Н.ГЭРЭЛТУЯА

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 15 дахь удаагийн “Азийн аялал жуулчлалын форум 2026” манай улсад анх удаагаа болж өнгөрлөө. Энэхүү форумын хүрээнд 22 орны 100 гаруй илтгэгч, эрдэмтэн судлаач, салбарын төлөөлөгчид Улаанбаатар зочид буудлын Их танхимд цугларсан билээ. Тэгвэл энэхүү гурван өдөр үргэлжилсэн нэгдсэн хуралдааныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос “Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийг олон улсын жишигт хүргэх, шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, бүс нутгийн болон дэлхийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан чухал үйл ажиллагаа боллоо” гэв.

Үйл ажиллагааны талаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Болорхүү “Монголд анх удаагаа Азийн аялал жуулчлалын форум зохион байгуулагдаж байгаа олон улсын эрдэмтэн, судлаачдийн байр суурь, чиглэлийг сонсох том боломжийг олгож байна. Ялангуяа Монгол Улсыг олон улсад таниулан сурталчлах, аялал жуулчлалын  нөөц боломжийг тодорхойлох маш чухал ач холбогдолтой болж байна. Цаашид энэхүү үйл ажиллагаа нь аль улсад зохиогдох эсэхээс шалтлгаалан өмнө нь Монгол Улсад зохион байгуулагдаж байсан гэж түүхэнд бичигдэх учир чухал арга хэмжээ болж байна” хэмээн ярив.

Монголын анхны гадаадын жуулчдад үйлчлэх мэргэжлийн газар хэмээн үнэлэгддэг “Жуулчин” компанид олон жил ажилласан ахмад ажилчин Н.Хандсүрэн “Манай улс гадаадын жуулчдын тоог нэг саяд хүрэх зорилго тавьсан. Тэр зорилгод хүрэхэд тус дэм болох, үр ашигтай үйл ажиллагаа болж байна. Дийлэнх жуулчид Монгол орныг амар амгалан, тайван улс байна гэж үздэг. Гэхдээ зарим нэг зүйл дээр дутуу, сэтгэл хангалуун бус зүйл байдаг. Хүсэж байсан үйлчилгээ нь байхгүй байх тохиолдол гардаг л даа. Гэхдээ үүнээс илүүтэйгээр манай улсын нүүдэлчин соёл, онцлог жуулчдад онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Аялал жуулчлалын салбар хөгжихөд монгол хүний найрсаг, зочломтгой зан маш их чухал. Сүүлд Ковид 19-ын дараах хоёр жилд Өмнөд Солонгосын жуулчид маш их ирэх болсон. Харин Европын жуулчдын хувьд адал явдалтай аялалд маш их дуртай байдаг” хэмээн ажил мэргэжлийнхээ онцлогийн талаар сонирхуулав.

Форумын сүүлийн өдөр Азийн аялал жуулчлалын форумын санаачлагч, Хонконгийн Политехникийн их сургуулийн болон манай улсын төлөөллүүд уулзалтын зохион байгуулалт, цаашдын хамтын ажиллагааны боломж, аялал жуулчлалын боловсрол, судалгаа, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр санал солилцсон билээ.

 

ФОРУМД ОРОЛЦОГЧДЫН БАРАГ ТАЛ ХУВЬ НЬ ГАДААД ХҮМҮҮС БАЙХАД МУЗЕЙ НЬ ЗӨВХӨН ДОТООДЫНХОНД ЗОРИУЛСАН МЭТ БАЙСАН

 

Энэ үеэр манай улсад ирсэн зарим гадаад хүмүүсийн санал сэтгэгдэл салбарын хувьд цаашид анхаарах, өөрчилж сайжруулах зарим асуудлыг хөндөж байлаа. Тухайлбал, нэгэн жуулчин “Бид өчигдөр Чингис хаан музей үзсэн. Маш том, утга агуулгатай, үнэ цэнэтэй үзмэрүүд олон байна лээ. Гэхдээ үзмэрүүд дээр Хятад эсвэл Англи хэл дээрх тайлбар, шошго байхгүй байгааг анзаарсан. Гадаадын жуулчид ирээд ойлгохын тулд үүнийг заавал хийх хэрэгтэй гэж бодож байна” гэсэн юм.

Хонконгийн Политехникийн их сургуулийн профессор Тони Цэ “Монгол Улсад ирсэн анхны сэтгэгдэл үнэхээр сайхан байсан. Нисэх буудлаас зочид буудал хүртэл явахад бараг хоёр цаг зарцуулсан. Нийслэл хотод нийтийн тээврийн зөв бүтэц, дэд бүтэц байхгүй юм шиг санагдсан. Энэ нь жаахан тиймэрхүү байлаа. Би хөдөө хараахан явж амжаагүй байгаа ч байгаль нь үнэхээр үзэсгэлэнтэй гэдгийг мэдэх болохоор их хүлээлттэй байна. Энэ форум манай их сургуулийн хувьд маш чухал арга хэмжээ. Учир нь аялал жуулчлалын салбарт бид соёл хоорондын туршлага, хүмүүсийг ойлгох, өөр үндэстэн, хүмүүстэй сайн харилцаа, энх тайван, найрамдлыг бэхжүүлэхийг чухалчилдаг. Бие биеэ таньж мэдэх, ярилцах, сайхан нөхөрлөл тогтоох гайхалтай боломж бүрдэж байна. Мэдээж Монгол Улсыг, эсвэл Улаанбаатар хотыг аялал жуулчлалын гол цэг болгон сурталчлах зорилго бий. Энэ форум бол хүмүүсийг энд авчирч, тэднийг өөрсдийн орон руугаа, зах зээл рүүгээ буцахад нь Монголын тухай яриулах нэг арга зам юм. Жишээлбэл, би буцахдаа хүмүүст энэ газар ямар байсныг тайлбарлаж ярина. Хүмүүс надаас миний сэтгэгдлийг асуух болно. Би ихэвчлэн оюутнууддаа, ялангуяа ангийнхаа оюутнуудад хүмүүсийн тэр бүр сайн мэддэггүй газруудыг үзэхийг зөвлөдөг. Улаанбаатар хот бол Сингапур, Сөүл, Токиог бодвол хүмүүст арай шинэлэг, танил бус газар” гэсэн юм.

 

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ДУТАГДАЛТАЙ БАЙДАЛ ЖУУЛЧДАД НӨЛӨӨЛДӨГ

 

Олон төрлийн тээврийн хэрэгслийн сонголттой газраас ирсэн жуулчид түгжрэлийг хараад төрдөг анхны сэтгэгдэл нь тийм ч таатай биш. Зам дээр түгжирдэг дөрвөн дугуйт аль эсвэл явган хүний зам дээгүүр сүлжилдэх хоёр дугуйтаас илүү сонголт бидэнд хэрэгтэйг жуулчдын ярианаас олж харж болно. тэгвэл  Сөүл хот саяхан Хан мөрөн дээгүүр зорчих байгальд ээлтэй усан гатлага онгоцны үйлчилгээг нэвтрүүлсэн нь санаанд орж байлаа.

KOICA (Korean International Cooperation Agency) –ийн Монгол дахь төлөөлөгч “Анх 2017 онд Монголд ирж байсан. Уудам тал нутаг, элсэн тасархай үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлсэн. 10-аад жилийн өмнө шүү дээ. Хөдөө бол мал сүрэг, морьд бэлчсэн уудам тал л байлаа. Харин одоо Улаанбаатарт ирэхэд маш их өөрчлөгджээ. Өндөр барилгууд, хоолны гудамж гээд л. Заримдаа замын түгжрэл хэцүү байдаг ч одоо бараг дасжээ. Улаанбаатар хот Солонгосын хотуудтай маш төстэй, ижилхэн уур амьсгалтай санагддаг. Би өмнө жуулчны маягаар ирдэг байсан бол одоо суурин ажиллаад нэг жил орчим болж байна. GS25, CU зэрэг дэлгүүрүүдийг хараад үнэхээр гайхсан. Монгол хүмүүс Солонгосын хоол, соёлд дуртай байдгийг шууд л ойлгож болохоо. Соёл гэдэгт зөвхөн хоол орохгүй, К-поп, хөгжим, драма ч орно. Жишээ нь, Netflix-ээс "Physical: 100" зэрэг шоуг энд ч гэсэн үзэж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол урт хугацааны харилцааны нэг хэсэг юм” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

 

МОНГОЛЫН ХӨРСӨНД ЯАЖ БУУЛГАХ ВЭ

 

"Азийн аялал жуулчлалын форум"-д оролцож байгаа гадаадын төлөөлөгчид бусад орнууд Монголыг жуулчны бүс гэдэг утгаар, хэрхэн харж байгааг мэдэж авлаа. Тэд бусад орны хөгжсөн туршлага дээр суурилж ярьж байгаа ч Монголын аялал жуулчлалын яг бодит дүр зураг, сорилтууд юу вэ гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. Үүнийг хөгжүүлж чадвал эдийн засгийн орлого нэмэгдэж, дэлхийд илүү танигдана гэдгийг онцолж байлаа. Нэг хүнд ногдох газар нутгин хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг манай улс аялал жуулчлалын салбараа хэрхэн зөв голдрилоор хөгжүүлэх вэ гэдгийг гадныхны нүдээр харж, мэдэх нэг томоохон боломж олгосон чухал арга хэмжээ гэдгийг эндээс төвөггү харж болохоор байлаа. Цаашид ч цээж дүүрэн цэнгэг агаар, өргөн уудам газар нутаг, амар амгаланг Монголоос хайн зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, энэ салбарыг хөгжүүлэхэд том боломж бий гэсэн итгэл найдвар тээсээр форумын арга хэмжээг өндөрлүүлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 114 (7856)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn