С.БАТТУЛГА

“Би Монгол төрийн цэргийн сургуулийн сурагч

 Би зүүсэн мөрдэсөө өөрөө хүндэтгэнэ

 Би монгол хүүхдүүдийн манлайлагч” хэмээх уриаг эгнэн жагссан цэргийн хувцастай хүүхдүүд нэгэн зэрэг цуурайттал хэлэх чимээ Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн харьяа Тэмүүжин өрлөг их сургуулийн гадна талбайг цуурайтуулах ажээ. “Зууны мэдээ” сонин энэ оны зургаадугаар сарын 5-ны дугаарын “Амжилтын эзэн” буландаа Азийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээний хүрэл медальт, "Алдар" спорт хорооны тамирчин, тус сургуулийн 12б ангийн сурагч А.Цагаадайг онцолсон билээ. Харин түүнтэй ярилцахаар очиход биднийг нэгэн өвөрмөц орчин угтсан юм.

Талбайд сурагчдыг удирдан зогсох багшид ирсэн хэргээ дуулгавал “Захирал зөвшөөрчихвөл ямар ч асуудалгүй, та сургууль руу ороод уулзчих” гэнэ. Сургуулийн хаалга татан ороход зөрөн өнгөрөх сурагчид багш, ажилчидтай таарах бүрдээ бэлэн зогсож, ёслон хүндэтгэх нь энэ сургуулийн эмх цэгц, сахилга бат ямар түвшинд байгаагаа нь харагдана.

Сургуулийн захирал, хурандаа Д.Энх-Амгалан биднийг хүлээн авч, зөвшөөрөл өгөхийн зэрэгцээ сургуулиа товч танилцууллаа. Тэрээр "Манай сургууль нийслэлийн Засаг даргын 2010 оны 435 дугаар захирамжаар байгуулагдаж, улмаар Засгийн газрын 2023 оны 307 дугаар тогтоолын дагуу ҮБХИС-ийн харьяанд шилжсэн. Өдгөө нийт 15 бүлэг хичээллэх дөрвөн танхим, 150 сурагчийн дотуур байр, номын сан, 250 хүний суудалтай урлаг, спорт заалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн сургалт, хүмүүжлийн ажлыг 26 багш, 36 ажилтан, албан хаагч хариуцдаг" хэмээн тайлбарлав. Ингээд бид тус сургуулийн сурагч  А.Цагаадайтай ярилцлаа.

 

А.Цагаадай: "Дараагийн удаа Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлнэ дээ гэж нууцхан бодсон

-Хятад улсад зохиогдсон 20 хүртэлх насны хөнгөн атлетикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргасанд баяр хүргэе. Барианы шугам давж, медалийн тавцанд зогсож байх тэр мөчийн сэтгэгдлээсээ хуваалцаач?

 -Баярлалаа. Гараанаас гарсан цагаасаа л өөртэйгөө тэмцэлдсэн. Сүүлийн долоон тойрог үлдэхэд би тавдугаар байранд явж байлаа. Тэр үед "Ингээд дуусчих гэж үү, ингэж болохгүй" гэсэн бодол төрж байсан юм. Тэгтэл хажуугаас багш "Давтамжаа нэм, гараа сав" гэх дуу сонсогдсон юм. Шууд л багшийнхаа хэлснээр хурдаа нэмж, урд талын тамирчдаа гүйцсэн.

Сүүлийн гурван тойрогт бие маань зуурч хүндэрсэн ч "Олон тойрог тэссэн юм чинь одоо л тэвчих хэрэгтэй" гэж өөрийгөө хурцалсан. Сүүлийн 300 метр үлдэхэд өнгөрсөн жилийн тэмцээнээр медалиас мултарч байсан минь бодогдож "Дахиж алдаа гаргахгүй" гэж зориглоод бүх хүчээ шавхан дайрсан маань нүдээ олж, хүрэл медалийн болзол хангасан даа. Өмнө нь олон улсын тэмцээнд шагналт байранд орж байгаагүй болохоор их сандарч, догдолсон. Медалийн тавцанд зогсоход Монгол Улсын далбаа намирч, миний болон аавын минь нэр дэлгэцэд харагдахад үнэхээр сайхан байсан. Япон улсын төрийн дуулал эгшиглэх тэр мөчид "Дараагийн удаа бэлтгэлээ илүү сайн хийж байгаад Монголынхоо төрийн дууллыг заавал эгшиглүүлнэ дээ" гэсэн нууцхан хүсэл төрж билээ.

-5000 метр гэдэг залуу тамирчны хувьд чамлахааргүй хол зай. Энэ урт замыг туулахдаа ямар тактик баримтлав. Төлөвлөсөн тактикаа уралдааны явцад хэрэгжүүлж чадав уу?

-Алдар спорт хорооны хөнгөн атлетикийн дасгалжуулагч, дэд хурандаа Х.Уянга болон Төрбат багш нарын удирдлага дор бэлтгэлээ базаадаг. Мөн Оргилсайхан багш дээрээ хүчний бэлтгэлээ хийдэг. Бэлтгэл жигдэрч, сайн хангагдсан ч манай орны эрс тэс уур амьсгалаас шалтгаалж өвлийн бэлтгэл бага зэрэг алдагдсан тал бий. Тиймээс яг таг тактик гэхээсээ илүү олон зүйлд сатаарахгүй, зоригтой уралдах зарчим баримталсан. Түүнийгээ ч хэрэгжүүлж чадсан.

-Олон улсын шилдэг тамирчидтай өрсөлдөж байх үед тэсвэр тэвчээр алдагдаж, бууж өгмөөр санагдах үе гардаг уу. Тэр  үеэ хэрхэн даван туулдаг вэ?

-Өнгөрсөн жил Азийн аваргад анх удаа оролцоод дөрөвдүгээр байрт шалгарсан. Медалиа атгаад алдсан болохоор багш нарт маань ч, надад ч харамсалтай байсан. Урьд нь ялагдлын гашууныг амссан учраас энэ удаа дахиж алдаагаа давтахгүйн тулд байгаа бүхнээ шавхаж барианд орсон.

Багаасаа л гүйж харайх дуртай хүүхэд байлаа. “Тэмүүжин өрлөг” сургуульдаа элсээд үеийнхээ найзуудтай гүйлтийн сорил өгөхөд бусдаасаа хол зайтай барианд орсон юм. Манай биеийн тамирын Б.Нэргүйбаатар багш "Манай сургууль хөнгөн атлетикаар олон амжилт гаргасан. Одоо сургуулийнхаа шигшээ багийг бүрдүүлнэ" гэж хэлэхийг сонсоод бэлтгэл хийх урам зориг орж, сонирхолдоо хөтлөгдөн энэ спортод хөл тавьсан. Сургуулийнхаа шигээ багт багтан хоёр, гурван томоохон тэмцээнд орсны дараа багш маань "Миний хүү энэ спортоор тууштай хичээллэвэл амжилтад хүрнэ. Чи мэргэжлийн хүн дээр бэлтгэл хийх ёстой" гээд "Алдар" спорт хорооны дасгалжуулагч Х.Уянга багш руу явуулж байсан юм.

-Тэгвэл “Тэмүүжин өрлөг” сургуулийг яагаад сонгож суралцах болов?

-Аав, өвөө хоёр минь цэргийн хүмүүс. Цэргийн гэр бүлд өсөж торнисон болохоор том болоод цэргийн хүн болно гэж мөрөөддөг байв. Аавтайгаа хамт Оросын цэргийн сургуулийн тухай уран сайхны кино үзэж байхад Монголд ч ийм сургууль байдгийг аав минь хэлж өгсөн. Түүнээс хойш энэ сургуульд орохыг байнга боддог боллоо. Бид сургуульдаа элсэхийн тулд шалгалт өгч тэнцэх ёстой. Авга эгч маань монгол хэлний, охин нь математикийн багш учраас тэднийд сарын турш давтлага хийж, хоцрогдлоо арилгасан. Шалгалт өгөх хүүхдүүдтэй хөл бөмбөгийн талбай дээр жагсаж байхдаа "Тэнцчихвэл сайхан даа" гэж бодоод булан эргэхэд сургууль маань үнэхээр сүрдмээр харагдаж билээ. Хариугаа харахад наймдугаар байраар тэнцсэн байсан. Ингэж л би энэ сургуулиар овоглогдох болсон доо.