М.Намунбайгал

Олон Улсын Шатрын Холбоо (FIDE)-оос зохион байгуулж буй рапид, блиц тоглолтын 2026 оны багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-аас 22-ны хооронд Хонг Конг улсын “Queen Elizabeth” цэнгэлдэхэд болж байна.  

Шатрын спорт нь цагийн хязгаарлалтаас хамааран тоглолтыг “классик” буюу бодож, шийдвэр гаргах урт хугацаатай, “рапид” буюу дундаж (10-60 мин), “блиц” буюу түргэвчилсэн (10 минутаас доош) гэсэн гурван төрөлд хуваадаг билээ. Тэгвэл олон улсын шатрын спорт сонирхогчдын хамгийн ихээр шимтэн үздэг рапид болон блиц тогтлолтын төрлөөр зохиогдож буй уг тэмцээнд энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 48 гаруй баг, Магнус Карлсен, Дин Лижень, Фабиано Каруана зэрэг 300 гаруй шилдэг шатарчид өрсөлдөж буй.

Тус тэмцээнд манай улсаас “The Mongolz”, “Моngolia Aldar”, “Босоо ноён” багууд оролцож байгаа бөгөөд Алдар спорт хорооны “Mongolia Aldar” баг эхний өдөр  хоёр хожил, хоёр хожигдол авч, нийт  дөрвөн оноотойгоор тэмцээний хүснэгтийн 18 дугаар байрт  бичигдлээ. Залуу сонирхогчдоос бүрдсэн “The Mongolz” баг эхний өдөр нэг  хожил, гурван хожигдол авч, нийт хоёр оноотойгоор тэмцээний хүснэгтийн  40 дүгээр байрт бичигдэж байна.

Мөн “Моngolia Aldar” багийн ахлагч, шатрын спортын ОУИХ С.Билгүүн тэмцээний хоёрдугаар өрөгт Энэтхэгийн "Chessgurukul" багийн 2025 онд Дэлхийн чансааны 4 дүгээр байранд бичигдсэн тамирчин Прагнанандха Рамешбабуг буулган авсан нь дэлхий дахины анхаарлыг татаж байна.

Эх сурвалж:www.zms.mn