Т.СУМЪЯАДАШ
Долоо хоногийн дараа Монголын хамгийн том фестивалиудын нэг “ARA FESTIVAL” энэ жил “Аз жаргалтай долоодугаар сар” уриан дор дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Зуны үзэсгэлэнт байгальд аялал жуулчлал, соёл, спорт, залуучуудын хөгжлийг дэмжих зорилготой уг арга хэмжээ сар гаруй үргэлжлэх бөгөөд өчигдөр зохион байгуулагчид хөтөлбөрөө танилцууллаа. Тус фестивалийн бэлтгэлийн хүрээнд 2025 онд “ARA COMPLEX” нь 20 га талбайн хашааны нүүр хэсэгт нарны панел суурилуулж, фестивалийг бүрэн нарны эрчим хүчээр хангах системийг байгуулжээ. Энэ талаар “АRA COMPLEX”-ийн хамтран үүсгэн байгуулагч Г.Хонгорзул “Энэ жил бид байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад чиглэсэн олон шинэчлэл хийсэн. Тус систем нь нийт хэрэглэсэн усыг 99 хувийн түвшинд цэвэршүүлдэг дэвшилтэт фильтер технологи ашигладаг. Фильтерийн нүхний хэмжээ 0.01 микрон бөгөөд үснээс хэдэн мянга дахин нарийн. Ингэснээр цэвэршүүлсэн усыг зүлэг усалгаа, ногоо тарихад ашиглах боломж бүрдсэн” гэлээ.
Мөн фестиваль хоёр дахь жилдээ хог хаягдлыг ангилан цуглуулж, дахин ашиглах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. “Түвшинсайхан” эко төв нэг сарын турш фестивалийн үеэр ялгарсан дахивар хог хаягдлыг ангилан бэлтгэж, худалдан авахаар ажиллах юм байна. Мөн аялагчид ашигласан хуванцар, лааз, шил, нэг удаагийн хий баллон зэргээ солиулан мөнгөн урамшуулал авах боломжийг ч бүрдүүлжээ.
Мөн энэ жилээс “ARA FESTIVAL” фестивалийг гадаадын судалгааны байгууллагууд ч сонирхож эхэлсэн байна. Тодруулбал, Дэлхийн топ их сургуулиудын нэг болох Мельбурны их сургууль “АRA FESTIVAL”-ыг менежмент, санхүүжилт, хөтөлбөр бүрэлдэхүүнээр нь судалгааны материал болгож ашиглаж байна. Олон хоног үргэлжлэх фестивалийг төрийн санхүүжилтгүйгээр хувийн хэвшил, ивээн тэтгэгч байгууллагын дэмжлэгээр хэрхэн тогтвортой зохион байгуулах нь олон улсад сонирхол татаж байна. Мэдээлэл судалгааны үр дүнд энэхүү туршлага Мельбурны их сургуулийн урлагийн менежментийн лекцэнд контент болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.
Дэлхийн жишиг, стандартад нийцсэн морин тойруулгыг байгуулжээ
Харин “ARA FESTIVAL”-ын гүйцэтгэх захирал Э.Анхбаяр “Өнгөрсөн жил бид 300 мянган хүнд үйлчилсэн. “АRA COMPLEX” нь зөвхөн хөгжим төдийгүй аялал жуулчлал, энтертайнмент хосолсон цогц үйл ажиллагаа болж, Архангай аймгийн аялал жуулчлалын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Монголбанкны судалгаагаар 2023 оноос хойш фестивалийн улмаас тухайн орон нутгийн долоодугаар сарын эдийн засгийн эргэлт 10 дахин өссөн. Энэ жил дэд бүтцэд олон шинэчлэл хийж, 30 өдрийн хугацаанд давхацсан байдлаар 70 гаруй үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн” гэв.
Мөн “ARA COMPLEX” орчимд стандартын дагуу дэлхийн жишигт нийцсэн морин тойруулгыг байгуулжээ. Морин тойруулга нь үзэгчид, гараа хөдөлгүүр зэрэг онцлог үзүүлэлттэй бөгөөд комплекс тойроод үзэх боломжтой.
Түүнчлэн “ARA CUP”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд “ARA CUP”-ын менежер С.Тэмүүжин “Энэ жилийн гол шинэчлэлт бол 18 наснаас дээш, 58 кг-аас доош жинтэй мэргэжлийн жокейчдыг бэлтгэн уралдуулах юм. Солонгосын нэр хүндтэй тамирчин Жо Хивон хаврын уралдааны дараа хоёр сарын турш мэргэжлийн жоккейчдыг бэлдсэн. Мөн Австралийн алдарт жоккей Robbie Fradd манай улсад ирж ARA COMPLEX-д мэргэжлийн жишигт нийцсэн бэлтгэл хийж байна. Энэ жилийн уралдаан “G4–G1” рүү шалгарах зарчмаар явагдана. Холбооны зочин гараагаар холоос уралдах боломжтой. Мөн Солонгосын эрдэм шинжилгээний багтай хамтран “MGL ARA” угшлын дааганы уралдаан зохион байгуулна” гэлээ.
Мөн“PHYSICAL ASIA” шоуг санаачлагч “Spark Agency Mongolia” энэ жил фестивалийг хамтран зохион байгуулж, маркетингийн бааз дээр ажиллаж байна. Энэ талаар “Spark Agency Mongolia”-ийн гүйцэтгэх захирал н.Дөлгөөн “Энэ жилийн албан ёсны нүүр царайгаар Австралийн иргэн Эдди Уильямс ажиллаж байгаа. Тэрээр гэр бүлээрээ нэг сарын турш бидэнтэй хамт байж, фестивалийг дэлхий дахин таниулах үүрэг гүйцэтгэнэ. Мөн “Physical Asia” шоуны таван орны төлөөлөлтэй, 6-8 тамирчин оролцоно” гэв.
Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан “Content Creator’s Day” арга хэмжээг долоодугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулж, контент бүтээх сонирхолтой залуучуудад зориулсан боломжийг нээх аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 119 (7861)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn