Д.Дарамбазар
Аргентин болон Австри улсын шигшээ багуудын тоглолтын 38, 95 дахь минутад Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси гоол оруулснаар дэлхийн аваргын бүх цаг үеийн хамгийн олон гоол оруулсан амжилтын эзэн боллоо. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны ээлжит тоглолт үргэлжилж, Месси энэ удаагийн дэлхийн аваргын эхний тоглолтод Алжирын эсрэг “хет-трик” хийснээр ДАШТ-д оруулсан нийт гоолын тоогоо 16-д хүргээд байв. Энэ нь Германы домогт довтлогч Мирослав Клозегийн амжилттай зэрэгцээд байсан юм. Харин Австрийн эсрэг тоглолтын эхэнд Аргентин торгуулийн цохилт авах эрхтэй болсон ч Месси 10 дахь минутад цохилтоо амжилттай болгож чадсангүй. Гэвч 38 дахь минутад багийнхаа довтолгоог амжилттай төгсгөж, тоглолтын эхний үеийг 1:0-ийн харьцаатай өндөрлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Харин тоглолтын хоёрдугаар үеийн нэмэлт цагт Месси дахин нэгэн гайхалтай гоол оруулснаар ДАШТ-д нийт 18 гоолтой болж, өөрийн тогтоосон амжилтыг улам ахиулан шинэчилэлээ. Австрийн эсрэг эхний гоолио оруулсанаар зөвхөн эрэгтэйчүүдийн төдийгүй эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын дээд амжилтыг эзэмшиж байсан Бразилийн домогт тоглогч Мартагийн 17 дахь гоолтой эн зэрэгцсэн юм. Марта 2003-2019 оны хооронд эмэгтэйчүүдийн ДАШТ-д нийт 17 гоол оруулж, дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн олон гоолтой тоглогчоор нэрлэгдэж байв.
Ингэснээр Аргентины шигшээ баг тус дэлхийн аваргын эхний хоёр тоглолтод Месси ганцаараа таван гоол оруулсан оноотой тоглолтоо үргэлжлүүлж байна. Энэ амжилтын дунд Аргентины шигшээ багийн нэгэн сонирхолтой давхцлыг онцольё. 1986 оны зургаадугаар сарын 22-нд Диего Марадона Английн шигшээ багийн эсрэг тоглолтод алдарт “Бурхны гар”, “Зууны шилдэг гоол” хэмээн мөнхөрсөн хоёр гоолоо оруулж, дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ. Харин яг 40 жилийн дараа буюу 2026 оны зургаадугаар сарын 22-нд Лионель Месси Австрийн эсрэг “дубль” хийж, дэлхийн аваргын бүх цаг үеийн шилдэг мэргэн буучийн дээд амжилтыг тогтоолоо. Ийнхүү Аргентины хөлбөмбөгийн хоёр их домгийн түүхэн мөч ижил өдөр тохиосон нь хөгжөөн дэмжигчдийн дунд онцгой бэлгэдэлтэй үйл явдал хэмээн яригдаж байна.
Эх сурвалж:www.zms,mn