П.ЛХАГВАЖАРГАЛ
"Miss Global Mongolia 2026" тэмцээний тэргүүн мисс, энэ оны есдүгээр сард Тайландад зохион байгуулагдах “Miss Global 2026” олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авсан Б.Аззаяаг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа урьж, ярилцлаа.
- “Miss Global 2026” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Бяцхан охин байхаасаа дэлхийн мисс, супер модель болно гэх зорилго, мөрөөдлийг өвөртөлж, загварын салбарт хөл тавиад дөрвөн жил болж байна. Харин энэ жил сэтгэл зүрхээ дайчилж, “Miss Mongolia” тэмцээндээ өөрийгөө сорьсон. Энэ утгаараа миний хандлага, дайчин зан чанар, харизм бусдаас ялгарах давуу тал болсон болов уу. Миний титэм шигтгээнийхээ өнгөнөөс эхлээд хүчирхэг, илүү харизмтай санагдсан. Надад л ирэх учиртай байж гэж бодогдсон.
-Энэхүү тэмцээний онцлог болон Монголын миссийн давуу тал юу вэ?
-"Miss World", "Miss Universe", "Miss Internetional" зэрэг дэлхийд хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн стандартыг эвдсэн чансаа өндөр миссийн тэмцээн юм. 2013 оноос хойш зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд 18-35 насны бүх эмэгтэй оролцох боломжтой бөгөөд хүүхэдтэй эмэгтэйчүүдэд мөн нээлттэй билээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн манлайлал, харилцаа хандлага, улс орныхоо түүх, өв соёлыг хэрхэн түгээж байгаа зэргийг түлхүү хардаг.
Онцолж нэг зүйлийг дурдахад, “Miss Global 2025” тэмцээний ялагчаас титмээ гардаж авсан. Нөгөөтэйгөөр “Miss Global 2026” тэмцээний тайзан дээр энэ мөч дахин давтагдаасай гэж хүсэж байна.
Энэ тэмцээний зорилго эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлж, соёлыг түгээн дэлгэрүүлэх юм. Тиймээс монгол охидын эрэлхэг дайчин зан чанараас дэлхий нийтээрээ урам зориг аваасай гэж хүсдэг тул Хотулун гүнжийн харизмыг өөрөө дамжуулж, “Miss Global 2026” тэмцээний тайзан дээр харуулна.
-Миссүүдийн нэг үүрэг нийгэмд эерэг нөлөөллийг түгээх байдаг. Таны хувьд ямар хүмүүнлэгийн ажлыг зорилго болгосон бэ?
-Дэлхийн энх тайван, сайн сайхны төлөө миссийн тэмцээнийг анх зохион байгуулж байлаа. Харин энэхүү цолыг хүртсэн хүн энэрэнгүй, сайн сайхныг түүчээлсэн, хүнлэг хүмүүнлэг байдаг гэж боддог. Энэ утгаараа хүүхдүүдэд чиглэсэн хүмүүнлэгийн ажил ихэвчлэн хийдэг. Тухайлбал, үлгэрийн баатрын дүрд хувирч хүүхдүүдийг баярлуулах, эмзэг бүлгийн хүүхдүүдэд англи хэл, гоо зүйн хичээл заадаг.
Би бага насныхаа мөрөөдлийг биелүүлэхээр хичээнгүйлэн амьдарч байгаа. Үүнээсээ ч урам зориг их авдаг. Тиймээс хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд, аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Өдөр бүр зургаадугаар сарын 1 шиг байвал гоё шүү дээ.
Би ахлах сургуульд байхдаа өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудлыг өөрийнхөө хэмжээнд судалж үзсэн юм. Тодруулбал, 11-18 насны хүүхдүүдийг судалгаандаа хамруулсан бөгөөд тэд үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт, сэтгэл зүйн олон асуудалтай нүүр тулдаг гэдэг нь тодорхой болсон. Мөн өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж чадахгүй өөртөө ахадсан ачаа үүрэн хөдөлмөрлөх хүүхдүүд ч байна. Тиймээс эх орныхоо ирээдүй болсон эдгээр хүүхдүүдийн төлөө төсөл хэрэгжүүлж, тэгш байдлыг хангахыг зорьж байгаа.
Гоо үзэсгэлэнг гадаад төрх байдлаар хэмжих нь өрөөсгөл. Хүн бүр байгаль дэлхийдээ энэрэнгүй, хайрлан хамгаалдаг, бие биеэ хүндэлдэг, хүүдийн төлөө дуу хоолойгоо хүргэдэг, дэлхийн энх тайвны төлөө хичээдэг сайхан сэтгэлтэй байгаасай.
-Энэ жил ахлах сургуулиа төгсөж байгаа гэсэн. Мэргэжил сонголтоо хэрхэн хийсэн бэ?
-Би ахлах ангидаа Хятадад суралцаж, сургуулийнхаа шилдэг сурагч болж тэтгэлэг авсан. Хятад, англи хэлээр чөлөөтэй ярьж чадна. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэх зарчмыг баримталдаг учраас нэг зүйлдээ төвлөрөхийг хүсдэг. Аливаа зүйлийг маш сайн төлөвлөж хийдэг дадал маань их сургуульд тэнцэхэд нөлөөлсөн. "Miss Global Mongolia 2026" тэмцээнд оролцохоосоо өмнө их сургуульдаа тэнцэж чадсан. АНУ-ын "The New School" гэх загварын шилдэг сургуульд стратегийн дизайн мэргэжлээр суралцана. Гэхдээ одоохондоо нэг жилийн чөлөө авчихсан байгаа.
Хүүхдийн бага насанд суурь хүмүүжил нь тавигддаг учир бага ангийн багшийг их чухалчилж үздэг. Бага ангийн багшийн маань зарчимч байдал миний хүмүүжилд эергээр нөлөөлсөн.
Миний ээж хүмүүсийн хэлдгээр “бар ээж”. Үнэхээр хүчирхэг эмэгтэй. Алдаа дутагдлыг минь монгол ардын зүйр цэцэн үг, онч мэргэн сургаалаар засаж, төлөвшүүлж ирсэн. Энэ бүхэн өнөөдрийн намайг бүтээхэд хамгийн чухал нөлөө үзүүлсэн болов уу.
-Өсвөр наснаасаа загвар өмсөж, миссийн тэмцээнд амжилт гаргаж байна. Магадгүй хувийн амьдрал минь олон нийтэд ил байх нь гэж санаа чилээж байв уу?
-"Хийвэл бүү ай" гэдэг. Аливаа зүйл хоёр талтай. Би өөрийнхөө хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө энэ салбарыг сонгосон. Тиймээс ирээдүйд учирч бүхнээс айж хойш суулгүйгээр зорилгынхоо төлөө хөдөлмөрлөдөг. Энэ утгаараа "Miss Global Mongolia 2026" тэмцээнд орсон минь хамгийн зөв алхмуудын маань нэг байх. Сонголт бүрдээ би итгэлтэй байдаг. Хувь тавилангаа би өөрөө л бүтээнэ. Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. Алдахгүйгээр суралцах, туршлагажих боломжгүй гэж боддог. Тиймээс өөрийнхөө зөв замыг эрэлхийлж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 115 (7857)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn