хүн бол Ж.Жамьянтив дарга. “Төр, засгаас тэр аймгийн тэр суманд ийм барилга байшин барина гэдэг асуудлыг шууд шийддэггүй, ТЭЗҮ, зураг төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээ гээд олон асуудал бий. Үүнд тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн нөлөө тус дэм зайлшгүй шаардлагатай. Өөрийнхөө намын бүлэгт оруулж танилцуулна, нөгөө намын бүлэгт оруулж хэлэлцүүлнэ, УИХ-ын байнгын хороо нэгдсэн чуулганд оруулж, олонхийн дэмжлэг авахын тулд уян хатан хандах гээд олон асуудал байдаг. Их хөдөлмөр зүтгэл шаардсан ажил” хэмээн үздэг. Түүн шиг УИХ-ын гишүүдийн хөдөлмөрийг үнэлдэг Засаг дарга тийм ч олон байхгүй л болов уу. Завхан аймаг УИХ-д МАН, АН гэсэн хоёр төлөөлөлтэй. Тэгэхээр манай, танай нам гэлгүйгээр алинтай нь ч ойлголцоод аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө хамтраад багаар ажиллачих биз.
Дэд бүтэц муу, 21 дүгээр зууныг лаатай угтсан хоёрхон аймгийн нэг гэдгээрээ бараг түүхэнд тэмдэглэгдэж үлдэхээр болсон гээд Завханд асуудал бэрхшээл олон. Хоёрхон сарын өмнө төвийн эрчим хүчний системд холбогдсон ч энэ нь Завхан аймгийн хэмжээнд асуудлыг бүрэн шийдчихэж байгаа хэрэг хараахан биш. Улиастай хотынхон халуун усгүй хэвээрээ л байна. Ардчиллын жишиг аймаг гэж цоллуулж, 1000 морин хуурч тоглуулж, дээд амжилт тогтоосныг 2000 болгож давж гарах уу, эсвэл арван мянган айл өрхийг ажилтай орлоготой болгох уу гэх мэтчилэн Ж.Жамьянтивийн өмнө шийдэх, сонгох хийх ажил их байна.
Бас Завхан аймаг энэ жил цас зуд ихтэй байна. Одоо арваад суманд байдал хүндэрч, орон нутгийн зам даваа хаагдаж, малчдад тусламж хүрэхэд бэрхшээл учирч байгаа гээд Завханы шинэхэн Засаг даргын эхний шалгалт зуд байх нь аль хэдийнээ тодорхой болчихоод байна. УИХ, орон нутгийн дараалсан хоёр сонгууль хөдөөгийнхийг хийрхэлд багагүй автуулж, улмаар өвөлжилтийн бэлтгэлээ ч тааруухан базаахад хүргэсэн бололтой. Завхан аймаг өвлийн бэлтгэлээ тааруухан базаасан юм байна гэж холбогдох албаны хүмүүс дүгнээд байгаа билээ. Тааруухан бэлтгэлтэйгээр зудтай нүүр тулж байгаа энэ үед нөөцийг хэр оновчтой, зөв хуваарилж зохицуулах вэ гэдэг Ж.Жамьянтив даргын хувьд эхний шийдэх асуудал нь.
Завхан аймаг уул уурхайн хөлд хамгийн бага нэрвэгдсэн аймаг байсан. Харин одоо Монголыг тэр чигээр нь нэрвэчихээд байгаа уул уурхайн түрэлт Завхан руу чиглэжээ. Завханы нутаг Заамарынх шиг нүх шуудуу болоод үлдэх үү, үгүй юу гэдэг Завхан аймагт 2016 он хүртэл засаг барих Ж.Жамьянтив даргын бодлого, хийж байгаа ажил, гаргаж байгаа шийдвэрээс ихээхэн хамааралтайг сануулахад илүүдэх юун.