Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

“Заримдаа гал түймрийн голомтод, заримдаа төрийн өндөр хэмжээний айлчлалд, заримдаа эх орныхоо дөрвөн улирлын өнгө солигдох агшинд би камераа үүрэн ажиллаж явсан" хэмээн тэрээр мэргэжлийнхээ үнэ цэнийг тодотгосон юм. Энэ хүн бол Монголын анхны эмэгтэй гурван кино операторын нэг, телевиз, киноны салбарт 55 жил ажилласан ахмад зураглаач Ц.Туяа гуай юм. Ийнхүү түүнийг энэ удаагийн "Амьдралын тойрог" хөрөг нийтлэлийнхээ зочноор урьж, ярилцсанаа хүргэе.

 

Нисгэгч аавын охин

1997 он.

Ц.Туяа гуай 1947 онд Улаанбаатар хотод төрж, өсжээ. Аав нь Дорнод аймгийн Хэрлэнгийн цагаан талын хүн бөгөөд дайны жилүүдэд ЗХУ-д нисэхийн сургууль төгссөн байна.1939 оны дайны үед шөнийн нислэг хүртэл хийж явсан гавьяатай нэгэн байжээ. Харин ээж нь багш мэргэжилтэй, хүүхдүүдийнхээ хүмүүжил боловсролд ихээхэн анхаардаг хүн байсан аж. Тэднийх өнөөгийн Буянт-Ухаагийн хавьд амьдардаг байв.

Тал дээр дүү нартайгаа тоглоно.Өвөлдөө цана, тэшүүрээр гулгана. Туул гол ойрхон болохоор зундаа голдоо сэлнэ гээд тэрээр бага насныхаа дурсамжийн зураглалыг яг л камерт буусан дүрс шиг тодоор өгүүлэх аж. “Аав минь  цэргийн хүн, нисгэгч байсан учраас хүүхдүүдээ хатуужилтай, хэр баргийн зүйлээс айж, шантрахгүй, зоригтой байхыг үг үйлдлээрээ сургадаг байлаа. Харин ээж минь багш мэргэжилтэй учраас хичээл ном зааж, сурлага хүмүүжилд анхаардаг байсан” хэмээн аав ээжийнхээ тухай дурсамж яриа дэлгэв.

Нийтлэлийн маань зочны хүүхэд насны мөрөөдөл нь аав шигээ хөх тэнгэрт дүүлэн нисдэг  нисгэгч болохыг хүсдэг байжээ. Энэ тухайгаа инээмсэглэл тодруулан ийн ярьсан юм. “Аав маань өглөө бүр 4-5 цагт босоод онгоцоо асаана. Онгоц нь бүтэн цаг шахам дүнгэнэж, байшингийн цонхны шил хүртэл чичирдэг байсан. Бид тэр дуугаар сэрдэг байлаа. Тэгээд  аав маань  онгоцоо жолоодоод  нисээд явчихна шүү дээ. Гадаадаас ирэхдээ  бохь, үсний лент зэрэг тухайн үед ховор зүйлс авчирч өгдөг байсан нь  бидний  хувьд том баяр болдог байсан сан.

Нэг дурсамж огт санаанаас минь гардаггүй юм. Үе үе хүүхдүүд их ханиад хүрнэ. Одоогийнхоор бол хөхүүл ханиад юм уу даа.  Салхинд авч гарвал ханиад эдгэдэг гэж тэр үеийн хөгшчүүл ярьдаг байсан. Тэгсэн дүү бид хоёр нөгөө ханиадыг нь хүрчхэв ээ. Аав маань хоёр далавчтай жижигхэн онгоцонд бид хоёрыг суулгаад комбинцаныхаа нэг түрүүнд дүүг, нөгөөд нь намайг хийгээд л  нислээ. Нээх гоё хөх тэнгэр, хөвөн цагаан үүл, нар хүртэл тээр доор харагдаад  их гоё санагдаж билээ. Тэгсэн хачирхалтай нь  дүү бид хоёрын ханиад  намдчихсан шүү” хэмээн хүүхэд насныхаа хамгийн сайхан дурсамжаас хуваалцсан юм.

Туяа эгч эцэг тавуулаа, айлын том охин. Хожим хоёр дахь эрэгтэй дүү нь  аавынхаа төгссөн нисгэгчийн сургуульд  40 жилийн дараа суралцаж,  удам дамжсан  нисгэгч болжээ.

1971 он. Айргийн үйлдвэрийн зураг авалтын үеэр.

“Би чинь ханьтайгаа нэг мэргэжилтэй шүү дээ”

 

Түүнтэй ярилцаад суухад  их тайван, хүлээцтэй, амьдралынхаа  дахин давтагдашгүй цаг хугацааны агшнуудыг нүдэнд харагдахуйц  дүрслэн ярьдаг  санагдсан юм. Их гоё  инээмсэглэл тодруулаад “ингэсэн байхгүй юу” гээд л ёстой нэг урсагдаж уншигддаг ном  шиг санагдсан даа Туяа эгчийн яриа. Хүүхэд насны тухай бидний яриа түүний  монголын анхны эмэгтэй гурван кино операторын нэг болсон дурсамжаар үргэлжилсэн юм.

1965 онд 18 настай охин  арван жилийн сургуулиа төгсөөд  МУИС-ийн тоо физикийн ангид хуваарилагджээ. Яг тэр үед манай улсад телевиз байгуулах ажил ид эхэлж байв. Тиймээс онц сурлагатай сурагчдыг сонгон шалгаруулж, телевизийн мэргэжилтэн бэлтгэх шийдвэр гарсан байна.  Энэ тухай тэрээр “ Нэг өдөр  Дээд боловсролын хорооноос дуудаад “Чи кино оператораар суралцахаар гадагшаа явахаар болсон”  гэхэд нь би гайхаад, бүр дургүйцсэн юм даг.  “Зааланд  ороод сууна. Гэрэл унтраад  дэлгэц дээр оператор Туяа гээд гараад ирнэ шүү дээ” гэж надад тайлбарлаж байлаа. Кино үзээд уйлдаг хүүхэд байсан болохоор кинонд дургүй гээд л би гүрийв. Кино оператор гэж юу болохыг ч мэдэхгүй байсан үе шүү дээ. Тэгсэн намайг “Заа чи гарч бай. Цаана чинь Лхагважав гээд хүүхэд байгаа, дуудчих” гэлээ. Нэг бор дээлтэй залуу зогсож байна. “Чамайг дуудаж байна” гээд л хэллээ. Ингэж  би ханьтайгаа танилцаж, Орост таван жил хамт суралцсан, нэг мэргэжилтэй хоёр шүү дээ. Бид хоёр хүү, охинтой. Хүү маань аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж оператор болсон”  хэмээв.

1983 онд Ардчилсан Германд

Ц.Туяа гуайн мэргэжлийн замнал ийнхүү Москвагийн кино урлагийн сургуульд үргэлжилжээ. Тухайн үед Монгол Улсаас операторын мэргэжил эзэмшихээр  хоёр эмэгтэй оюутан очсон нь сургуулийн багш, удирдлагуудын хувьд ч содон санагдсан гэдэг. Энэ тухайгаа тэрээр “Операторын мэргэжил эзэмшихээр очиход манай сургуулийнхан их гайхаж байсан. “Монголчууд яагаад ийм олон эмэгтэй хүнийг операторын мэргэжил эзэмшүүлэхээр явуулдаг байна аа” гэж асуудаг байлаа. Биднээс өмнө н.Мөрөн гуай оччихсон байсан юм. Монгол руу хүртэл бичсэн гэдэг. “Манай улс телевиз байгуулах гэж байгаа, тийм болохоор ийм мэргэжилтнүүд хэрэгтэй байна” манайхаас  хариу ирсэн юм билээ. Багш нар бидэнд “Монголчуудыг сайн сургахгүй бол болохгүй. Та нар сайн сурах хэрэгтэй шүү. Сайн мэргэжилтэн бэлтгэж явуулахгүй бол болохгүй” гэж захидаг байсан” хэмээн дурсан ярилаа.

Орос хэл сайн мэдэхгүй тэд бэлтгэл ангид нэг жил суралцаж,  хэл болон мэргэжлийн анхан шатны мэдлэгийн зах зухаас  суралцаж эхэлжээ. Нэгдүгээр курст ороход тэдний ангид бараг бүгд эрэгтэй оюутнууд байжээ. Азербайжан, Киргизстан, Узбекистан зэрэг 18 орны оюутнууд суралцахаар ирсэн байна. Дараа нь  Польшоос нэг охин ирснээр гурвуулаа болсон гэлээ. Тэр үеийн кино операторын ажил өнөөдрийнхөөс хавьгүй их биеийн хүч шаарддаг байжээ. Овор хэмжээ ихтэй камер, тоног төхөөрөмжийг байнга авч явна. Хүнд аппарат мөрлөж ажиллах нь эмэгтэй хүнд амаргүй байсан талаар багш нар нь хүртэл анхааруулдаг байсан гэнэ.

 “Манай гэрэл зургийн багш эмэгтэй хүн байсан юм. Тэр багш “Эмэгтэй хүнд хүнд мэргэжил шүү. Дандаа камер барьж явна. Та хоёр өөр ангид орж болдоггүй юм уу” гэж  надтай хамт явсан Тунгалаг бид хоёроос асуудаг байсан. Бид хоёр монголоосоо үүрэг аваад ирсэн учраас  “Үгүй ээ” л гэдэг байлаа” хэмээн хуучлав.

Ийнхүү нийтлэлийн маань зочны оюутан насны дурсамжууд Москвад тодоор бичигдэж эхлэв. Энэ тухайгаа  “Гэрэл зураг авна, кино камераар дүрс бичнэ, гэрэл тавьж сурна, хар цагаан хальсан дээр зураг авна. Ингээд жил бүр нэг шат ахиад л явдаг байсан “Авсан зургаа гоё, гялгар болгох гээд дотуур байрныхаа өрөөний цонхон дээр наагаад унтдаг байлаа. Өглөө болохоор нөгөө зургууд ховхроод уначихдаг байж билээ” хэмээн тэрээр инээмсэглэн дурсав.  Дотуур байрны найзууд нь “Туяа шиг операторын ангид сурсан бол чадахгүй байх аа. Туяа яасан их ажил хийдэг юм бэ” гэдэг байжээ.

Заримдаа лабораторидоо өглөөнөөс орой хүртэл ажилладаг байжээ.  Харин хальс угаах лабораторийн анхны өдрүүд мартагдашгүй дурсамж болон үлдсэн байна. Энэ тухайгаа  “Анх хальс угаах гэж ороод их хөглөсөн. Харанхуй өрөөнд орохын өмнө оросоор “болгоомжтой” гэж дуугардаг юм байна лээ.  Тэрийг нь мэдэхгүй шууд орчихсон чинь нэг хүнтэй мөргөлдчихсөн. Хальсны хор хувцсан дээр дусаад нөгөө өмсөж явсан гоё ногоон, хөх өнгийн цамц чинь байхгүй ээ  өнгө нь арилчихсан” хэмээн инээмсэглэв. Мөн гурав дахь өдөр болгон оросын кинонуудыг, тав дахь өдөр бүр бусад улсын киног үзүүлдэг байжээ. Дараа нь мэргэжлийн хичээл дээр дахин үзэж “Ямар камераар авсан байна, хөдөлгөөнийг нь яаж шийдсэн байна” гэдгийг багш нар тайлбарлаж өгдөг байсан” гэв.

Ийнхүү оюутны он жилүүд өнгөрч тавдугаар курсийн төгсөх ангийн оюутан болов. Тэрээр найруулагч мэргэжлээр суралцдаг орос залуутай хамтран  Техникийн мэргэжлийн сургуулийн баримлын ангийн хүүхдүүд хэрхэн бүтээлээ урлаж байгаа талаар бүтээл хийж дипломын ажлаа  онц дүнтэйгээр хамгаалан,  1971 онд сургуулиа төгсөж шинэхэн мэргэжилтэн болоод эх орондоо иржээ.

 

“Анх багшаар ажиллахдаа эмээж байлаа”

Ц.Туяа Кино, телевиз, медиа урлагийн сургуульд 20 гаруй жил багшаар ажиллаж, таван анги төгсгөжээ.

Монгол Улсад 1971.12.02-нд “Теле кино” үйлдвэр байгуулагдсан цагаас Ц.Туяа туслах оператораар ажиллажээ. Тус үйлдвэр нь  телевизэд зориулсан кино мэдээ, баримтат кино, кино концерт зэрэг бүтээлүүдийг үйлдвэрлэдэг байв. Энэ тухай тэрээр  “Энэ жил  “Теле кино” үйлдвэр байгуулагдсаны 55 жил болж байна.Бид Монголынхоо сайхан байгаль, ардын урлаг, өв соёлын тухай олон арван баримтат кино, кино концерт бүтээсэн дээ” хэмээн дурсав.

Энэ хугацаанд тэрээр оюутан ахуй цагаасаа хамтран ажилласан найруулагч Долгортой киноны уран бүтээлд хамтран ажиллажээ. Анхны томоохон бүтээлүүдийн нэг нь Дорнод аймгийн уран бүтээлчдийн “Талын уянга” нэртэй кино концерт байв. Тухайн үед уран бүтээл бүрийг уран сайхны зөвлөлөөр хэлэлцүүлж баталдаг байжээ. Тухайн үед Оюун гуай “Эмэгтэй хүүхдүүд хийсэн гэхэд сайн бүтээл болжээ” гэж магтаж байсан” хэмээн Ц.Туяа гуай дурслаа.  Тэр үед бараг кино концерт хийдэггүй байжээ. Тэр үеэс  натурт явж зураг авалт хийж эхэлсэн байна.  Ийнхүү тэрээр “Теле кино” үйлдвэрт 25 жил ажиллахдаа олон уран бүтээлийг урын санд үлдээж, дахин давтагдашгүй агшныг дүрснээ буулгажээ.

Түүний ажил мэргэжлийн замнал МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" агентлагт  үргэлжилжээ. "Монголын мэдээ" агентлагт зураглаачаар ажиллахдаа мэдээ, сурвалжилгаас эхлээд олон удаагийн төрийн айлчлал, гамшгийн бүсийн зураг авалтад ажилласан байна. Энэ тухайгаа  “Айлчлалын үеийн хэдхэн секундэд  үйл явдлын гол агшныг алдахгүй авах хамгийн чухал. Гал түймрийн голомтод ажиллах үе ч цөөнгүй. 2007-2008 онд Дашбалбар сумын орчимд гарсан их түймрийн үеэр тэрээр нисдэг тэргээр голомтын дээгүүр нисэн зураг авч байсан”гэлээ.

Д.Амбасэлмаа, А.Янжмаа, М.Базрагч нарын хамт.

Дөрвөн улирлын турш үргэлжилсэн “Халх гол”, “Залуу нас” зэрэг цуврал киноны зураг авалтууд нь хамгийн их хөдөлмөр шаардсан бүтээлүүдийн  нэг гэдгийг тэрээр онцолсон юм. “Ялалтын хөшөөний зургийг авахаар өвөл Сүмбэр суманд очсон юм. Тэр үед онгоцны хаалгаар хөлөө унжуулж суугаад зургаа авч байлаа. Эсгий гутал өмссөн гэхэд нэвт үлээж байсан шүү” хэмээлээ.

 Мөн тэрээр Кино, телевиз, медиа урлагийн сургуульд 20 гаруй жил багшаар ажиллаж, таван анги төгсгөсөн байна. “Багш аа гэж дуудуулах сайхан. Анх багшаар ажиллахдаа эмээж байлаа. Багш хүн гэдэг  их өндөр мэдлэг, боловсролтой эрдэмтэн хүн байх ёстой гэж боддог. Энэ мэргэжлийн сайхан нь мэдэж чаддаг зүйлээ зааж сургахаас гадна  оюутнуудаасаа ч бас суралцдаг” гэж багш мэргэжлийн онцлогийг тодотгосон юм.

Ц.Туяа эгчийн амьдралын замнал дуусашгүй арвин аж. Тэрээр 55 жилийн турш камертай нөхөрлөж, эх орныхоо хөгжил дэвшил, нийгэм, эдийн засаг, соёл урлагийн бүхий л салбарын өнгө төрх, өөрчлөлтийг  хадгалж үлдсэн гавьяатай нэгэн. Түүний нүдээр Монголын амьдралын эгэл агшин бүр түүх болон үлдэж, түүний бүтээлүүд хойч үедээ үнэ цэнтэй өв болон хадгалагдан үлдэх хувьтай аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 117 (7859)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn