Т.СУМЬЯАДАШ
Монголчууд эртнээс нохойг гэр орон, хот айлаа мануулдаг үнэнч анд, эзнээ хамгаалдаг баатар гэж үзсээр ирсэн. Нүүдэлчин ахуйд нохой нь гэрээ манах төдийгүй мал сүргээ хамгаалах, хээрийн амьтнаас сэрэмжлүүлэх үүрэгтэй байв. Харин өнөөдөр хотжилт эрчимжиж нохойг гэр бүлийн нэгэн гишүүн мэтээр хайрлаж тэжээх айл өрхийн тоо нэмэгдэж байгаа.
Нохой бол зөвхөн хооллож, ундлаад орхидог амьтан биш. Тэдэнд өдөр бүрийн тогтмол хөдөлгөөн, орчноо судлах бусад амьтан болон хүмүүстэй харилцах хэрэгцээ бий.
Салхилдаггүй нохой тайван байдаггүй
Иргэн Дариагийн хувьд хоёр дахь нохойгоо тэжээж байна. Тэрээр өглөө ажилдаа явахдаа нохойгоо гэртээ үлдээгээд орой ирж салхилуулдаг. Гэвч нохой салхилуулах, тоглуулах зориулалтын талбай байхгүйн улмаас Цэцэрлэгт хүрээлэн зэрэг задгай талбайтай орчныг зорьдог. Харин энэхүү байдалд нь түүгээр зорчих иргэд дургүйцэх нь олонтаа. Тэрээр энэ тухай “Нохойг өдөр бүр салхилуулахгүй бол стрессдэж, ааш зан нь өөрчлөгддөг тул хүн рүү дайрч урах эрсдэл нэмэгддэг. Цоожтой хаалганы цаана бүтэн өдрийг өнгөрөөх тэдгээр амьтдад зориулалтын талбай байхгүй учир хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжид салхилуулах нь олонтаа. Иргэд тэжээвэр амьтнаа салхилуулахдаа зориулалтын хошуувч зүүлгээгүйн улмаас хүн рүү дайрах, хазах мөн ялгадсыг нь цэвэрлэдэггүй учир түүн дээр гишгэх тохиолдол цөөнгүй байдаг” гэсэн юм.
Магадгүй та Цэцэрлэгт хүрээлэн тэргүүтэй их хотын задгай талбайтай орчноор явахдаа хошуувчгүй нохойноос эмээж, зугтаж, арилгаагүй ялгадас зэргээс цэрвэж явсан уу.
Тэгвэл “Сос мал эмнэлэг”- ийн ерөнхий эмч О.Цэлмэгийн хэлснээр нохойн ялгадас нь зөвхөн орчны бохирдол үүсгээд зогсохгүй зуны улиралд ялаа, шумуул, шавж үржих нөхцөл бүрдүүлж, бактерийн гаралтай халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Тодруулбал, “Хамгийн хүнд тохиолдолд сальмонеллёз зэрэг гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэл ч бий. Ихэнх хүн хэдхэн хоногийн дотор эдгэрдэг ч зарим тохиолдолд шингэн алдалт, суулгалт, бөөлжилтөөс болж биеийн ус их хэмжээгээр алдагддаг” гэсэн юм. Түүнчлэн цусны халдварын нян гэдэснээс цусанд орж бусад эрхтэнд тархдаг байна. Эдгэрсний дараа зарим хүнд үе мөч өвдөх, хавдах шинж илэрдэг бөгөөд ховор тохиолдолд тархи, зүрх зэрэг эрхтнийг гэмтээх хүндрэл үүсдэг аж. Өөрөөр хэлбэл, нохой салхилуулах асуудал нь зөвхөн амьтан тэжээгчдийн асуудал бус нийтийн эрүүл мэндийн асуудал болоод байна.
Тухайлбал, нохой салхилуулах зориулалтын талбай байхгүйгээс иргэн А.Алтанхуяг гэрийнхээ ойролцоох задгай тоглоомын талбай болон зуслангийн бүс рүү авч явдаг гэнэ. Энэ тухайгаа “Салхилуулах тусгай талбай байхгүй болохоор хаана ч хамаагүй гаргахаас өөр аргагүй. Гэхдээ орчны эрсдэл их. Цахилгаан дугуй, автомашинд дайруулах аюултай. Нохой тэжээж байгаа хүн бүр ялгадсыг нь цэвэрлэх уут авч явах ёстой” гэлээ.
Тэгвэл НЗДТГ-ын захирагчийн албанаас тодруулахад нийслэлд энэ төрлийн тусгай талбай байхгүй гэсэн хариулт өгсөн юм.
Харин Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны засаг дарга Х.Булгантуяагийн санаачилга, иргэдийн дэмжлэг болон хорооны төсвөөр ес орчим сарын өмнө зориулалтын нохой, муурын талбайг байгуулсан байна. Энэ нь нохдыг хүүхдийн тоглоомын талбай дээр тоглуулж, халдварт өвчин тараах эрсдэлээс сэргийлж байгаа бөгөөд олон улсын жишигт нийцсэн зөв шийдэл ажээ. “Ноход чөлөөтэй гүйж, бие засах боломжтой бөгөөд нийгэмшсэн нохдыг хүүхдүүд ирж тоглуулах орчин бүрдэж байгаа нь сайшаалтай юм. Энэхүү талбай нь хамгаалалтын хувьд төмөр тороор хүрээлэгдсэн бөгөөд салхилж буй амьтад хүмүүс рүү дайрах эрсдэлгүй, найдвартай” хэмээх мэдээллийг тус хорооны иргэд өгсөн юм. Талбай амьтан тоглох зориулалтын элс, гүйж харайх өнгө өнгийн цагаригтай ба энэ нь нохойн хөгжил, нийгмийн эрүүл аюулгүй байдалд эерэг нөлөөтэй аж. Харин вакцинд хамрагдаагүй эсвэл хамрагдсан эсэх нь тодорхойгүй эзэнгүй нохдыг энэрэх сэтгэлийн улмаас оруулж ирэх бусад нохдод вирус, бактери дамжих, түүгээр тухайн гэр бүлийн гишүүд эрсдэлд орох боломжтой гэдгийг хэлж байлаа.
Тиймээс Улаанбаатар парк, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны эдгээр жишээтэй адил шийдлээр дүүрэг бүр цаашлаад хороо бүр энэ жишгийг хэрэгжүүлбэл, иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нэг эрхийг хангах боломжтой ажээ. Нохойны ялгадас, хошууч зүүгээгүй нохойноос айж түгшилгүй явахыг иргэн бүр хүсэх болов уу.
Эзэнтэй нохойн асуудал ийм бол эзэнгүй нохдын асуудал юу вэ?
Дээр дурдсан хариуцлагатай нохой тэжээгч нар байхад нөгөө талд хүүхдийнхээ зугааг гаргах гэж нохой авч өгөөд, намар нь гудамжинд хаях асуудал ихэссэн аж. Улаанбаатар хотод 2023 оны тооллогоор нэг км.кв талбайд дунджаар долоон золбин нохой ногдож байв.
ГССҮТ-ийн мэдээллээр 2024 онд 4610, 2025 онд 3483 хүн нохойд хазуулсан тохиолдлоор бүртгэгдсэн бол 2026 оны эхний таван сарын байдлаар 1379 тохиолдол эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Тухайлбал, иргэн О.Амгалан эзэнгүй, гэмтсэн нохойнуудыг цуглуулан асардаг бөгөөд нэгэн удаа машинд дайруулж гэмтсэн нохойд туслах гэж оролдох үедээ хазуулжээ. Галзуугийн сэжигтэй амьтанд уруулж ноцуулсан тохиолдолд 24 цагийн дотор эрүүл мэндийн байгууллагад хандаж, вакцин тариулах шаардлагатай юм. Хэрэв арга хэмжээ авахгүй бол амь насаа алдах хүртэл эрсдэлтэй. Түүнчлэн тэжээвэр муур, нохойдоо сар улирал тутамд вакцин, туулга хийлгэвэл эдгээр өвчин харьцангуй багасдаг байна.
Нохойд хазуулсан тохиолдлын 56-60 хувь нь хүүхэд байдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн хичээл амарсан зуны энэ үед эрсдэл хамгийн их байдаг ажээ.
Тэгвэл золбин нохойн тоог бууруулахын тулд манай улсад буудаж эсвэл шатааж устгах аргыг түгээмэл ашигладаг бол Герман улсад хяналтгүй үржлийг зогсоох арга хэмжээг авдаг байна. Мөн Нидерландад амьтнаа хаясан эзэнд өндөр торгууль ногдуулж, зарим тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг гэнэ.
Ээн асуудалд сэтгэл чилээдэг хүмүүсийн нэг бол М.Түвшинтөгс юм. Тэрээр “Нохойг зах замбараагүй үржүүлж, бизнес болгон ашиглаж буй явдлыг цэгцлэх шаардлагатай. Хороо, дүүргийн байцаагч нар гэр хорооллоор явж, эмнэлэгтэй хамтран нохойг засах шаардлага тавьдаг болох хэрэгтэй” гэсэн юм.
Түүнчлэн эм нохойд спэй буюу сав, өндгөвч авах, эр нохойд ньютер буюу хөнгөлөх мэс ажилбар хийх нь үржлийг хязгаарлах хамгийн эхний алхам болно. Нэг нохой хамгийн багадаа хоёр ба түүнээс дээш гөлөглөдөг тул үржлийг эрт зогсоох нь золбин нохойн тоог бууруулахад үр дүнтэй энэрэнгүй арга болдог байна.
ЗӨСҮТ-ийн мэдээллээр Монгол Улсад жил бүр 6900-7000 хүн галзуугийн сэжигтэй амьтанд уруулж, ноцуулсны улмаас галзуугийн вакцин хийлгэдэг. Эдгээрийн 96 хувийг нохойд уруулсан тохиолдол эзэлдэг бөгөөд үүний 30 хувь нь эзэнгүй нохойн хазуулсан тохиолдол байна. Энэ нь асуудлын гол буруутан зөвхөн золбин нохой биш, эзэд нь ч мөн хариуцлага хүлээх шаардлагатайг харуулж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 115 (7857)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn