Р.Оюун

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр ОХУ-ын Тувагийн Тэргүүн Владислав Товарищтайович Ховалыгийг төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Тэд Монгол, Тувагийн тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, баруун бүсийн тээврийн шинэ гарц, холболтуудыг хөгжүүлэх, авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллах тухай дэлгэрэнгүй санал солилцлоо. Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улс хоёр хөрштэйгөө тээврийн харилцааг хөгжүүлэх, тэр дундаа хил дамнасан гарц, боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тээврийн салбарт авто зам, төмөр зам, агаарын тээврийн чиглэлд хамтран ажиллах бодлого баримтлан ажиллаж байгаа. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Арцсуурь, Овоот, Шивээхүрэн, Сэхээ чиглэлийн баруун босоо төмөр замын төслийн талаар танилцууллаа. Уг төслийг Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төслүүдтэй стратегийн хувьд уялдуулан хөгжүүлэх боломжтой. Ингэснээр хил дамнасан ачаа тээврийн шинэ гарц бий болж, бүс нутгийн тээврийн урсгал эрс нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Талууд Монгол, Туваг холбодог Боршоо-Хандгайт болон Арцсуурь-Цагаантолгой боомтын дэд бүтцийн хөгжил, авто замын сүлжээний уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцсон юм. Арцсуурь боомтыг хатуу хучилттай авто замаар холбох төслийн хэрэгжилт нь хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо. Мөн агаарын тээврийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, Кызыл-Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэг энэ сарын 5-наас эхэлсэн. Энэ хамтын ажиллагаа нь иргэдийн зорчих хөдөлгөөн, аялал жуулчлал, бизнесийн харилцааг идэвхжүүлэхэд бодит түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаа. Түүнчлэн хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, тээврийн салбарт хэрэгжүүлэх дэд бүтцийн томоохон төслүүдийн уялдаа холбоог хангах, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр логистикийн шинэ боломжуудыг хамтран судалж, хамтран ажиллах тухай харилцан санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улс нь ОХУ, БНХАУ-ыг холбосон стратегийн байрлалтай. Туватай хөгжүүлэх тээврийн хамтын ажиллагаа нь бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо. Мөн хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн судалж, бодит ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахад санал нэгдлээ.

Эх сурвалж www.zms.mn