Т.БАТЦЭЦЭГ
Дархлаа судлал бол XXI зуунд хамгийн хурдацтай хөгжиж буй анагаах ухааны салбаруудын нэг юм. Тэгвэл АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Монголын Дархлаа-Бичил амь судлалын нийгэмлэг хамтран “Дархлаа судлалын орчин үеийн ололт, амжилт” (RAI 2026) эрдэм шинжилгээний олон улсын X хурлыг энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тус хурлыг 2008 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд сүүлийн хоёр жил "Дархлаа судлалын чиглэлээр олон улсын ололт, дэвшил" нэртэйгээр болж байгаа юм.
Тус хурал хоёр өдрийн турш өөр, өөр онцлогтойгоор зохион байгуулагдаж байгаа юм. Эхний өдөр олон улсын эрдэм шинжилгээний хуралд чиглэсэн бол, хоёр дахь өдөр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтаар үргэлжлэх юм.
“Олон улсын шинжлэх ухааны нээлтийг Монголын эрүүл мэндийн салбарынханд хүргэхэд хурлын гол ач холбогдол оршиж байна”

Хурлын үеэр АШУҮИС-ийн Боловсрол эрхэлсэн проректор, Монголын дархлаа судлалын нийгэмлэгийн тэргүүн Г. Батбаатар “Өнөөдрийн хурлаар бид ямар нэгэн асуудлыг шууд шийдвэрлэхээс илүүтэй дэлхийн болон Монгол Улсын дархлаа судлалын салбарт гарсан эрдэм шинжилгээний ажлын ололт амжилтыг хуваалцах, харилцан суралцах, мэдээллийг олон нийтэд түгээх үндсэн зорилготой байна. Хүний биеийн дархлаа, тогтолцоо нь ямар чухал ач холбогдолтойг, ялангуяа сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеэр хүмүүс маш сайн ойлгосон байх. Үүний үр дүнд вакцинжуулалт, хавдрын дархлаа эмчилгээ, аутоиммун өвчин, харшил судлал, түүнчлэн ген болон генетикийн салбарт гарсан амжилтууд нь дэлхийн хүн амыг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд томоохон нээлт болж байна. Эдгээр олон улсын шинжлэх ухааны нээлт, ололт амжилтын мэдээллийг Монголын эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд болон дархлаа судлаачдад хүргэх нь энэ хурлын гол ач холбогдол юм. Бид зөвхөн эрдэм шинжилгээний ажлын ололт, нээлтийг сонсоод зогсохгүй, маргааш нийт эмч нарт зориулан аутоиммун өвчин, хавдрын дархлаа судлал, эрхтэн шилжүүлэн суулгах үеийн эмчилгээний талаар сургалт зохион байгуулна. Энэхүү сургалт нь эмч нарт илүү өндөр практик ач холбогдолтой байх болов уу гэж найдаж байна” гэлээ.
“Дархлааны зохицуулалтыг өөрчилж, хавдар эмчлэх эмчилгээний стратегийг боловсруулсан”

Хуралд Монгол, Япон, АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ зэрэг дэлхийн 11 орны их сургууль, хүрээлэнгийн 100 гаруй судлаач танхимаар болон цахимаар оролцож, дархлаа судлалын шинжлэх ухааны ололт, дэвшилтэт шинэ технологийн талаар хэлэлцэж байна.
БНХАУ-ын Шанхай Жиао Тонг Их сургуулийн профессор Шио Минг Янг “Бид дархлаа эмчилгээний нэгэн төрөл бөгөөд ген эмчилгээ, мөн эсийн эмчилгээ хослуулан хэрэглэх замаар дархлааны зохицуулалтыг өөрчилж, улмаар хавдар эмчлэх эмчилгээний стратегийг боловсруулсан. АШУҮИС-тай хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлж байгаа. Мөн элэгний хавдар дархлааны тогтолцоо, хариу урвалаас “бултдаг” талаар механизмыг хайсан төсөл хэрэгжүүлсэн. Цаашдаа ч гэсэн бид хамтран ажиллаж, эдгээр эмчилгээнүүдийг нэвтрүүлэн ажиллах боломжтой. Дээрх судалгааг хийснээр хорт хавдрын илрэх хугацааг хараахан тогтоогоогүй байгаа. Учир нь эмнэлзүйн туршилт эхлээгүй байгаа учраас тодорхой хэлэх боломжгүй байгаа. Гэсэн ч клиникийн өмнөх туршилтын дата дээрээ үндэслээд үзэхэд дор хаяж 50 орчим хувь хариу урвал үзүүлэх болов уу гэж бодож байна. Энэ аргачлалын гол ялгаа нь ихэнх уламжлалт хавдрын эмчилгээний аргууд хавдрын эсийг устгахад л төвлөрдөг. Харин бидний хувьд яг хавдрын эсрэг дархлааны хариу урвалыг өдөөж, ялангуяа эсийн урвалыг өдөөх замаар хавдрын эсийг устгадаг аргачлал боловсруулсан” гэлээ.
Хурлын үеэр хүний биеийн дархлааны тогтолцооны асуудал болон дархлаагаа хэрхэн дэмжих талаарх зөвлөгөөг АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор, дэд профессор Л.Энхсайханаас тодруулсан юм.
Тэрээр “Дархлааны үйл ажиллагааг хэвийн байлгахад амьдралын зөв хэмнэл хамгийн чухал. Оройн 22:00 цагт тогтмол унтаж амарч байна уу, унтахаасаа өмнө ухаалаг утас хэрэглэж байна уу, хоол хүнсэндээ уураг, шим тэжээл, аминдэмээр баялаг бүтээгдэхүүн сонгож чадаж байна уу гэдэгтээ үргэлж анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна архи, тамхины хэрэглээ нь дархлааг ихээр сулруулдаг. Сүүлийн үед дэлгэрээд буй электрон тaмхи ч хүний биеийн дархлааны системийг ноцтой гэмтээж байна. Тэгэхээр амьдралын зөв хэмнэлийг хэвшүүлж, хорт зуршлаас татгалзах нь дархлааг дэмжих үндэс юм. Мөн цэвэр агаарт тогтмол гарч, өдөрт 20-30 минут хөлсөө гаргаж хөдөлгөөн хийх шаардлагатай. Тиймээс орой эрт унтаж, өглөө эрт босож хэвшээрэй. Түүнчлэн бид өдөр тутамдаа хуванцар сав суулга болон биед үрэвсэл үүсгэгч зүйлс ихээр хэрэглэж байгаа тул үүнээс аль болох татгалзахыг зөвлөж байна. Ингээд харахад маш энгийн мэт боловч эдгээр дадал нь дархлааны үйл ажиллагааг дэмжихэд туйлын чухал нөлөөтэй” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 116 (7858)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn