Говийн салхи тасралтгүй исгэрнэ. Тэнгэр газар нийлсэн мэт уудам шаргал талд хэдэн намхан сэндвичин барилга, хамгаалалтын малгай өмссөн инженерүүд, нутгийн малчид, төрийн албан хаагчид, Францаас ирсэн зочид нэг дор цугларчээ.
Энэ бол энгийн нэг өдөр биш. Зуны тэргүүн сарын 18-ны билэгт сайн өдөр Монголын уул уурхайн салбар төдийгүй цөмийн энергийн түүхэнд тэмдэглэгдэх, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд орших Зөөвч-Овоо ураны төслийн албан ёсны нээлт болов.
Сайншанд хотоос 100-аад километрийн зайд орших энэ тал нутагт өнөөдөр анхны олборлолтын цооногийн өрөм эргэж, уурхайг сумын төвтэй холбох авто замын шав тавигдсан нь 30 жилийн өмнөөс буюу 1997 онд эхэлсэн хайгуул, хэлэлцээ, хөрөнгө оруулалтын түүх бодит бүтээн байгуулалт болж хувирсныг зарласан мөч байлаа.
Францын төрийн өмчит "Орано" групп Монголд анхны хайгуулын ажлаа эхлүүлснээс хойш ийн гурван арван өнгөрчээ. Тэр хугацаанд олон улсын зах зээл савлаж, Монголын улс төр хэдэнтээ өөрчлөгдөж, ураны төслүүдийг тойрсон маргаан ч тасраагүй. Харин өнөөдөр Зөөвч-Овоо орд дээр бодит олборлолтын өмнөх бүтээн байгуулалт эхэлж буйг тал бүрийн төлөөлөл өөр өөрийн өнцгөөс харж байлаа. Нээлтийн арга хэмжээний үеэр хамгийн их сонсогдсон үг бол "итгэлцэл" байв.
Францын "Орано" группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Клоод Имовен нээлтийн үеэр үг хэлэхдээ энэ төслийг зөвхөн уул уурхайн хөрөнгө оруулалт гэж харахгүй байгаагаа онцолсон юм. "Энэ бол хоёр улсын олон жилийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн үр дүн" хэмээгээд Зөөвч-Овоо төсөл ийнхүү цаасан дээрх төсөл биш, бодит ажил болж өрнөж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн. Энэхүү төслийн цаана Монгол, Франц хоёр улсын зургаан арваны турш бий болгосон харилцан итгэлцэл оршиж буй бөгөөд Франц улс стратегийн ач холбогдол бүхий төслийг хамтран хэрэгжүүлж, хөгжүүлэх чадавхтай болохоо харуулж, ирээдүйг хариуцлагатайгаар бүтээх эрмэлзлээ тодотгосон юм.
“Манай хоёр орны хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ маш чамбай, харилцан өндөр шаардлага тавьж байгуулсан гэрээ. Энэ гэрээ бол Монгол Улсын уул уурхайн салбарт дараа дараагийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн жишиг болж чадсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмуудыг бүрэн хэрэгжүүлж байгаа. Зөөвч-Овоо төслөөс татвар, АМНАТ, ногдол ашгаар дамжаад нийт ашгийн дийлэнх нь Монгол Улсад үр өгөөж болон үлдэх юм.
“Орано групп” ажилтныг хөгжүүлэх, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэхэд онцгой анхаарч ирсэн төдийгүй цаашид өндөр ур чадвартай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулна. Өнөөдөр шав тавих гэж буй Зөөвч-Овоо уурхай болон Улаанбадрах сумыг холбосон авто замын бүтээн байгуулалтад орон нутгийн аж ахуйн нэгжүүд оролцож байгаад маш их баяртай байна. Энэ бол орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн үр өгөөжийг илүүтэй хүртээх бидний эрмэлзлийн нэг илэрхийлэл” хэмээн Клоод Имовен тайлбарлав.
Товчхондоо Монгол-Францын хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ нь ирээдүйд байгуулагдах томоохон төслүүдэд жишиг болохуйц өндөр шаардлагатайгаар боловсруулагдсан бөгөөд төслийн өгөөжийн дийлэнх нь татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон ногдол ашгийн хэлбэрээр Монгол Улсад үлдэх аж.
Зөөвч-Овоо төслийг онцгой болгож буй гол зүйл нь яах аргагүй олборлолтын арга. Энд ил уурхай байгуулахгүй. Уул сэтлэхгүй. Асар том хаягдлын овоолго үүсгэхгүй. Харин газрын гадаргаас 150-200 метрийн гүнд орших хүдэр агуулсан давхаргаас "газар доор уусган олборлох" технологи ашиглан уран гаргаж авах юм. Ингэж газрын гүнд, ус үл нэвчих шавран үет давхаргын дунд, элсэнд наалдсан байгалийн ураныг хамгийн сүүлийн үеийн өндөр технологиор газар доор уусган олборлох явцад байгаль орчинд цацраг нөлөөлж байгаа эсэхийг хянах, олон улсын стандартад нийцсэн хөндлөнгийн лаборатори барьж байгуулахад “Бадрах Энержи” компанитай хамтран ажиллахаар болжээ. “Орано” группийн зүгээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монгол Улсын Засгийн газрын гаргасан санаачилгыг дэмжих ажиллана гэдгийг тус группийн ТУЗ-ийн дарга Клоод Имовен мөн нэмж хэлсэн.
Өнөөдөр дэлхийн нийт ураны олборлолтын томоохон хэсгийг буюу 60 гаруй хувийг дээрх аргаар олборлодог бөгөөд байгаль орчинд үзүүлэх нөлөө харьцангуй бага гэж үздэг ч энэ нь орон нутгийн иргэдийн бүх эргэлзээг тайлсан гэсэн үг биш.
Д.Батсайхан: Байгаль орчин, ирээдүйдээ сэтгэл зовниж байгаа ч хариуцлагатай ажиллана гэдэгт итгэж байна
Хоёр бөхт тэмээ идээшин дассан говийн энэ нутагт газар доор уусган олборлох технологид суурилсан уран олборлох төслийн нээлт болж буй нутгийн уугуул иргэн Д.Батсайхан хөгжлийн нэг боломж гэж харж байгаагаа хэлсэн. Түүний хувьд шинжлэх ухаан, технологи хөгжсөн өнөө үед байгалийн баялгаа хүн, мал, байгаль орчинд хор хөнөөлгүйгээр ашиглаж, улс орны хөгжил болон иргэдийн амьжиргаанд үр өгөөж авчрахыг дэмжиж буй аж. Гэхдээ уурхайн үйл ажиллагаа орон нутгийн иргэд, тэр дундаа малчдын амьдрал, эрүүл мэнд, нийгмийн асуудалд сөргөөр нөлөөлөх ёсгүй гэдгийг онцолсон юм.
Мөн Зөөвч-Овоо төслийн хүрээнд засмал зам баригдаж байгааг сайшааж, зам дагаж орон нутгийн бизнесүүдэд шинэ боломж, ажлын байр бий болно гэсэн хүлээлттэй байгаагаа хэлсэн. Говийн эмзэг хөрсийг хамгаалах үүднээс олон салаа шороон зам гаргахгүйгээр төлөвлөсөн нэг чиглэлийн зам барьж буй нь чухал шийдэл гэж үзэж байгаа гэнэ. Гэсэн ч түүний сэтгэлийн мухарт “Ирээдүй хойч үед минь аюулгүй байгаа, байгаль орчин сүйдчихгүй байгаа” гэсэн байгаль, уул усаа дээдэлдэг монгол хүний хувьд зовнил тээсээр байгаагаа нуугаагүй юм. Тийм ч учраас байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт, малчдын эрх ашиг, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж ажиллах ёстой гэж үзэж байгаа ажээ.
“Говийн энэ эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа малчин өрхүүдийн нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, мал сүргийн чанар, бүтцийг сайжруулахад бодит дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Үнэхээр л дэлхийн хэмжээний ураны ордыг ашиглах гэж байгаа бол манай Аргалант багийг үлгэр жишээ суурин болгон хөгжүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа” хэмээн Д.Батсайхан хэллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд ирсэн иргэд, малчдын хувьд төслийн амжилтыг тонн уран, тэрбум доллароор биш, харин хэдэн жилийн дараа говийн ус болоод хүн, малын эрүүл мэнд хэвээрээ байна уу гэдгээр хэмжинэ гэдгийг хэлж байв.
Харин Зөөвч-Овоо төслийг албан ёсоор нээх товчлуурыг дарсан Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал аюулгүй, амжилттай хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг хүсэж байгаагаа захисан. Төсөл хэрэгжүүлэгч "Бадрах Энержи" компани аймаг, сумын иргэдийн нийгмийн асуудал, ялангуяа эрүүл мэнд, боловсролд онцгой анхаарч, орон нутгийн хамтын ажиллагааг илүү шинэ шатанд гаргана гэж найдаж байгаагаа тэрбээр хэлэв. Төслийн хүрээнд үйлдвэрлэл, олборлолт эхлэхээс цахилгаан дамжуулах агаарын шугам, уурхайг аймаг, сумтай холбох авто замаа барьж байгаа нь иргэдийн иргэдийн хүлээлтэд нийцэж байгааг мөн онцолсон.
Монгол Улс цөмийн салбарын шинэ шат руу
Газар доор уусган олборлох технологийг хүссэн улс нь аваад ашиглах боломжгүй. Энэ технологийг ашиглах боломжтой орд байх нь гол шалгуур. Зөөвч-Овоо ордын геологийн тогтоц нь ураныг байгальд хамгийн нөлөө багатай олборлох технологи ашиглах боломжтой байсан нь том давуу тал юм. Тийм ч учраас “Зөөвч-Овоо” төслийн нээлт Монгол Улсын цөмийн энергийн салбарт тэмдэглэх чухал явдал гэдгийг Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав онцолсон.
Монгол Улсын 2009 онд тодорхойлсон, Төрөөс цөмийн энергийн салбарт баримтлах бодлогыг тууштай хэрэгжүүлж буйн гол илрэл нь Зөөвч-Овоо. Гэхдээ үүгээр хязгаарлахгүйгээр ураны хайгуулыг нэмэгдүүлж, албан ёсны нөөцөө баталгаажуулж, эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс анхаарч ажиллаж байгааг Г.Манлайжав хэлээд “Бадрах Энержи” компанийн тусгай зөвшөөрөл бүхий Зөөвч-Овоо, Дулаан-Уул шиг томоохон ордыг нээж илрүүлэхэд хэдэн мянган км урт өрөм тавьж, дор хаяж 10 жил эрж хайж олдог гэдгийг тодотгосон юм.
Түүний хэлснээр хамгийн чухал нь Зөөвч-Овоо төсөл хэрэгжсэнээр Монголд энэ салбарын инженер, гидрогеологич, геохимич зэрэг өндөр ур чадвартай мэргэжилтнүүд бэлтгэгдэх бөгөөд цаашлаад цөмийн технологийн бусад чиглэлд олон улстай хамтран ажиллах боломж нээгдэх аж. Өөрөөр хэлбэл, эндээс зөвхөн уран олборлохгүй. Мэдлэг, технологи, хүний нөөцийн шинэ үе бий болох боломжтой.
“Бадрах Энержи” компани хайгуулаас эхлээд туршилтын үйлдвэрлэлийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсад газар доор уусган олборлох цоо шинэ технологи нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй болохыг баталгаажуулснаар өнөөдрийн төсөл нээлтээ хийх боломж бүрдээд байгаа билээ. Тийм ч учраас шинэ технологи дагасан цоо шинэ стандартыг нутагшуулж, хариуцлагатай ажиллахаар бүхий л бэлтгэлээ зэхэж, гол бүтээн байгуулалтуудаа эхлүүлж байгаа нь энэ. Тус компанийн гүйцэтгэх захирал Корали Прин “Өнөөдөр баярлах бахархах зэрэгцсэн өдөр байна. “Орано” группийн Монгол дахь 30 жилийн үйл ажиллагааны үр дүнд төслийг эхлүүлж чадсандаа маш их баяртай байна. Энэ бол төсөлд оролцож ажилласан хүн бүрийн хичээл зүтгэлийн үр дүн юм” хэмээсэн. Төслийн хүрээнд орон нутгийн аль болох олон иргэнийг ажлын байраар хангаж, орон нутгийн болон улсын хэмжээнд эдийн засгийн үр өгөөжийг хүртээнэ гэдгийг мөн нэмж хэлэв.
Төгсгөлд нь
Зөөвч-Овоо төслийн хүрээнд дэд бүтцийн ажлууд үргэлжилж, 2028 оноос уран олборлож, жилд 2500 тонн байгалийн шар нунтгийг дэлхийн зах зээлд экспортолно. Үйлдвэрлэл оргил үедээ хүрэх үед 800 гаруй хүн ажиллах бөгөөд багадаа 95 хувь нь монголчууд, ялангуяа орон нутгийн иргэдийг түлхүү ажиллуулах аж. Үүнээс гадна мөн тооны туслан гүйцэтгэгч ажиллана гэсэн тооцоотой байна. Төсөл 33 жил хэрэгжих ч ямар байгаль хүлээж авсан тэр хэвээр хүлээлгэж өгөх тул нөхөн сэргээлт хийж дуустал үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм байна. Хайгуулын ажлаа мөн өргөжүүлэхээр төлөвлөж байгаа тул нэмж орд илрүүлбэл үргэлжлүүлэн ажиллах нь.
Төслийн ТЭЗҮ-ээр олборлолтын хугацаанд Монгол Улсад 4-5 тэрбум ам.долларын өгөөж үлдэхээс гадна орон нутгийн хөгжлийн төслүүдэд жил бүр нэг сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Том төсөл зөвхөн санхүүжилтээр хэмжигддэггүй. Үүний цаана сахилга бат, стандарт, ур чадварын шинэ түвшин, хөгжил бий болдог. Хариуцлагатай уул уурхай бол орон нутагтайгаа хамт хөгждөг гэдгийг “Бадрах Энержи” онцолсон. Оюу Толгойн дараа орох, гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татаж чадсан ураны анхны төсөл ийнхүү албан ёсоор эхэллээ. Дэлхийн цөмийн эрчим хүчний салбарын гол тоглогч Францын "Орано" групп болон Монгол Улсын хамтарсан Зөөвч-Овоо төсөл манай улсыг дэлхийн цөмийн салбарын шинэ түнш, хариуцлагатай тоглогч болгох түүх бичигдэж эхэллээ.
Говийн салхи нээлтийн талбайг тойрон исгэрнэ. Зөөвч-Овоо төсөл Монголын эдийн засгийн дараагийн том боломж, зэрэгцээд хариуцлагатай уул уурхайн бодит биелэл болохыг хянангаа харцгаах үлдлээ.
Сэтгүүлч Р.Оюунцэцэг, Э.Болор-Од
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 114 (7856)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn