Б.ЗОЛБОО
Урлаг, тэр дундаа сонгодог хөгжим хүний сэтгэлийн утсыг хөндөх, хүн болж төлөвшихөд хамгийн их нөлөө үзүүлдэг билээ. Бүрхэг, хүйт даасан энэ л өдрүүдэд Монгол Улсын Консерваторын гадуур өнгөрч явбал төгөлдөр хуурын ая эгшиглэж даруй сэтгэл уяран, дулаацах мэт. Төгөлдөр хуурын чимээ улам ойртсоор, “Улаанбаатар” олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль хэмээх гарчиг бүхий зарлал нүдэнд туслаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ОХУ, БНХАУ, Солонгос зэрэг улсаас мэргэжлийн төгөлдөр хуурч, багш, шүүгчид ирж, Монголын мэргэжлийн төгөлдөр хуурчдын холбоо болон Монгол Улсын Консерваторын мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн санаачилгаар уг фестивалийг зохион байгуулж буй нь энэ аж. Энэхүү фестиваль Монгол Улсын Консерваторын танхимд зургаадугаар сарын 22-26 өдрүүдэд зохион байгуулагдах юм.
“Улаанбаатар” хотын нэрэмжит анхны олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын фестиваль
Дэлхийн олон улс, хотууд өөрийн гэх төгөлдөр хуурын болон хөгжмийн томоохон фестивальтай байдаг аж. Тухайлбал, Франц улсын Прованс мужид жил бүр төгөлдөр хуурын фестиваль зохион байгуулагддаг. Харин Монгол Улсын хувьд энэ жил анх удаа “Улаанбаатар” олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын фестиваль болж буйгаараа онцлог билээ.
Монгол Улсын Консерваторын Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн эрхлэгч, Мэргэжлийн төгөлдөр хуурчдын холбооны захирал Г.Оюун-Эрдэнэ энэ тухай “Бид улс орныхоо нэрийг олон улсад таниулах, сонгодог хөгжмөөр дэлхий дахинд сурталчлах мөн энэ хөгжмөөр хичээллэн суралцаж байгаа сурагчдынхаа ур чадварыг дээшлүүлэх, Монгол Улсын Консерваторын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой” гэсэн юм.
Түүнчлэн энэ фестивалийг зохион байгуулснаар төгөлдөр хуурчид зөвхөн өрсөлдөх бус бие биетэйгээ танилцаж, туршлага солилцох цаашлаад олон улсын хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх онцлогтой ажээ. Тухайлбал, Монгол Улсад төгөлдөр хуур хөглөөч мэргэжилтэн тун ховор байдаг учраас энэ фестивалиар дамжуулан ОХУ-аас мэргэжлийн багш нарыг урьж, сургалт явуулахаар төлөвлөжээ.
“Би төгөлдөр хуурч болох мөрөөдөлтэй”
“Өсвөрийн” гэх тодотгол бүхий уг фестивальд 8-17 насны 307 залуу авьяастнууд оролцож байна. Хүүхдийн хүмүүжилд сонгодог хөгжим, ялангуяа төгөлдөр хуур чухал нөлөө үзүүлдгийг багш, асран хамгаалагч болон мэргэжилтнүүд онцолж байв.
Хүүхдийн нүд баяр баясал, гал цог дүүрэн. Гэхдээ хүүхэд мөрөөдлөө ярихдаа өөртөө улам итгэлтэй болж, нүдний нь оч тодоос тод гэрэлтдэг. Ээж, аавынхаа гараас хөтлөн инээд алдан төгөлдөр хуур эгшиглэн буй танхимаас гарч ирэх залуу авьяастныг Г.Бөртэ гэдэг. Тэрээр “Би хоёр мөрөөдөлтэй. Төгөлдөр хуурч бас зураач болох” хэмээн нүдэндээ гэрэл цацруулан ярьсан юм. Г.Бөртэ төгөлдөр хуур хөгжмөөр хоёр жил хичээллэж байгаа бөгөөд хамгийн тоглох дуртай ая нь “Fountain in the rain” аж.
Түүний аав Ц.Ганболд “Энгийн сургуульд сурч байгаа хүүхдээс хоёр дахин ачаалалтай байдаг учраас сууж сурахаас гадна анхаарлаа сайн төвлөрүүлж сурдаг” хэмээн төгөлдөр хуур тоглож сурахын ач холбогдлыг онцолсон юм. Түүнчлэн “Энэхүү алхам нь өөрийгөө хөгжүүлэх, ирээдүйд том тайзан дээр гарах бэлтгэл болж өгдөг. Амжилт үзүүлэх нь чухал биш оролцох нь чухал” хэмээн аав хүний охиноо дэмжсэн үгсийг өгүүлж байсан юм.
Эхэнд дурдсанчлан, урлагийн гайхамшиг нь хүнийг хүн болгож төлөвшүүлэхээс гадна мөрөөдөл, хүсэл эрмэлзлийнх нь нэг хэсэг болсныг бяцхан төгөлдөр хуурч Г.Бөртэгийн оч гийсэн нүднээс харж болох мэт.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 118 (7860)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn