“Тэмээ гэхээр ямаа” гэж санаатайгаар тэс өөр, огт хамааралгүй зүйл ярьж ярианы сэдвийг өөрчлөхөд ашиглагддаг монгол ардын хэлц үг байдаг. Бид “Б.Бат-Эрдэнэ Монголыг ойгүй болгох Ойн тухай хууль санаачилжээ” гээд 2026 оны гуравдугаар сарын 30-нд хэлэлцүүлэг, 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд d.parliament.mn-д байршуулсан төсөл, 2026 оны зургаадугаар сарын 8-нд УИХ-д өргөн барьсан төслүүдэд орсон зүйл заалтууд, түүнээс үүдэн гарах сөрөг үр дагавруудыг олон нийтэд хүргэсэн. Харин Б.Бат-Эрдэнэ үүнийг “Гүтгэлэг” хэмээгээд цахим сүлжээгээр хариу тайлбар гаргажээ. Харамсалтай нь тэрээр Ойн тухай хуулийн төслөө одоо хэрэгжиж байгаа Зөвшөөрлийн тухай хуулиар тайлбарлав. Өөрөөр хэлбэл, өөртөө асуулт тавьж хариулахдаа “тэмээ гэхээр ямаа” гэв.
Тухайлбал, 2026 оны зургаадугаар сарын 17-нд “Ойг ямар ч хяналтгүй ашиглах сөрөг нөхцөл бүрдэнэ” гэж “асуугаад” хариуд нь “Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тусгай зөвшөөрлийн харилцааг огт хөндөөгүй болно. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Зөвшөөрлийн тухай хуулийн зохицуулалтыг танилцуулья” гээд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйл дэх Тусгай зөвшөөрлийн жагсаалтад заасныг танилцуулж, араас нь “Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Зөвшөөрлийн тухай хуульд ямар нэг өөрчлөлт оруулаагүй. Хяналт хангалттай бий” гэжээ.
Мөн “Хамгаалалтын бүсийн ойгоос ойн дагалт баялаг түүж ашиглаж болно гээд ашиглалтын бүсийн ойгоос ойн дагалт баялаг жишээ нь самар, жимс түүж бэлтгэж болно гэж яагаад ашиглах, бэлтгэх гэж ялгаатай оруулсныг тодруулах шаардлагатай байна” гэсэн асуултдаа “Хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ойн зориулалт, дэглэм өөр тул хамгаалалтын бүсэд дагалт баялгийг ахуйн зориулалтаар түүж ашиглах, харин ашиглалтын бүсийн ойн дагалт баялгийг ахуйн зориулалтаар түүх, үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх харилцааг зохицуулсан” гэжээ.
Энэ тайлбараараа асуудлыг улам орооцолдуулсан. Дээрх заалт Ойн тухай хуулийн төсөлд орж ирснээр хамгаалалтын бүсийн ой нь тусгай хамгаалалттай газар нутагтай давхацсан бол энэ хууль болон тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмийг хоёуланг нь мөрдөхөөр заасан нь зөрүүтэй байдлыг үүсгэчхэж байгаа юм.
Түүнчлэн “Хууль бус мод бэлтгэлийг өөгшүүлэх гэж байна” гээд хариугаа “Модыг хууль бусаар бэлтгэх боломжийг үүсгэж байгаа хэлбэр биш. Хуулийн төслийн 31 дүгээр зүйлд Ойн баялгийн нөөцийг ашиглах дээд хэмжээг тогтоохдоо дан сум, сум дундын ойн ангиас хэмжээг тогтоохгүй. Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу Ойн агентлаг нөөцийн хэмжээг нэгтгээд БОУАӨЯ-нд хүргүүлнэ. БОУАӨ-ийн сайд нь тухайн жилд улсын хэмжээнд ашиглах ойн баялгийн нөөцийн хэмжээг баталгаажуулахаар зааж өгсөн. Тиймээс модыг хууль бусаар бэлтгэх боломж үүсэхгүй” гэж өгчээ.
Үгүй юм, төслийн 33, 34 дүгээр зүйл заалтаар ойгоос мод бэлтгэхийг зориулалтаар ангилж, үйлдвэрлэлийн зориулалтаас бусад зориулалтаар бэлтгэхийг тусгай зөвшөөрөлгүй болгосон. Энэ нь модыг хууль бусаар бэлтгэх боломжийг шууд олгож буй юм. Гэтэл одоогийн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.30 дэх заалтаар “Ойн анги, эсхүл сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан ойгоос мод бэлтгэхэд тусгай зөвшөөрөл олгоно” гээд заачихсан байдаг. Үүнтэй зөрчилдөнө.
Мөн өчигдөр цахим сүлжээгээр өөрийн яриаг шууд нэвтрүүлэхдээ “Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг огт хөндөөгүй. Энгийн зөвшөөрөл болгоод ойг хядах гэж байна гэдэг ойлголт төрүүлээд байна. Ийм ойлголт байхгүй гэдгийг би албан ёсоор хэлэх гэж байгаа юм” гээд дахиад л Зөвшөөрлийн тухай хуулийг барьж аваад “Тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлээр явдаг харилцаа 2022 оноос хойш явж байгаа. Энэ харилцаанд бид нар Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар огт өөрчлөлт хийгээгүй” гэсэн өмнөх өдрийнхөө тайлбарыг давтжээ.
Үүнээс гадна “Хоёрдугаарт хэмжээ тогтоохгүй байна гэж яриад байгаа. Ойн дагалдах баялгийн дээд хэмжээг Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд батлахаар оруулж өгсөн. Тухайн сум сум дундын ойн анги маань цахимаар ойн агентлаг руугаа мэдэгдээд ойн агентлаг нь дүгнэлтээ хийгээд баталгаажуулалтыг бол сайд хийх томьёоллыг албан ёсоор оруулж өгсөн” гэв.
Тэгвэл Б.Бат-Эрдэнийн хуулийн төслийн 29.3, 35.2, 41.1.2 дүгээр зүйл заалтад ойн дагалт баялаг ашиглахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ, Ойн газар, БОУАӨЯ гээд гурван субъект хязгаарлахаар заасан байна. Үүгээр дамжлагыг нэмчихсэн. Гэтэл түүний төсөлд ингэж ашиглалтыг хязгаарлах эрх хэмжээг дөрвөн байгууллагад зэрэг олгохоор наад зах нь хүнд суртал бий болгох, тогтворгүй, тодорхойгүй нөхцөл бүрдүүлнэ. Тэгээд ч одоогийн хүчин төгөлдөр Ойн тухай хуулийн 12.1.1, 13.1.5 дугаар зүйл заалтаар Засгийн газар болон БОУАӨЯ л үүнийг хязгаарлах эрхтэй байдаг. Хамгийн сонин нь энэ зохицуулалт хуулийн төслийн хэлэлцүүлгүүдийн үед огт байгаагүй, d.parliament.mn-д байршуулсан төсөлд ч байхгүй, харин 2026 оны зургадугаар сарын 8-нд өргөн барьсан төсөлд нь ороод ирсэн байдаг.
Түүнчлэн “Эрх ашиг нь хөндөгдөж байгаа нөхдүүд байна. Өөрөөр хэлбэл ойчин нэртэй, ойн эрдэмтэн нэртэй, эсвэл одоо ойн агентлагт ажилладаг ч юм уу ийм нөхдүүд хойноо заавал мэргэжлийн байгууллагатай, хөрөө рамтай байдаг ч юм уу байдаг. Тэр хүмүүсийн эрх ашигт зориулж хууль хийнэ гэж хэзээ ч байхгүй. Хуучин ойн мэргэжлийн байгууллага гэдэг байгууллагын гэрчилгээ авсан нөхдүүд юу хийдэг байсан юм бэ” гэжээ.
Б.Бат-Эрдэнэ үүгээрээ, хуулийн төсөлдөө “…ой бүхий нутгийн иргэд, ой бүхий нутгийн нөхөрлөл, хот айл, малчин өрхийн анхдагч холбоо зэрэг ойлголтуудыг оруулж, тэдний эрх, давуу эрх, түүнээс үүсэх, ойн эдийн засагт тэдний эрх, ашиг сонирхлыг харгалзана”, “…ойжуулалтын сангийн хөрөнгө болон ойн ашиглалтын орлогоос тодорхой хэсгийг нөхөрлөлийн үйл ажиллагаа, орон нутгийн иргэдийн чадавхыг бэхжүүлэхэд зарцуулах” тухай заасан. Үүнийг өөрөө 2026 оны зургадугаар сарын 6-нд “Модтой газарт амьдардаг хэрнээ түлэх түлээгээ авч байгаад гэмт хэрэгт холбогддог харилцааг Ойн тухай шинэ хуулиар дуусгавар болгоно” гээд олон нийтэд хандаж хэлсэн.
Гэтэл ой бүхий нутгийн иргэд, ой бүхий нутгийн нөхөрлөл, хот айл, малчин өрхийн анхдагч холбоо зэрэг нэрийн цаана өөр ашиг сонирхол бүхий бүлэг этгээд, тэр байтугай гадаадын иргэд ч нуугдах боломжтой. Дээрээс нь, энэ төсөлд ойг сэргээх хамгаалахад 100 хувь зарцуулах ёстой ойн ашиглалтын орлогыг ойгоос ашиг орлого олж байгаа иргэд, нөхөрлөлийг дэмжих нэрийдлээр зарцуулахаар тусгасан нь ойн ашиглалтын орлогыг байгальд өгөөжгүй, хяналтгүй зарцуулах боломжийг л нээж өгнө. Гэтэл одоогийн хүчин төгөлдөр Ойн тухай хуулиар иргэний ойг хамгаалах эрх, үүрэг, ойн нөхөрлөлийн эрх үүрэг, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүргийг л зааж асуудлыг зөв зүйтэйгээр зохицуулчихсан байдаг.
Өөрийнх нь төслөө төлөөлүүлж тайлбарлаад байгаа Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.11 дэх заалт, Ойн тухай хуулийн 23.1 дэх хэсэг, БОУАӨС-ын 2025 оны А/354 дүгээр тогтоолоор баталсан журмаар ойн дагалт баялгийг ашиглах, хамгаалах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд буюу ойн мэргэжлийн байгууллага эрхлэх ёстойг заагаад өгчихсөн байдаг.
Эндээс Б.Бат-Эрдэнэ Ойн тухай хуулийнхаа төсөл, одоо хэрэгжиж байгаа Зөвшөөрлийн тухай хууль хоёрыг хольж солин, өөрт хэрэгтэй тайлбартаа зөрүүлэн ашиглаж байгааг харж болно.
Ер нь бол Ойн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль хоёр тусдаа харилцаануудыг зохицуулдаг. Тиймээс Б.Бат-Эрдэнэ өөрийнхөө боловсруулсан Ойн тухай хуулийн төслөө л барьж ярих хэрэгтэй. Ойн тухай хуулийг Зөвшөөрлийн тухай хуулиар төлөөлүүлэн тайлбарлах нь утгагүй хэрэг бөгөөд зөвхөн цаг үеийн хүнд байдлаас мултрах гэсэн заль төдий л зүйл байна. Жишээ нь, нэгэнт Ойн тухай хуульд тусгай зөвшөөрлийг балруулдчихаар Зөвшөөрлийн тухай хуулийг дараа нь эргэж харж, нийцүүлэх байдлаар өөрчилж таарна. Тэгэхээр Б.Бат-Эрдэнэ ийм л зорилго төлөвлөгөөтэйгөөр Ойн тухай хуулийг шинээр батлуулах гэж яараад байх шиг байгаа юм. Нөгөөтэйгүүр, хуулийг үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон үед шинээр боловсруулж баталдаг. Гэтэл одоогийн Ойн тухай хууль хуучраад хоцрогдоод байгаа нь үгүй. Хэрэгжүүлэх нь л гол асуудал байдаг. Лав л Б.Бат-Эрдэнийн хөндөөд байгаа асуудлуудаар үүргээ гүйцэтгэж байгааг мэргэжлийн хүмүүс хэлсээр байна.
Тиймээс Б.Бат-Эрдэнийн энэ хуулийг батлах юм бол Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээр дахиж гараад “Тэрбум мод”-оо болилоо гэх үү, COP17-гоо угтаж цөлжилтийг дэмжих хуультай боллоо гэх үү, Ерөнхий сайдын санаачилснаар Монголоо ойгоос чөлөөллөө гэх үү. Тийм л зүйл рүү хөтөлнө. Яг үнэндээ Б.Бат-Эрдэнээс илүү ойг мэддэг, ойд хайртай, ойг харж хамгаалахад ажил, амьдралаа зориулсан хүмүүс энэ хуулийг таашаахгүй байгааг хэлье. Б.Бат-Эрдэнийн энэ “Ойгүй болъё” гэж байгаатай адилхан хуулийг УИХ арай баталчихгүй байлгүй дээ гэлцээд харж сууна.
Үргэлжлэл бий…
Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ