П.АМГАЛАН
Хүүхдийн мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр олон улсын эмч мэргэжилтнүүдийн баг ЭХЭМҮТ-д ажиллаж байна. АНУ-ын Флоридагийн Их Сургуулийн мэдрэлийн мэс заслын эмч Eylem Ocal тэргүүтэй “Neurosurgery Outreach Foundation” сангийн мэдрэлийн эмч, мэдрэлийн мэс засалч, сэргээн засах эмчилгээний эмч нарын баг хүүхдүүдэд үзлэг, оношилгоо хийж, дотоодын эмч нартай хамтран мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байгаа юм.
Хамтыг ажиллагааны хүрээнд хүүхдийн мэдрэл, мэдрэлийн мэс заслын чиглэлээр нийт 30 хүүхдэд нарийн мэргэжлийн үзлэг хийж, оношилгоо, эмчилгээний төлөвлөгөө боловсруулан, цаашдын хяналт, сэргээн засах эмчилгээний зөвлөмж өглөө.
Мөн Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн хамт олонтой хамтран долоон хүүхдэд мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа нь хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг эх орондоо авах боломжийг нэмэгдүүлж буйгаараа онцлог юм.
Түүнчлэн “Neurosurgery Outreach Foundation” сангийн зүгээс ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор мэс заслын толгой тогтоогч, гавлын дотоод даралт хэмжигч болон бусад шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг хандивлан гардууллаа. Энэхүү дэмжлэг нь хүүхдийн мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах юм.
Айлчлалын үеэр ЭХЭМҮТ-ийн удирдлагууд болон “Neurosurgery Outreach Foundation” сангийн төлөөлөгчид албан уулзалт хийж, өмнөх хамтын ажиллагааны үр дүнг дүгнэн хэлэлцлээ. Мөн хүүхдийн мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулах, мэдлэг туршлага солилцох, орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг нэвтрүүлэх чиглэлээр цаашдын хамтын ажиллагааны зорилт, төлөвлөгөөг тодорхойлж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар санал солилцов.
Олон улсын эмч мэргэжилтнүүдийн энэхүү хамтын ажиллагаа нь хүүхдийн мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээнд шинэ мэдлэг, туршлага, технологийг нэвтрүүлэхээс гадна дотоодын эмч нарын ур чадварыг нэмэгдүүлж, хүүхдүүд эх орондоо чанартай тусламж үйлчилгээ авах боломжийг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж:www.zms.mn