Азтөрийн Ариунзаяа

 

/Үндэсний судалгааны их сургуулийн “Дэлхийн эдийн засаг ба дэлхийн улс төрийн” факультетын “Олон улсын харилцаа: Европ ба Ази судлал» хөтөлбөрийн магистрант. Мэргэшсэн чиглэл: “Олон улсын мөргөлдөөн ба стратеги”/

Оросын Олон улсын харилцааны зөвлөлийн ерөнхийлөгч (РСМД), Үндэсний судалгааны их сургууль “Высшая школа экономики”(“Эдийн засгийн дээд сургууль”)-ийн Дэлхийн цэрэг-эдийн засаг, стратегийн хүрээлэнгийн захирал, профессор-судлаач Дмитрий Витальевич Тренинтэй хийсэн шинжээчийн ярилцлага.

 

ОЛОН ТУЛГУУРТ ГАДААД БОДЛОГЫН СТРАТЕГИ

 

-Дмитрий Витальевич, өнөөдөр Төв Азийн орнууд, түүний дотор Монгол Улс томоохон хүчний төвүүдийн хооронд тэнцвэрийг хадгалахыг эрмэлзсэн олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлсээр байна. Таны бодлоор энэ стратеги олон улсын өнөөгийн нөхцөл байдалд хэр тогтвортой байж чадах вэ. Эдгээр улс оронд уян хатан шилжилт хийх орон зай хадгалагдсаар байна уу эсвэл дэлхийн хэмжээний өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр аажмаар хумигдаж байна уу?

-Миний бодлоор олон тулгуурт гадаад бодлого нь олон туйлт дэлхий ертөнцийн жам ёсны нэг хэсэг юм. Аз болоход, өнөөдөр их гүрнүүдийн өрсөлдөөн бусад улс орны хувьд хатуу хоёр туйлт шинжтэй болоогүй байна. Хүйтэн дайны үед тодорхой хоёр туйлт хуваагдал оршиж байсан бол өнөөдөр нөхцөл байдал өөр болсон.

Өрнөдийн орнууд нэгэн цул байхаа больсон. Сүүлийн жилүүдэд ерөнхийлөгч Дональд Трампын баримталж буй бодлогын хүрээнд АНУ болон Европын орнуудын хоорондын санал зөрөлдөөн нэмэгдсэн. Энэ нь АНУ дэлхийн ноёрхогчийн үүргээсээ татгалзаж байгаа гэсэн үг биш. Харин Америкийн гадаад бодлого илүү "үндэсний шинжтэй” болсон. Өөрөөр хэлбэл, Өрнөдийн ертөнцийн хамтын ашиг сонирхлоос илүүтэйгээр өөрийн үндэсний ашиг сонирхлыг тэргүүнд тавих тухай яригдаж байна.

Энэ нь Өрнөдийн эвслийг бүхэлд нь нэгдмэл нэг цул гэж авч үзэх биш. Харин Европ, Ойрх Дорнод, Ази-Номхон далайн бүс зэрэг тодорхой бүс нутгууд дахь АНУ-ын үндэсний ашиг сонирхлын тухай асуудал юм. Энэ нь бусад улс орны хувьд маневр хийх орон зайг бодитоор тэлж өгч байна.

Өөрөөр хэлбэл, улс орнууд АНУ-тай харилцаагаа хөгжүүлэхэд Европын орнуудтай заавал ижил түвшний нягт харилцаа тогтоох шаардлагагүй. Эсрэгээрээ ч байж болно. Үүний тод жишээ нь Хятад улс: Бээжин АНУ-тай харилцааны хувьд хүндрэлтэй байгаа ч эдийн засаг, технологийн салбарт Европын орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Харин улс төр, батлан хамгаалахын хувьд Европын орнууд АНУ-аас хамааралтай хэвээр байгаа.

Өнөөгийн нөхцөлд хамтын ажиллагааны боломж хоёроос хавьгүй олон болсон. Тиймээс аль нэг талтай ойртох нь нөгөө талын байр суурийг дэмжиж буй дайсан гэсэн ангилалд автоматаар шилжүүлнэ гэсэн үг биш юм. Мэдээж жижиг болон дунд хэмжээний улс орнуудын боломж их гүрнүүдтэй харьцуулахад хязгаарлагдмал. Гэхдээ яг энэ хүчин зүйл нь тэднийг хоорондоо илүү идэвхтэй хамтран ажиллах, түншлэлийн шинэ хэлбэрүүдийг эрэлхийлэхэд түлхэц болж буй.

Монгол Улсын хувьд гадаад бодлогын гол зорилт нь түүний газар зүйн байршлаар тодорхойлогддог. Энэ бол давуу тал болон эрсдэл аль алиныг нь дагуулсан бодит нөхцөл юм. Тиймээс давуу талуудаа бүрэн ашиглаж, эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахыг хичээх хэрэгтэй гэсэн үг. Гол эрсдэл нь маш тодорхой. Хөрш хоёр гүрний аль нэгнийх нь хавсарга, түүхий эдийн хамааралтай дагуул болох явдал юм. Бодит байдал дээр энэ эрсдэл Оросоос илүү Хятадтай хамаатай байх магадлалтай. Учир нь өнөөгийн Орос улс экспансионист буюу нутаг дэвсгэрээ тэлэх бодлого явуулдаг эзэнт гүрний байр суурь баримталдаг улс биш юм.

Хятад улсын зүгээс Монголд хандах түүхэн хандлага нь Орос улсынхаас өөр. Оросын хувьд Монгол бол хөрш зэргэлдээ улс. Харин Хятадын хувьд Монгол нь Хятадын түүхэн орон зайн нэг хэсэг гэж үздэг.

Мэдээж хэрэг Хятад, Орос хоёр нь Монголын хувьд тэргүүлэх ач холбогдолтой түншүүд мөн. Гэвч эдгээр нь өөр хоорондоо бага зэрэг ялгаатай. Монголын ухаалаг бодлого нь хөрш зэргэлдээ байдлын ачаар олж авч буй үр өгөөжийг дээд зэргээр нэмэгдүүлж, сөрөг талуудыг хамгийн бага түвшинд байлгах боломжтой.

Таны хэлсэнчлэн "Гуравдагч хөршийн бодлого” зарим тохиолдолд өдөөн хатгасан шинжтэй мэт харагдаж болно. Украины жишээнээс их гүрнүүдийг Орос, Хятад эсвэл АНУ аль нь ч байсан өдөөн хатгах хэрэггүй гэдгийг харуулж байна. Өдөөн хатгалга нь улс орныг хүнд нөхцөл байдалд оруулж болзошгүй юм.

Гуравдагч хөрш хэрэгтэй. Ашиг тустай байж болох ч газар зүйн хувьд хөрш орнуудад, ялангуяа, аюулгүй байдлын хүрээнд ямар нэгэн хардлага төрүүлэх ёсгүй. Тухайлбал, Япон, эсвэл АНУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлж, технологи импортлох нь байж болох хэвийн үзэгдэл. Харин цэргийн сургуулилт зэрэг үйл ажиллагаа нь хөрш орнуудад өдөөн хатгалга мэт ойлгогдож болзошгүй. Эндээс асуудал үүсэж болно.

Ямар ч улс үндэстний хамгийн чухал ашиг сонирхол нь тусгаар тогтнолоо хамгаалах, улс орноо бүх талаар хөгжүүлэх явдал байдаг. Монгол Улс Орос, Хятад гэсэн хоёр том хөрштэй байснаар их зүйлд хүрч чадна. Бүр цаашилбал, хоёр том гүрэн бие биеэ тэнцвэржүүлж байдаг тул тусгаар тогтнолоо хадгалахын тулд заавал "гуравдагч хөрш"-өөс хамаарах шаардлагагүй гэж үзэж болно.

Миний ажигласнаар Монгол Улсын өнөөгийн гадаад бодлого энэ нөхцөл байдлыг ойлгож байгаа. Энэхүү бүтцийг дээд зэргийн оновчтойгоор, зүй зохистой ашиглахыг зорьж байна.

 

ЕВРАЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

 

-Орос улс олон туйлт дэлхий ертөнцийн нөхцөл байдалд Евразийн бүс нутаг дахь өөрийн аюулгүй байдлын тогтолцоо болон гадаад бодлогын харилцаагаа хэрхэн явуулж байна вэ?

-Олон туйлт дэлхий ертөнц нь мөн чанарынхаа хувьд ашигтай. Учир нь энэ нь анхаарлыг хүчний ба нөлөөллийн өөр төвүүд рүү шилжүүлэх боломжийг олгодог. Тэдгээр нь заавал хоорондоо шууд сөргөлддөг байх албагүй. Энэ бол эхний гол чухал цэг юм. Өөрөөр хэлбэл, Еврази бол нөлөөллийн олон туйл төвлөрсөн бүс нутаг юм.

Хоёр дахь асуудал нь Евразийн аюулгүй байдалтай холбоотой. Орос улсын хувьд энэ асуудал үргэлж нэн тэргүүнийх байдаг. Учир нь манайх эх газрын улс бөгөөд бусад улс оронтой үргэлж нягт хөрш зэргэлдээ оршсоор ирсэн.

Энэ нь Их Британи эсвэл АНУ зэрэг арлын улс орнуудын нөхцөл байдлаас зарчмын хувьд ялгаатай юм.

Тэдний хувьд аюулгүй байдлын хамгаалалт нь хүчирхэг тэнгисийн цэрэг болон дэлхийн өөр бүс нутаг дахь хүчний тэнцвэрийг удирдах чадварт тулгуурладаг. Тэгвэл Орос улс анхнаасаа л өөрийн шууд хаяанд орших соёл, ард түмэн, шашин шүтлэг, улс орнуудын олон янз байдалтай нүүр тулж ирсэн.

Энд өрсөлдөөн бол жам ёсны төлөв байдал бөгөөд энэ нь цаг хугацааны явцад байнга өөрчлөгдөж байдаг зөрчил мөргөлдөөн нөгөө талаас холбоо сүлбээг аль алийг нь бий болгож байдаг.

Орос улс аюулгүй байдлын тогтолцоогоо ойролцоогоор 1814–1815 оны Венийн конгрессоос эхлэн системтэйгээр бүрдүүлж эхэлсэн бөгөөд тэр үеийн дэлхийн хүч төвлөрч байсан Европд юун түрүүнд анхаарлаа хандуулж байв.

Энэ утгаараа олон туйлт дэлхий ертөнц нь түүхэн хөгжлийнхөө жам ёсны төлөв рүүгээ буцаж буй хэрэг юм. Хоёр туйлт дэлхий бол түүхийн хувьд онцгой үзэгдэл байсан. Харин нэг туйлт дэлхий бүр ч илүү өвөрмөц нөхцөл байдалтай байв. Тэр үед ганцхан гүрэн буюу АНУ 25 жилийн турш маргаангүй давамгай ноёрхлыг тогтоож байсан.

Орос улс төсөөлөөгүй гэнэтийн нөхцөл байдалтай нүүр тулж: 2022 оноос хойш Европын ихэнх орон бодит байдал дээр Орост дайсагнасан байр суурьтай улсууд болж хувирсан. Ийм нөхцөлд Европ дахь Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХБ)-д суурилсан, албан ёсоор оршин тогтнож буй Европын аюулгүй байдлын тогтолцоог түших ямар ч боломжгүй юм.

Орос Евро-Атлантын тогтолцоонд нэгдэхийг оролдсон боловч амжилтад хүрээгүй. Тиймээс Европын аюулгүй байдлын өмнөх ойлголт тодорхой хэмжээнд түүх болон үлдсэн боловч асуудал ач холбогдлоо алдаагүй, тулгамдсан хэвээр байна.

Орос олон улстай урт шугамаар хиллэдэг. Өнөөдөр түүний стратегийн ашиг сонирхол Евразийн Азийн хэсэг рүү шилжиж байна. Энэ нь юун түрүүнд хамтын ажиллагаа бодитоор явуулах бүрэн боломжтой улс орнууд уг бүс нутагт төвлөрч байгаатай холбоотой юм.

Тиймээс Европын аюулгүй байдлын тогтолцооны үзэл баримтлалын оронд Евразийн аюулгүй байдлын архитектур гэсэн шинэ үзэл санаагаар солигдсон юм.

Евразийн аюулгүй байдлын энэхүү тогтолцоонд Орос улс нь Хятад, Энэтхэг гэсэн тэргүүлэх гүрнүүдтэй, Казахстан болон Төв Ази дахь өөрийн ойрын хөршүүдтэй мөн хөрш зэргэлдээ орны хувьд Монгол Улстай түүнчлэн бусад хэд хэдэн улстай олон талт харилцааг хөгжүүлж байна.

Евразийн аюулгүй байдлын архитектурын үзэл санаа нь нэг талаас нэлээд ерөнхий тодорхой бус мэт боловч нөгөө талаас, туйлын бодит шинж чанартай. Орос улс Еврази, эсвэл Азийн хэмжээнд аюулгүй байдал, хамтын ажиллагааны шинэ байгууллага байгуулахыг эрмэлзэхгүй байна. Харин хоёр болон гурван талт түүнчлэн олон талт харилцааны янз бүрийн хэлбэрүүдийг хөгжүүлж байна. Үүнд “Евразийн их түншлэл” хамтын ажиллагаа багтана.

Энэхүү хандлагын мөн чанар нь Оросын Азид хил залгаа оршдог улс орнуудтайгаа мөн бүс нутгийн гол тоглогч Иран, Турк, Афганистан, Пакистан, Энэтхэг, Монгол, Хятад, хоёр Солонгос цаашилбал ирээдүйд Япон болон бусад оронтой сайн хөршийн харилцааг бүрдүүлэхэд оршино.

Шинэ нөхцөл байдалд Оросын өмнө тулгарч буй хамгийн эхний зорилт бол үндэсний аюулгүй байдлаа хангах явдал юм. Учир нь түүний стратегийн анхаарлын төв Европын дэд тивээс Евразийн Азийн хэсэг рүү шилжиж байгаа. Энэ өөрчлөлт нь гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогын шинэ чиглэлүүдийг тодорхойлж байна.

Хоёр дахь зорилго нь улс орнуудын хоорондын харилцааны шинэ тогтолцоог бүрэлдүүлэх явдал юм. Өнөөдөр Европ дахинд болон Орос-Өрнөдийн харилцаанд хөгжиж ирсэн уламжлалт харилцааны загвар нь Азийн нөхцөл байдалд ихээхэн хуучирсан.

Орос улсын хувьд Хятад улстай тогтоосон харилцааны туршлага загвар болж чадна. Энэхүү харилцаа нь маш нарийн төвөгтэй замыг туулж ирсэн. 1960-аад оны сүүл 1970-аад оны эхээр ЗХУ болон Хятад улс дайны ирмэг дээр байв. Тэр үед тэдний хооронд ямар нэгэн харилцаа холбоо бараг байгаагүй. Хятадын талаарх мэдээлэл маш хомс байлаа. Харин Европ эсрэгээрээ соёл, аялал жуулчлал, эдийн засгийн хэлхээ холбоо, хамтарсан төслүүд гээд хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэн идэвхтэй хөгжүүлж байв.

Орос, Хятад улс түүхэн ялгаатай туршлага, соёл иргэншлийн өөр уламжлалтай хоёр их гүрний хооронд 1989 оноос эхлэн шинэ төрлийн харилцааг бий болгож чадсан юм. Хүчний харьцаанд их өөрчлөлт гарсан. Өнөөдөр Хятадын эдийн засаг Оросынхоос 12 дахин том байна. Хэдийгээр ийм байгаа ч харилцаа нь тогтвортой хадгалагдсаар байна.

Энэхүү жишээ нь Хятад, Энэтхэг, ирээдүйд магадгүй Пакистан зэрэг Азийн их гүрнүүдийн хооронд төлөвшсөн, бат бөх тогтвортой харилцааг цогцлоох бүрэн боломжтой гэдгийг харуулж байна. Эдгээр үйл явцын хүрээнд ШХАБ (ШОС) болон БРИКС гэсэн байгууллагууд байгуулагдаж байгаа. Тэдгээр нь гишүүн орнуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулж, бүс нутгийн аюулгүй байдлын шинэ тогтолцоог бүрэлдүүлж байна.

Европын аюулгүй байдал голчлон хүчний харьцаан дээр суурилж байсан бол Азид геополитикийн өөр сэтгэлгээ, стратегийн өөр гүн ухаан оршин байдаг. Энд хүчний харьцаа хэдийгээр чухал боловч энэ нь арай өөрөөр, тухайлбал, уян хатан байдал болон харилцан хамааралтай хамтын ажиллагааны тогтолцоогоор дамжин хэрэгждэг.

Ингэснээр өнөөдөр Орос улсын хувьд хоёр үндсэн зорилт тулгарч байна. Нэгдүгээрт, Евразид өөрийн аюулгүй байдлыг хангах. Хоёрдугаарт, Европын уламжлалт загвараас ялгаатай Азийн онцлогт нийцсэн улс хоорондын харилцаа болон аюулгүй байдлын шинэ архитектурыг бүрэлдүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

 

ОРОСЫН ГАДААД БОДЛОГЫН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ

 

-Та "Хүчний шинэ тэнцвэр" номдоо XXI зуунд Оросын гадаад бодлогын тэнцвэрт байдал Хятад улсаар ихээхэн соригдох болно гэж тэмдэглэжээ. Таны бодлоор Орос, Барууны хоорондох хурц сөргөлдөөний нөхцөлд Орос, Хятадын хамтын ажиллагаа гүнзгийрч, АНУ, Хятадын хооронд эдийн засаг, технологийн салбар дахь өрсөлдөөн эрчимжиж байгаа. Сүүлийн хэдэн жилийн үйл явдлууд таны байр суурийг өөрчилсөн үү. Мөн эдгээр үйл явдал нь Оросын байр суурийг бэхжүүлж байна уу. Эсвэл шинэ сорилтуудтай тулгарч байна уу. Та 10-15 жилийн дараа Хятад Оросын гадаад бодлого болон дэлхийн улс төрд ямар байр эзэлнэ гэж харж байна вэ?

-Дэлхийн гүрнүүдийн дээд лигт Хятад болон АНУ байх болно гэж бодож байна. Бид их гүрнүүдийн тухай ярьж байгаа ч тэдгээр нь харилцан адилгүй хэмжээ, нөлөөтэй байх болно. Харин дэлхий олон төвт, олон туйлт болох биз ээ. Хятад болон АНУ нь хамгийн том их гүрнүүд байх бөгөөд тэдгээрийн хажууд харьцангуй жижиг төвүүд бүрэлдэнэ. Миний бодлоор Орос, Энэтхэг магадгүй Япон гээд хэд хэдэн орон "нэгдүгээр лигт" багтах болов уу. Харин тэдний нэр нөлөө нь бие даасан бодлого явуулах чадвараас нь ихээхэн хамаарна.

Хятадын олон улсын харилцааны нэрт судлаач Янь Сюэтун 2035 он гэхэд дэлхийд Хятад ба АНУ гэсэн хоёр их гүрэн давамгайлж, бусад улс тэдний эргэн тойронд бүлэглэх эсвэл тэнцвэрийг эрэлхийлэх болно гэж таамагласан байдаг. Түүний дүгнэлт хэсэгчлэн биелэх болов уу гэж үзэж байна. ЗХУ, АНУ-ын үеийнх шиг хатуу хоёр туйлт систем сэргэхгүй ч олон улсын харилцаанд өөрийн гэсэн ач холбогдолтой бие даасан тогтолцоонууд байх болно.

Дэлхийн хүчний тэнцвэрийн цаашдын төлөв нь Орос улс технологийн болон оюун санааны тусгаар тогтнолоо хэр хэмжээнд бэхжүүлж, “иргэншилт-улс” гэсэн статустаа хэр зэрэг нийцэж чадахаас хамаарна. Цэргийн тусгай ажиллагаа илүү бие даасан байх боломжийг нээж өгч байгаа ч үүнийг ашиглахад өмнө нь үндсэндээ Барууныханд захирагдаж байсан элитүүдийн хүчин чармайлт, төлөвшил шаардлагатай юм. Орос улс одоогоор ийм ачааллыг үүрч чадах эсэх асуудалтай тулгарч байгаа. Өөрчлөлтийг идэвхтэй, эв нэгдэлтэй цөөнх хийдэг гэдгийг түүх харуулдаг.

Сонирхолтой нь XIX зууны сүүл XX зууны эхэн үед Орост Азийн ахиц дэвшлийн талаар хэлэлцүүлэг өрнөж байсан. Хятад, Япон, Монголыг "ирээдүйн давлагаа" гэж үздэг байв. Жишээлбэл, Владимир Соловьев "Нармай Монгол үзэл" буюу гурван агуу соёл иргэншлийн нэгдлийн тухай ярьж байсан. Ингэхдээ Японыг хөдөлгөгч хүч, Монголыг Чингис хааны залгамжлагч, Хятад улсыг их ард иргэдтэй орон гэж үздэг байв. Тухайн үед Европыг мөхөж байхад Ази хүчний шинэ төв болж чадна гэж үздэг байжээ. Өнөөдөр ийм хувилбарын талаар өмнөх шигээ ярих боломжгүй болсон ч дэлхийн түүхэнд Ази тивийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол өндөр хэвээр байна.

Хятад улс үнэхээр хүчирхэгжсэн. Цаашид ч улам бүр чадамж нь нэмэгдсээр байх болно. Америк, Хятадын хамтын ажиллагаа нь XXI зуунд хамгийн чухал гэдэг нь дамжиггүй. Францын сэтгэгч, аялагч, Алексис де Токвилль, 1830-аад онд Америкийг гүнзгий судалж байх үедээ ХХ зуун нь Америк ба Оросын зуун болно гэж таамаглаж байсан. Энэ нь XX зууны хоёрдугаар хагаст тодорхой хэмжээнд биелжээ. Харин XXI зуун Америк, Хятадын зуун болно гэж өнөө үед хэлж болох ч хоёр гүрний ирээдүй одоогоор тодорхойгүй байна.

Орос улсын хувьд Хятад нь Америкаас илүү том сорилт болж байна. АНУ-тай тогтоосон харилцаа нь ил тод дайсагнасан, өрсөлдөөнт шинжтэй байгаа нь дайчин уур амьсгалыг бүрдүүлж буй. Харин Хятадыг тийм ч их дайсагнасан байдлаар хүлээж авдаггүй тул түүний нөлөө илүү үр дүнтэй байх магадлалтай. Барууны орнууд хилээ хаасны дараа Хятад улс бидний эдийн засгийн гол том түнш болсон ч харилцаа маань харилцан тэгш биш байна. Жишээлбэл, барууны автомашины брэндүүдийг Оросоос гарахад Хятадын брэндүүд орж ирсэн боловч Орост үйлдвэрлэлээ нутагшуулахгүйгээр зөвхөн машинаа борлуулж байна. Энэ нь эдийн засгийн хувьд ашиггүй. Бид хог хаягдлын дахин боловсруулалтын хураамжийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй болж, Хятадын дургүйцлийг хүргээд байна. Түүнээс гадна Хятад улс усны нөөц, Байгаль нуур, Хойд тэнгисийн замыг сонирхож байгаагаа илэрхийлж, далайн чөлөөт хөдөлгөөний үзэл баримтлалыг дэмжиж байгаа нь Оросын ашиг сонирхолд харшилж байна.

Үндсэндээ ОХУ-ын БНХАУ-тай харилцах харилцаан дахь ОХУ-ын байр суурийг тус улсын хүчин чадал нь тодорхойлдог. Хүчирхэг Орос улс илүү их боломж бололцоотой байдаг бол сул дорой Орос улс нөхцөл байдалд захирагдан үйлдэл хийхээс өөр аргагүйд хүрдэг. Тиймээс хүчний тэнцвэр нь Америкаас илүү Хятадаар соригддог.

 

ОРОС УЛСЫН СТРАТЕГИ

 

-Барууны шинжээчдийн үздэгээр, улс бүр өөрийн гэсэн “их стратеги”- тай байдаг. Тэгвэл Орос улсад ийм стратеги бий юу?

-Оросын гадаад стратегийг тодорхой ялган авч үзэж болох ч Д2Д дараа америкчуудын хийсэн шиг цогц, тов тодорхой концепцийн хэлбэрт хэзээ ч бүрэн оруулж байгаагүй. Зөвлөлтийн дипломатчид төрдөө зориулсан баримт бичгүүд боловсруулдаг байсан ч тэдгээр нь системчилсэн үзэл баримтлал гэхээсээ илүү хийсвэр төсөл шинжтэй байсан юм. Хэрэв манай түүхийн сүүлийн үеийг авч үзвэл 1991 оноос хойш Оросын стратеги нь өргөн хүрээний бие даасан байдлаа хадгалахын зэрэгцээ Евро-Атлантын хамтын нийгэмлэгт нэгдэхэд чиглэж байв. Энэ чиглэлийг Ельцин болон Путин нар 2014 он хүртэл тодорхой хэмжээнд үргэлжлүүлсэн. Зөвхөн ач холбогдлын хувьд өөрчлөлт гарсан. Тухайлбал, 1990-ээд оны эхэн үед бүрэн интеграцчлалд чиглэж байсан бол 2000-аад онд хэсэгчилсэн интеграцчлалын хэлбэр рүү шилжсэн юм. Тухайн үед би Оросын гадаад бодлогын талаарх дүн шинжилгээ хийх явцдаа 2012 онд “бие даасан байдлыг бэхжүүлэх” (суверенизация) бодлогын эхлэлийг тодорхойлсон. Энэ нь интеграцчлалаас ухрах бөгөөд Баруунтай шууд сөргөлдөхгүй боловч түүнээс зай барьсан, бие даасан стратеги бүрдүүлэх тухай байв. Энэхүү бодлого аажмаар хатуу хэлбэрт шилжсэн. 2014 онд Украины хямралтай холбоотой үйл явдлууд, улмаар 2022 онд бүр ч илүү хурцадмал нөхцөл байдал бий болсон юм. Өнөөдөр энэхүү стратеги нь Оросыг “иргэншилт-улс” (государства-цивилизации) хэлбэрээр төлөвшүүлэн бэхжүүлэх зорилготой боловч түүний хэрэгжилт нь тодорхой бус байна. Учир нь элитүүдийн нэг хэсэг нь өөрт ашигтай байсан барууны орнуудтай илүү ойр интеграцчлалд буцан орох сонирхолтой хэвээр байгаа юм.

Түүхэн нөхцөл байдлыг авч үзвэл: Горбачёв капитализм ба социализмын хамгийн сайн талуудыг нэгтгэхийг оролдож, “конвергенц” ба хамтын ажиллагааны үзэл санааг дэвшүүлсэн. Брежнев цэргийн болон эдийн засгийн салбарт тэнцвэрт байдал, “энх тайвнаар зэрэгцэн орших” үзэл баримтлалд тулгуурласан. Хрущёв стратегиа хямралаар дамжуулан хэрэгжүүлэх зарчмыг баримталж байсан. Үүний жишээ нь Берлин болон Кубын хямралууд юм. Сталин нь агуу Зөвлөлт улсыг байгуулахад төвлөрч, хувьсгалыг гадаад бодлогын хэрэгсэл болгон ашиглаж байв.

Ерөнхийдөө Орос улсад албан ёсны баримт бичиг байгаагүй ч гадаад стратеги үргэлж оршсоор ирсэн. Зарим нэгэн нь энэхүү стратегийг илүү тодорхой хэрэгжүүлж байсан бол нөгөө нь сул хэлбэрээр явуулж байж. Гэсэн ч энэ стратеги нь үргэлж түүхэн туршлага, дотоод ашиг сонирхол болон олон улсын нөхцөл байдалд үзүүлэх хариу үйлдлийн нэгдэл хэлбэрээр төлөвшиж иржээ.

 

ЗҮҮН ХОЙД АЗИЙН СТРАТЕГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

 

-Өнөөдөр Орос улс баруунд Беларусьтай, харин зүүнд Хойд Солонгостой нягт цэргийн холбоо тогтоож, эдгээр нь түүний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Таны бодлоор АНУ болон тэдний холбоотнуудын нөлөө, мөн Зүүн Хойд Азид үүсэж болзошгүй эрсдэлийг харгалзан үзвэл, Орос улсын Хойд Солонгостой хөгжүүлж буй харилцаа нь бүс нутгийн стратегийн тогтвортой байдалд хэрхэн хувь нэмэр оруулж байна вэ?

-АНУ-ын үндэсний батлан хамгаалахын шинэ стратегийг сонирхолтойгоор харахад, боломжит эсрэг талуудын дунд Хятад, Орос, Иран болон Хойд Солонгосыг нэрлэсэн байна. Сонирхолтой нь, тухайн баримт бичигт Хойд Солонгосын тухай түүний цөмийн болон пуужингийн зэвсэглэлтэй болохыг тэмдэглэжээ. Энэ нь АНУ, Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс хэмээн хүлээн зөвшөөрсөнтэй адил утгатай гэж үзэж болно. Иймд Хойд Солонгостой холбоотой аливаа мөргөлдөөн цөмийн зэвсгийн хэмжээнд хүрч өргөжих эрсдэлтэй. Учир нь тус улс АНУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цэнэгт хошуутай пуужин харвах чадвартай гэж тооцогдоно. Өөрөөр хэлбэл, Хойд Солонгос нь цөмийн зэвсэггүй Иран улсаас ялгаатай нь АНУ-ын зүгээс түүний эсрэг ноцтой цэргийн дарамт үзүүлэх эсвэл дэглэмийг нураах оролдлого хийх боломжийг бараг бүрэн хязгаарлаж байна гэсэн үг юм.

Энэ нь стратегийн тогтвортой байдлын талаарх ойлголтыг эрс өөрчилж буй. Өмнө нь энэ ойлголтыг цөмийн зэвсгийг бууруулах эсвэл цөмийн зэвсэггүй бүс байгуулахтай холбож авч үздэг байсан бол өнөөдөр илүү бодитой хандлага нь цөмийн зэвсэг эзэмших нь аюулгүй байдлын хамгийн хүчтэй, гэхдээ төгс биш баталгаа хэвээр байна гэсэн дүгнэлтэд хүрч байна.

Ийм логикоор авч үзвэл цөмийн зэвсэгтэй Иран, Израил нь Ойрх Дорнодын тогтвортой байдлын нэг суурь болж болох бөгөөд Хойд Солонгосыг ч мөн адил бүс нутгийн тогтвортой байдлын хүчин зүйл гэж үзэх боломжтой. Учир нь тус улсын дэглэмийг өөрчлөх, эсвэл улс орныг сулруулах гэсэн АНУ болон Өмнөд Солонгосын аливаа сэдлийг үндсэндээ үгүй болгодог. Өнөөдөр АНУ-ын зүгээс Хойд Солонгос руу чиглэсэн аюул бараг л тэгтэй тэнцүү байна. Энэ бол стратегийн тогтвортой байдлын нэг чухал илэрхийлэл юм.

 

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

 

-Таны бодлоор олон улсын харилцааны салбарт ямар зан чанар, ур чадвар онцгой хэрэгцээтэй вэ. Энэ салбарт анхны алхмаа хийж буй залуу мэргэжилтнүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Миний хувьд Зөвлөлт Холбоот Улсад аливаа зүйлийг олон өнцгөөс харах чадвар онцгой чухал байсан гэж боддог. Хүн бүр өөрийн гэсэн үнэнтэй. Харин туйлын үнэнийг Бурхан л мэднэ. Тиймээс бидний үнэн нь нөхцөл байдлыг харах нэгээхэн өнцөг гэдгийг ойлгох нь чухал юм. Уян хатан сэтгэлгээ, бусдын санал бодол, шүүмжлэлийг хүлээн авах чадвар ба хүмүүний сэтгэхүй хязгаарлагдмал байдаг гэдгийг ухамсарлан ойлгох нь миний хувьд хамгийн эрхэм чанар байсан.

Тантай харьцаж буй хүн нийгэмд ямар байр суурь эзэлдгээс үл хамааран тухайн хүнтэй хүндэтгэлтэй, нээлттэй харьцах нь маш чухал. Хүн бүртэй эн тэгш харилцаж, хэн нэгнийг доош нь хийх эсвэл бусдыг доромжлон гутааснаар өөрийгөө дөвийлгөх гэж оролдох ёсгүй.

Үүнээс гадна өөр олон чухал зүйлс байдаг ч миний бодлоор энэ чанарууд буюу уян хатан сэтгэлгээ, хүн бүртэй нээлттэй болон хүндэтгэлтэй хандах нь харилцаа холбоо тогтоох, мэргэжлийн замналаа цогцлоон бүтээхэд туслах үндсэн суурь болдог.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 113 (7855)