Байгаль орчны сайд байсан хүн яагаад байгальд халтай хууль санаачилсныг ойлгоход хүнд юм. Тодруулбал, Байгаль орчны сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ойн тухай хуулийг шинэчлэхээр санаачилсан. Хуулийг нь УИХ-аар үндсэндээ хэлэлцэж эхэлж байна. Гэтэл уг хууль шууд утгаараа “Ойгүй болъё” гэсэн агуулгатай. Өөрөөр хэлбэл, уг хуулийн төсөлд ойн эсрэг, ойд дайсагнасан ноцтой заалтууд орчихсон. Уг нь, одоо мөрдөгдөж байгаа Ойн тухай хуулиар ой модыг хамгаалах, хянах, зохистой хэрэглэхийг зохицуулаад байдаг. Тэр утгаараа, Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хуулийн төсөл нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж буйтай адилхан болсон. Гэхдээ батлахгүй, буцаах эрх нь УИХ-ын гишүүдэд бий. Б.Бат-Эрдэнэ өөрөө ч буцааж татах боломжтой.
Яагаад гэвэл:
Нэгдүгээрт, “...хамгаалалтын бүсийн ойд тусгай хамгаалалттай газар нутаг дах ой хамаарна” гээд хамгаалалтын бүсийн ойгоос ойн дагалт баялаг түүж ашиглаж болохоор заасан. Хамгаалалтын бүсийн ой нь тусгай хамгаалалттай газар нутагтай давхацсан бол энэ хуульд заасан дэглэмээс гадна тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмийг мөрдөхөөр оруулсан байна. Энэ нь 2026 оны гуравдугаар сарын 30-нд хэлэлцүүлэг хийсэн төсөлд байгаагүй. Мөн 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд d.parliament.mn-д байршуулсан төсөлд ч энэхүү “…хамгаалалтын бүсийн ойд явуулж болох үйл ажиллагаанд ойн дагалт баялаг түүж ашиглах” гэсэн зохицуулалт байгаагүй. Тэгснээ 2026 оны зургадугаар сарын 8-нд УИХ-д өргөн барьсан төсөлд нь нэмэгдээд ороод ирсэн.
Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.2, 18.1 заалтад дархан цаазат газар болон байгалийн цогцолборт газраас байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэхийг шууд хориглосон.
Дээрх заалт Ойн тухай хуулийн төсөлд орж ирснээр хамгаалалтын бүсийн ой нь тусгай хамгаалалттай газар нутагтай давхацсан бол энэ хууль болон тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмийг хоёуланг нь мөрдөхөөр заасан нь зөрүүтэй байдлыг үүсгэчхэж байгаа юм. Тиймээс “…хамгаалалтын бүсийн ойгоос ойн дагалт баялаг түүж ашиглаж болно” гээд “…ашиглалтын бүсийн ойгоос ойн дагалт баялаг түүж бэлтгэж болно” гэж яагаад ашиглах, бэлтгэх гэж ялгаатай оруулсныг тодруулах шаардлага үүссэн.
Хоёрдугаарт, төслийн 44.2.4 заалтад “…Сум, сум дундын ойн анги бэлтгэх модны болон дагалт баялгийн нөөцийн хэмжээг тогтоосон хэмжээнд багтаан хуваарилах, хянах, тайлагнах эрхтэй” гэж оруулсан. Гэтэл Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6.1, 8.1-ийн 1.29 болон БОУАӨС-ын 2025 оны А/354 дүгээр тогтоолоорбаталсан журмаар ойн дагалт баялаг ашиглах эрхийг жил бүр дуудлага худалдааны журмаар олгодог.
Энэ талаар 2026 оны гуравдугаар сарын 30-нд хэлэлцүүлэг хийхэд танилцуулсан төслийн 28.4 заалтад “…дагалт баялгийн ашиглалтын тусгай зөвшөөрөл, квот, улирлынзохицуулалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоох” тухай заасан байсан. Үүгээр сум дундын ойн ангийн чиг үүрэгт энэхүү хуваарилах эрх хэмжээ байгаагүй. Сүүлд өргөн барьсан хуулийн төсөлд ч эрхийн бичгийг хэрхэн олгох зохицуулалт байхгүй байгаа тул энэ заалтаар Сум, сум дундын ойн анги нөөц ашиглах эрхийн бичгийг олгохдоо өөрийн үзэмжээр хуваарилах боломжийг олгосон. Энэ нь мөн л одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Зөвшөөрлийн тухай хуультай зөрчилдсөн.
Гуравдугаарт, төслийн 33, 34 дүгээр зүйл заалтаар ойгоос мод бэлтгэхийг зориулалтаар ангилж, үйлдвэрлэлийн зориулалтаас бусад зориулалтаар бэлтгэхийг тусгай зөвшөөрөлгүй болгосон. Энэ маш ноцтой. Улмаар, хуулийн төслийн 33.1-т “…Сумын болон сум дундын ойн анги нь энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан хэмжээнд багтаан бэлтгэх модны нөөцийн хэмжээг дараах байдлаар хуваарилна” гэж заасан нь модыг хууль бусаар бэлтгэх боломжийг шууд олгож буй юм. Гэтэл одоогийн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.30 дэх заалтаар “Ойн анги, эсхүл сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан ойгоос мод бэлтгэхэд тусгай зөвшөөрөл олгоно” гээд заачихсан байдаг.
Дөрөвдүгээрт, хуулийн төслийн 29.3, 35.2, 41.1.2 дүгээр зүйл заалтад ойн дагалт баялаг ашиглахыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ, Ойн газар, БОУАӨЯ гээд гурван субъект хязгаарлахаар заасан байна. Энэ зохицуулалт хуулийн төслийн хэлэлцүүлгүүдийн үед огт байгаагүй, 2026 оны зургадугаар сарын 8-нд өргөн барьсан төсөлд нь ороод ирсэн. Ингэж ашиглалтыг хязгаарлах эрх хэмжээг дөрвөн байгууллагад зэрэг олгохоор наад зах нь хүнд суртал бий болгох, тогтворгүй, тодорхойгүй нөхцөл бүрдүүлнэ. Гэтэл одоогийн хүчин төгөлдөр Ойн тухай хуулийн 12.1.1, 13.1.5 дугаар зүйл заалтаар Засгийн газар болон БОУАӨЯ л үүнийг хязгаарлах эрхтэй байдаг.
Тавдугаарт, хуулийн төслийн 12.5 12.9 48.1 48.4 дугаар зүйл заалтаар хот айл, ой бүхий нутгийн иргэн, ой бүхий нутгийн нөхөрлөл, хот айл, малчин өрхийн анхдагч холбоо, тэдгээрийн давуу эрхийн асуудлыг оруулж ирсэн. Үүгээр Б.Бат-Эрдэнэ хуулийн төсөлдөө “…ой бүхий нутгийн иргэд, ой бүхий нутгийн нөхөрлөл, хот айл, малчин өрхийн анхдагч холбоо зэрэг ойлголтуудыг оруулж, тэдний эрх, давуу эрх, түүнээс үүсэх, ойн эдийн засагт тэдний эрх, ашиг сонирхлыг харгалзана” гэх зэргээр тусгай эрхүүд оруулсан. Энэ нь шууд утгаарааМонгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай яригдана.
Үүнээс гадна хуулийн төслийн 53.6.4, 48.7 дугаар зүйл заалтаар “…ойжуулалтын сангийн хөрөнгө болон ойн ашиглалтын орлогоос тодорхой хэсгийг нөхөрлөлийн үйл ажиллагаа, орон нутгийн иргэдийн чадавхыг бэхжүүлэхэд зарцуулах” тухай заасан байна. Гэтэл ой бүхий нутгийн иргэд, ой бүхий нутгийн нөхөрлөл, хот айл, малчин өрхийн анхдагч холбоо зэрэг нэрийн цаана өөр ашиг сонирхол бүхий бүлэг этгээд нуугдах боломжтой. Дээрээс нь, энэ төсөлд ойг сэргээх хамгаалахад 100 хувь зарцуулах ёстой ойн ашиглалтын орлогыг ойгоос ашиг орлого олж байгаа иргэд, нөхөрлөлийг дэмжих нэрийдлээр зарцуулахаар тусгасан нь ойн ашиглалтын орлогыг байгальд өгөөжгүй, хяналтгүй зарцуулах боломжийг нээж өгч байгаа л хэрэг. Гэтэл одоогийн хүчин төгөлдөр Ойн тухай хуулиар иргэний ойг хамгаалах эрх, үүрэг, ойн нөхөрлөлийн эрх үүрэг, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүргийг л зааж асуудлыг зөв зүйтэйгээр зохицуулчихсан байдаг.
Уг нь одоогийн мөрдөж буй Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.11 дэх заалт, Ойн тухай хуулийн 23.1 дэх хэсэг, БОУАӨС-ын 2025 оны А/354 дүгээр тогтоолоор баталсан журмаар ойн дагалт баялгийг ашиглах, хамгаалах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд буюу ойн мэргэжлийн байгууллага эрхлэх ёстойг заагаад өгчихсөн.
Ер нь бол, Байгаль орчны сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ COP17 хурал, Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөдөлгөөн, Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилга зэргийг урдаа барин зүтгүүлж буй Ойн тухай хуулийн төсөлд дээрх байдлаар ойн эсрэг, ойд дайсагнасан олон зүйл заалтыг хулгайн байдлаар оруулжээ. Заримыг нь замын дундаас “буцааж татсан” явдал ч байна. Тухайлбал, төслийн 49.2-т ойн дагалт баялаг ашиглахад ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөлгүй байхаар заагаад байсан. Энэ нь 2026 оны гуравдугаар сарын 30-нд болсон хэлэлцүүлгийн үеэр төсөлд ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны талаарх жагсаалтад ойн дагалт баялаг ашиглах гэж байгаагүй. Гэтэл 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд d.parliament.mn-д байршуулсан төсөлд “…ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх” гээд оруулчихсан. орсон байсан. Харин 2026 оны зургадугаар сарын 8-нд УИХ-д өргөн барьсан төслөөсөө хассан байдаг. Гэтэл ойг ашиглахад тусгай зөвшөөрөл шаардахаа болих нь ойг ямар ч хяналтгүй ашиглах сөрөг нөхцөлийг бүрдүүлнэ. Ойг ашиглах үйл ажиллагаа тусгай зөвшөөрөлтэй байснаараа энэ төрлийн бизнес эрхлэгчдийг хариуцлагажуулах, нөхөн сэргээлтэд төрөөс хяналт тавих боломжийг олгох, татвар хураамжаар дамжуулан төсвийн орлого бүрдүүлэлтэд дэмжлэг үзүүлэх, түүхий эдийн хэлбэрээр шууд гадаадад гардаг урсгалыг багасгах, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд олон талаасаа эерэг үр дүнтэй байдаг.
Үүнээс гадна Б.Бат-Эрдэнэ уг хуулийн төслийг боловсруулахаасаа эхлээд өргөн барих хүртлээ Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн. Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуулийн 16.1-т “Хууль тогтоомжийн төслийг үзэл баримтлалд нь нийцүүлэн боловсруулна” гэж заасан боловч батлагдсан буюу гарын үсэг зурж баталгаажуулсан үзэл баримтлал байхгүй. Гэтэл ном ёсоороо бол эхэлж үзэл баримтлалаа батлаад түүнд нийцүүлж хуулийн төслөө боловсруулдаг. Энэ мэтээр олон алдаа зөрчил Ойн тухай шинэ хуулийн төслийн боловсруулах, өргөн барих явцад гарсан.
Түүнчлэн Б.Бат-Эрдэнэ нь Ойн тухай хуулийн төслийг санаачлагч дээр өөрөөсөө гадна УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Д.Батбаяр, Ж.Батжаргал, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Б.Бейсен нарыг “элсүүлж” чадсан байна. Гэтэл эд бүгдээрээ ойн эсрэг, ойд дайсагнасан хууль дэмжээд байхааргүй гишүүд байгаа юм. Тэд Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хуулийн төслийг бүрэн уншиж судлаагүй гэж найдъя. Учир нь сүүлийн үед УИХ-ын гишүүд хэн нэгнийхээ санаачилсан хууль дээр үзэл баримтлалын хэмжээнд дэмжиж, санаачлагч дээр хүч нэмж ордог явдал байх болсон. Түүний л нэг кэйс бололтой. Хэрэв тэд уншиж танилцсан бол ямар ч нөхцөлд “Ойн тухай хуулийн төслийн санаачлагч” хэмээн нэрээ оруулахгүй нь ойлгомжтой юм. Яагаад гэвэл Б.Бат-Эрдэнийн санаачлан зүтгүүлж буй Ойн тухай хуулийг дэмжих нь “ойн дайсан” хэмээн цоллогдоно. Улмаар, батлан гаргасан хуулиас болж Монголд заяагдсан багахан ой сүйрэл рүүгээ явах болно.
Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ