Н.Гэрэлтуяа, Гэрэл зургийг Р.Оюун
Инженер, математик, физик, хэрэглээний шинжлэх ухааны салбарын үе үеийн боловсон хүчингүүд Шинжлэх ухаан технологийн их сургуулиас төрөн гардаг. Өнөөдөр тус сургуулийн төгсөгчид дипломоо гардан авч байна. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон оюутнууд мэргэжлийнхээ онцлог болон ажлын гараагаа хаанаас эхлэх мөн хиймэл оюун ухааны хэрэглээ хөгжиж байгаа энэ үед мэргэжилд нь хэрхэн нөлөөлөх талаар санаа бодлоо хуваалцсан юм. Үүнээс гадна оюутан болсон эхний жилүүдэд тохиолдсон хөгтэй явдал, хүнд хэцүү цаг үеэ дурслаа.
Механик инженер, тээврийн сургуулийн Авто инженерийн төгсөгч О.Анх-Учрал “Автомашины хоббитой байснаас гадна аавынхаа залгамж халаа болон энэ мэргэжлийг сонгон суралцаж байсан. Дөрвөн жилд бусдын адил унахдаа унаж, хийж байгаа зүйлдээ шантрах үе олон байсан. Хүмүүс дотоод шаталтын хөдөлгүүр гэхээр тэр бүр мэддэггүй. Хөдөлгүүр бүх зүйлийн хөдөлгөгч хүч болдог. Тиймээс үүнийг сурч мэдэх, цаашид ажиллах хүсэлдээ хөтлөгдсөнөөр төгсөж байгаадаа баяртай байна. Одоогоор ажлын байраа судалж байгаа. Юун түрүүнд уул уурхайн салбараас гараагаа эхлэх бодолтой байна” гэв.
ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХӨГЖИХИЙН ХЭРЭЭР МАНАЙ САЛБАР ҮГҮЙ БОЛНО ГЭСЭН ХИЙСВЭР ОЙЛГОЛТ БАЙДАГ
Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Программ хангамжийн инженерчлэлийн төгсөгч Ц.Баярхүү “Ахлах ангидаа мэдээллийн технологийн хичээл дээр анхан шатны SMALL BASIC программчлалийг мэдэж авч байсан. Математик, физикийн хичээлдээ дуртай хүүхэд байсан болохоор хичээлийнхээ бодлогыг компьютер дээр бодож болдгийг мэдснээс хойш мэргэжилдээ илүү сонирхолтой болсон. Нарийн мэргэжил гэдгийг мэдээгүй. Зөвхөн IT программ хангамж гэсэн өнгөц ойлголттой сургуульдаа орж байсан. Мэргэжлийнхээ дагуу сонирхсон компаниудад өргөдөл, CV-гээ илгээчихсэн байгаа. Цагдаагийн кибер аюулгүй байдлын газраас урилга ирсэн. Техник технологи хөгжөөд хиймэл оюун ухааны хэрээр манай салбарынхан ажиллахад илүү амар хялбар болж ирж байна. Цахим шилжилт рүү шилжиж байгаа энэ үед эрэлт хэрэгцээ өндөр. Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр манай салбар үгүй болно гэсэн хийсвэр ойлголт хүмүүст байдаг. Бидний мэргэжил хөгжихийн хэрээр хиймэл оюун ухаанд илүү боловсронгуй үүрэг өгч, алдаа дутагдлыг нь засах тал дээр ажиллаж чадна. Хийх зүйлс маань хөнгөрч байгаа нь үнэн боловч шахагдаж үгүй болно гэсэн ойлголт байхгүй. Оюутан болсон анхны өдрөө ангиа олохгүй төөрч байлаа. Хамгийн сонирхолтой нь эхний хичээл найман цагт эхэлдэг болохоор англи хэлний багштайгаа хамтдаа хичээл орох танхимаа хайж байлаа. Тухайн үедээ их л сандралтай орж байснаа санаж байна” гэсэн юм.
ЭРЭЛТТЭЙ ТОП ТАВАН МЭРГЭЖИЛД ОРДОГ
Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Хэрэглээний математикийн магистрын төгсөгч Э.Ундармаа “Миний хувьд бакалаврын мэргэжил маань статистик бүх төрлийн математикийн хичээлийг сурч төгсдөг. Тиймээс цааш суръя гэсэн бодолтой байсан учир магистраа хамгаалсан. Мэргэжил сонголт дөхөж ирээд химийн чиглэлээр явна гэж бодож байсан ч математик, физикийн хичээлдээ улам сонирхолтой болсноор статистик мэргэжлээ сонгож байсан. Оюутан болж байхад мэргэжлийн талаарх ойлголт тийм ч түгээмэл биш байсан ч өөрөө хайж, олж сонирхсоны үндсэнд надад тохирох
юм байна гэдгийг ойлгоод сонгож байсан. Хүмүүс мэргэжлийг маань анх сонсоод Үндэсний статистикийн хороо юу гэж асуудаг байсан. Тэр болгонд тайлбарлах, мэргэжлийнхээ талаар ярьж өгөх үе гарч байлаа. Бусад мэргэжлээс ялгарах онцлогийн хувьд суурь мэдлэг шаарддаг. Дунд нь шантрах үе олон гарч байсан ч одоо ингээд төгсөж байгаадаа үнэхээр баяртай байна. Таван жилийн турш сургуульдаа суран бакалавр, магистрын дипломоо авсан байна. Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр манай мэргэжил улам эрэлт хэрэгцээтэй болж, өснө гэж боддог” гэв.
Тэрээр энэ мэргэжлээр суралцахыг хүсэж буй оюутан, залууст хандаж хэлэхэд сайн хичээгээрэй, шантрах үеэ давж гарсны дараа сайхан байдаг. Сонгосон мэргэжилдээ хэзээ ч харамсаж байгаагүй. Анализ, дүн шинжилгээ, судалгаа, таамаглал дэвшүүлэн маш өргөн цар хүрээнд ажилладаг учраас үнэ цэнээ алдахгүй мэргэжил хэмээн хэлж байлаа.
Эх сурвалж zms.mn