Ц.БАЯР
Хүнд, хортой нөхцөлд ажилладаг эрчим хүчний салбарын ажилтнууд 1.8 сая төгрөгийн цалин авдаг. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2026.06.23/сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулж, эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудал, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Эрчим хүчний салбарт нийт 17800 орчим хүн ажиллаж байгаагаас 14 мянга гаруй нь үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр бүртгэлтэй. Салбарын ажилтнуудын үндсэн цалин дунджаар 1.8–2.5 сая төгрөгийн хооронд байгаа нь хөдөлмөрийн нөхцөл, ажлын онцлогтой харьцуулахад хангалтгүй түвшинд байна. Дэлхийн хэмжээнд эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин бусад салбарынхаас хоёроос гурав дахин өндөр байдаг. Эрчим хүчний салбар хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажилладаг онцлогтой. Тухайлбал, ДЦС-3-т гэмтэл гарсан тохиолдолд өдрийн ээлжид ажиллаж байсан ажилтан ажлаа дуусгаад орой гэртээ харих боломжгүй болж, осол гэмтлийг завсарлаж дуустал хүртэл ажиллах шаардлага үүсдэг. Мөн ДЦС-4-ийн зууханд гэмтэл гарсан үед целсийн 70 хэмийн халуун орчинд ажилтнууд хувцасаа норгож, гагнуурын ажил гүйцэтгэдэг. Түүнчлэн байнгын чийгтэй, хуурай, тоосжилт ихтэй орчинд ажилладаг. Ийм нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудын үндсэн цалин 1.8 сая төгрөг байгаа нь үнэхээр харамсалтай. Тийм учраас ажиллагсадын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байгаа юм. Өнөөдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 26.1, 26.2 дугаар зүйлд заасны дагуу эрчим хүчний салбарын 28 байгууллагын 6600 ажилтнуудаас санал асуулга авахад 95 хувь нь ажил хаялтыг дэмжсэн. Энэхүү шийдвэрийн дагуу Монголын эрчим хүч, геологи, уул уурхай, үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх хороо хуралдаж, 2026 оны зургаа дугаар сарын 30-наас эхлэн ажил хаялт зохион байгуулах шийдвэр гаргасан” гэв.
Ш.Энхсаран: Нэг киловатт дулааны эрчим хүчийг 28 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 2320 төгрөгөөр борлуулж байна
Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран “Манай цахилгаан станцын үндсэн тоноглолууд насжилт өндөртэй, нийт ажиллах ёстой хугацаанаасаа бараг 10–15 хувиар илүү ажилласан байна. Өнөөдрийн байдлаар нэг зууханд их засвар хийх шаардлагатай бол бид өртгийнхөө дөрөвний нэг буюу 25 орчим тэрбум төгрөгөөр их засвараа хийж байгаа юм. Дараагийн тулгараад буй хүндрэл бол тарифын асуудал юм. Өнөөдрийн байдлаар манайх нэг киловатт дулааны эрчим хүчийг 28 мянга орчим төгрөгөөр үйлдвэрлээд, дулааны шугам сүлжээнд 2320 төгрөгөөр борлуулж байна. Үүний зөрүүг манай байгууллага үүрч явж байгаа шүү дээ. Тарифын алдагдалтай ажиллаж байгаа тохиолдолд ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх ямар ч боломжгүй Бид их засвар, урсгал засвараа хангалттай хийж чадахгүй байна. Ажилтнууд илүү цагаар маш их ажиллаж байна. Ажилтнуудыг илүү цагаар ажиллуулж байгаа ч тэдний илүү цагийн хөлсийг бүрэн олгож чадахгүй байна.
Цалингаа тавихын тулд бид сардаа тэрбум, түүнээс дээш төгрөгийн зээл авч, цалингаа тавих нөхцөл байдалд ороод байна. Эрчим хүчний салбарт ажиллагсад хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд ажилладаг. Жилд дунджаар 150–170 хүн ажлаас гарч байна. Үүний 50 орчим хувь нь өөрийн хүсэлтээр гардаг. Эрчим хүчний салбарт ажиллагсад хамгийн багадаа гурван сарын хугацаанд дадлагажсны үндсэн дээр үндсэн ажилтан болж, 5–10 жил ажилласны дараа мэргэшсэн ажилтан болдог. Гэтэл ийм хугацаанд тогтвортой ажиллах хүн олдохгүй байна. Манай ажилтнууд ихэвчлэн 3–4 жил ажиллаад ажлаасаа гарч байна. Ажлаасаа гарч буй ажилчид “Хөдөлмөрийн хүнд нөхцөлд маш өндөр хариуцлага хүлээж ажиллаж байгаа ч цалин хангалтгүй байна” гэдэг шалтгааныг л хэлдэг. Эрчим хүчний салбарт ажиллагсдын цалинг нэмэгдүүлэх шаардлагыг Эрчим хүчний яаманд олон удаа хэлсэн. Хэлэлцээр 2026 оны нэгдүгээр сард эхэлсэн ч өнөөдрийг хүртэл бид тохиролцоонд хүрээгүй байна. Өнөөдрийн байдлаар хамгийн сүүлийн арга хэмжээ бол ажил хаялт гэдэг нөхцөл байдалд хүрчхээд байна. Манай ДЦС-3 ТӨХК-ийн хувьд 970 ажилтны орон тоотой. Үүнээс ажил хаялтыг дэмжих эсэх тухай санал асуулгад 880 ажилтан хамрагдсан. Үүнээс 850 ажилтан ажил хаялтыг дэмжинэ гэсэн байр сууриа илэрхийлж, гарын үсгээ зурсан гэдгийг онцлоод ажил хаялтад оролцоно гэдгээ илэрхийллээ.