Т.СУМЪЯАДАШ
Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын архивын салбарт хамтран ажиллах хамтарсан комиссын XXVIII хуралдаан зургаадугаар сарын 22-нд Улаанбаатар хотноо эхэллээ. Хоёр улсын архивын байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, төрийн архивын төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцож буй энэ удаагийн хуралдаан нь зөвхөн архивын салбарын асуудлыг хэлэлцсэн уулзалт бус, Монголын түүхэн өвийг эрэн сурвалжилж, судалгааны эргэлтэд оруулахад чиглэсэн чухал алхам болж байна.
Хуралдааныг нээж Хамтарсан комиссын Монголын хэсгийн төлөөлөгч, Архивын ерөнхий газрын дарга Л.Нямгэрэл “Монгол, Оросын архивын хамтын ажиллагаа 1992 онд эхэлснээс хойш тасралтгүй үргэлжилж, олон үнэт баримтыг илрүүлэн судалж, олон нийтэд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Өнгөрсөн хугацаанд хоёр улсын архивын байгууллагууд Монголын түүхтэй холбоотой олон мянган хуудас эх сурвалжийг илрүүлж, судалгаа шинжилгээний эргэлтэд оруулжээ. Түүнчлэн түүхэн баримтын эмхэтгэлүүдийг монгол, орос хэлээр хэвлэн нийтэлж, архивын боловсон хүчин бэлтгэх, цахимжуулах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн” гэсэн юм.
Харин энэ удаагийн хуралдааны гол онцлог нь Оросын архивуудад хадгалагдаж буй Монголын түүхэн ач холбогдол бүхий баримтуудыг илүү өргөн хүрээнд илрүүлэх, хуулбаруудыг эх орондоо авчрах, Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулах асуудлыг онцгойлон тавьж буй явдал юм.
Түүнчлэн Монголын түүхтэй холбоотой олон үнэт баримт өнөөдөр Оросын архивуудад хадгалагдаж байгаа ч тэдгээрийн байршил, агуулгын талаар бүрэн мэдээлэлгүй хэвээр байна. Иймээс судлаачдыг архивуудад ажиллуулах, шинээр илэрсэн баримтын хуулбарыг авах, үнэт эх сурвалжуудыг илрүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн архивын баримтын аюулгүй байдал өнөө цагийн хамгийн чухал асуудлын нэг болсныг судлаачид онцолж, сэргээн засварлалт, хамгаалалт, хадгалалтын чиглэлээр орчин үеийн технологи ашиглан хамтран ажиллах санал дэвшүүлсэн юм.
Хуралдааны хэлэлцүүлгийн үеэр “Үндэсний төв архив”-ын захирал Т.Сайнжаргал хамтын ажиллагааны үр дүнгийн талаар танилцуулсан бөгөөд “Хоёр улсын архивын байгууллагууд өнгөрсөн 34 жилийн хугацаанд архивын баримтыг судалгааны эргэлтэд оруулах, хамтарсан ном, эмхэтгэл хэвлүүлэх, мэргэжил арга зүйн туршлага солилцох, баримтын хуулбар харилцан солилцох зэрэг чиглэлээр тогтвортой хамтран ажиллаж ирсэн” гэв.
Тэрээр энэ удаагийн хуралдаанд соёл, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын төлөөллийг өргөнөөр оролцуулсныг онцолж, 2026-2027 онд хэрэгжүүлэх хамтарсан ажлын төлөвлөгөөг боловсруулж, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын харилцаа холбоотой шинэ эмхэтгэлүүдийг үргэлжлүүлэн гаргахаар хэлэлцсэн тухайгаа дурдлаа.
“1990-ээд оноос Оросын архивууд нээгдсэнээр өмнө нь нууц байсан олон баримт ил болж, Монголын ХХ зууны түүхийг шинэ өнцгөөс харах боломж бүрдсэн”

Оросын төрийн архивуудаас авсан баримтын хуулбарууд өнөөдөр “Үндэсний төв архив”-ын 445 дугаар хөмрөгийг баяжуулж байгаа бөгөөд эдгээр материалууд олон нийт, судлаачдад нээлттэй ашиглагдах боломжтой болсон нь хамтын ажиллагааны бодит үр дүнгийн нэг болжээ.
Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан энэхүү комиссыг шинэ үеийн түүхэнд байгуулагдсан хамгийн анхны хамтарсан комиссуудын нэг хэмээн тодорхойлсон юм. Тодруулбал, “1990-ээд оноос Оросын архивууд нээгдсэнээр өмнө нь нууц байсан олон баримт ил болж, Монголын ХХ зууны түүхийг шинэ өнцгөөс харах боломж бүрдсэн” гэдгийг онцоллоо. Мөн комиссын хүрээнд Коминтерн болон улс төрийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, соёл, цэргийн салбарын хамтын ажиллагааны талаарх олон ботийг хэвлэн гаргасан байна.
Харин энэ удаад 1953-1965 оны төрийн харилцааны шинэ эмхэтгэлийг танилцуулж, цаашид 1921 оноос өмнөх үеийн түүх, төмөр замын хөгжил, Халх голын байлдаан зэрэг сэдвээр шинэ эмхэтгэлүүд бэлтгэх асуудлыг хэлэлцсэн юм. Түүнчлэн зөвхөн архивын байгууллагууд бус, Шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдыг оролцуулсан байнгын хамтарсан механизм бий болгох санал дэвшүүлсэн нь судалгааны хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах хүлээлт төрүүлж байна.
Хуралдааны гол зорилго нь Оросын архивуудад хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой хаалттай болон судлагдаагүй баримтуудыг илрүүлж, шинжлэх ухааны эргэлтэд оруулах замаар хоёр улсын харилцааны түүхийг бодит эх сурвалжид тулгуурлан сэргээн тодруулахад оршиж байна. Түүх бол зөвхөн өнгөрсөн цагийн дурсамж бус, үндэстний ой санамж юм. Тэрхүү ой санамжийн нэгээхэн хэсэг өнөөдөр Оросын архивуудад хадгалагдаж байгаа бөгөөд XXVIII хуралдаан тэдгээр баримтыг эх орондоо ойртуулж, хойч үедээ үнэн бодитоор өвлүүлэх шинэ боломжийг нээж байна.
Хуралдаанаас гарсан шийдвэрүүд цаашид Монголын түүхтэй холбоотой шинэ эх сурвалжуудыг илрүүлэх, тэдгээрийг олон нийтийн хүртээл болгоход чухал түлхэц болох юм. Архивын хөмрөгөөс олдох нэгэн баримт өнгөрсөн үеийн бүдэг бадаг үлдсэн дүр зургийг тодруулж, түүхийн шинэ хуудсыг нээх боломжтой. Иймээс энэхүү хамтын ажиллагааны үнэ цэн зөвхөн өнөөдрөөр хэмжигдэхгүй билээ.



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 118 (7860)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn