Цахим орчинд “барилгачин унаж нас барсан”, “уурхайн осолд хохирсон” гэх түлхүүр үгээр хайгаад үзээрэй. Бараг жил бүр хэд хэдээрээ ийм харамсалтай мэдээ гардаг. Түүний цаана ямар асуудал байгааг, хэрхэн сайжруулах талаар хаанаас, ямар алхам хийж байгааг хайхад... харамсалтай нь тодорхой илэрцгүй.
Гэтэл олон улсад бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөгөө багасгахын тулд НҮБ-аас гаргасан удирдах зарчмыг мөрдөж, тэргүүлэгч компаниуд энэ чиглэлд тэмүүлэн, засгийн газрууд зохицуулалтаа хийсээр ирсэн. Харин Монголд ямар байна вэ?
Монгол Улс НҮБ-ын удирдах зарчмыг биелүүлэх үүрэг хүлээсэн
НҮБ-аас гаргасан “Бизнес дэх хүний эрхийн удирдах зарчмууд” бодлогын баримт бичигт “Хамгаалах, Хүндэтгэх, Сэргээх”-ийг уриалж, улс орнууд үүнд нэгдсэн. Төр засгууд ч мөн хүний эрх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн бодлогоо гаргаж, компаниуд түүнийг сайн дураар мөрдөх, хэрэв хүний эрхийн зөрчил гаргасан бол төр, бизнес хамтдаа зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхийн төлөө ажиллахыг уг зарчимд тусгаж өгсөн юм. Ингэхдээ Хүний эрхийн магадлан шинжилгээг (ХЭМШ) хийлгэж, компанидаа тулгарч буй асуудлуудыг оношлуулсны үндсэнд хүний эрхийн зөрчил гаргахгүй, гаргасан тохиолдолд сэргээн сайжруулах ямар арга механизм хэрэгжүүлэхийг зөвлөжээ.
Үүний дагуу 2023 оны зургадугаар сарын 14-нд Засгийн газрын 231 дүгээр тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө 2023-2027"-г баталсан. Төлөвлөгөөний биелэлтийн явцыг хоёр жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тухайн жилийн 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Засгийн газарт танилцуулах үүргийг тус тогтоолд тусгажээ. Батлагдсан өдрөөс хойш тооцоход 2025 оны сүүлээр эхний шатны үнэлгээ хийж, цаашдын чиг хандлагыг тодорхойлсон байх ёстой ч холбогдогч талууд энэ үүргээ биелүүлээгүй, Засгийн газарт танилцуулаагүй нам жим байсаар байна.
Хамгаалах, хүндэтгэх үүргээ цалгардуулж байх хооронд бизнест хүний эрх хэрхэн зөрчигдөж, байгаль орчин яаж сүйтгэгдэж байгааг засаж залруулах талаар бодох ч зайгүй Монголын нийгмийн амьдрал өрнөсөөр байна.
Гэхдээ зарим хувийн хэвшлийн байгууллага Хүний эрхийн магадлан шинжилгээ хийлгэж, асуудлаа илрүүлэн, зассанаар эрхээ эдэлж, санал дуу хоолойгоо хүргэсэн ажилтнуудынх нь бүтээмж нэмэгдэж, тэр хэрээр ашиг орлого, нэр хүнд нь өсөж буй жишээ ганц нэг гарсаар байна. Гэхдээ энэ нь өндөрт дэгдсэн шороон шуурганы үеэр ганц нэгхэн бороо дусах мэт маш багахан хувийг эзэлж байгаа юм.
♦ Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэж, байгаль орчинд ээлтэй байдлыг дэмжих, сайжруулахад хамгийн ихээр нөлөөлж болох чухал алхам бол МҮХАҮТ-аас жил бүр нэрлэдэг ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгуур үзүүлэлтэд санхүүгийн бус үзүүлэлтийн шалгуур буюу хүний эрхийг хүндэтгэдэг аж ахуйн нэгжийг харгалзан үзэх шалгуур нэмэх явдал юм.
Олон улсын нэр хүндтэй байгууллагуудын индекст хүний эрх, байгаль орчинд ээлтэй, эрсдэлийн менежмент, засаглал сайн байх зэрэг үзүүлэлтийг голчилж эхлээд байна. “Моод Монголоор дуусдаг” гэх “эртний” хэллэгийг халаад, шинэ үетэй зэрэгцэн алхаж, хүнлэг, байгальдаа шүтэлцээтэй үндэсний онцлогийг олон улсад таниулах боломж энэхүү том өөрчлөлтөөр ирэх нь дамжиггүй.
Олон улсад хүний эрхийг дээдэлдэг компаниуд илүү нэр хүндтэй болж байна
Дэлхийн хамгийн өндөр орлоготой 500 компанийг жагсаадаг “Fortune Global 500”, мөн орлого, ашиг, хөрөнгийн хэмжээ, зах зээлийн үнэлгээ гэсэн дөрвөн шалгуурыг харгалзан жагсаадаг “Forbes Global 2000” зэрэг нь өнөөдөр аваргуудыг алдаршуулдаг хэвээр байна.
Гэхдээ үүнээс дутуугүй нэр хүндтэй Time сэтгүүлийн жагсаалтад компанийн санхүү, ажилтнуудын сэтгэл ханамж, БОНЗ-ын (ESG) үзүүлэлтийг чухалчилж байна. Түүнчлэн World Benchmarking Alliance нь НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим”-д тулгуурлан үнэлгээ хийдэг аж.
World Benchmarking-ийн эхний байруудад багтдаг Eni, Puma, Unilever, Adidas-ийн нэр хүнд нь Fortune Global-д орлогоороо эхний хоёрт орж буй Walmart, Amazon-оос ч илүүтэй өсөж, бусад компанийн анхаарлыг татаж, тэднээс судлах, туршлагаас нь хуваалцах эрэлт ихтэй байна.
Тэгвэл Монгол Улсад ч энэ өөрчлөлтийг авчрахад ойрхон болжээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс, мөн мэргэжлийн холбоод, бусад худалдааны танхимаас МҮХАҮТ-д Топ ААН-ийн шалгууртаа Хүний эрхийн шалгуур үзүүлэлтийг нэмэх талаар дараах байдлаар санал өгсөн байдаг. Тухайлбал, бизнесийн үйл ажиллагааны хүрээндээ;
♦ аливаа ялгаварлан гадуурхалтыг арилгах, хүний эрхийн зөрчил, шударга бус байдал, тэгш бус байдалтай тэмцэхэд тодорхой арга хэмжээ авдаг
♦ хүүхдийн эрхийг хүндэтгэж, гэр бүлд ээлтэй бодлого явуулахад тодорхой арга хэмжээ авдаг (жишээ нь, ажлын уян хатан цагтай)
♦ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш боломжийг бий болгоход тодорхой арга хэмжээ авдаг (жишээлбэл ажлын байрандаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулдаг, ажлын уян хатан нөхцөлөөр хангадаг гэх мэт)
♦ нийгэм дэх шударга бус байдал, тэгш бус байдлын талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд дуу хоолойгоо хүргэдэг
♦ үйлчлүүлэгчдийнхээ эсвэл ажилтнуудынхаа жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авдаг
♦ байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж эсвэл хэрэглэдэг г.м
Өөрөөр хэлбэл, топ компаниуд зөвхөн ашиг орлого, төлсөн татвараараа бус хүний эрхийг хангаж, байгаль орчинд ээлтэй ажиллаж байгаагаа тайлагнан, хөндлөнгийн аудитаар баталгаажуулж, нийгэмд компанийн соёлыг түгээхийг чухалчлахад анхаарал хандуулж байна.
Инфографик: Монголын ТОП-100 ААН-ийн эдийн засагт оруулсан хувь нэмэр, 2024 он

Тэгвэл хүний эрхийн хамгийн ноцтой зөрчил болох амь нас, эрүүл мэндэд учруулсан хохирлыг хэрхэн тооцож, барагдуулж, нөхөн сэргээсэн талаарх мэдээллийг судалж үзлээ.
Ослын тоогоор уул уурхайн салбар, хүний амь эрсэдсэн тоогоор барилгын салбар тэргүүлж байна



Эх сурвалж: ХАБЭМТ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс гаргасан статистикийг харцгаая. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдлын тоо 2019 онд 336 байсан бол тасралтгүй өссөөр 2025 онд 746 болж өссөн байна. Мөн өнгөрсөн онд 73 хүн нас барсан нь зуун мянган ажилтанд ногдох хувиар 9.7 болсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт байна. 2019-2025 оны хооронд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоор нийт 400 хүний алтан амь үрэгджээ.
Энэ нь компаниудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал жил ирэх тусам хүндэрсээр буйг нь танхим болон бусад мэргэжлийн холбоод, төрийн байгууллагуудаас хамтран зөвшилцөж, томоохон бодлогын өөрчлөлт хийж, хариуцлагыг сайжруулж, зөрчигдсөн эрхийг сэргээхийг анхааруулах дохио болж байна.
ХАБЭМТ-ийн дарга Д.Нарансүх: Зөвхөн татварын орлогоор байгууллагын нэр хүндийг тодорхойлох нь хангалтгүй

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга, доктор Д.Нарансүхээс дараах асуудлаар тодрууллаа.
- Ажлын байран дээрх осол, гэмтлийн тоо статистикийн сүүлийн үеийн нэгдсэн үзүүлэлтээс хуваалцана уу?
- Өнгөрөгч 2025 онд Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод 808 хүн өртсөнөөс нас баралтын тоо 73, нас баралтын түвшин 100 мянган ажилтанд 9.7 болсон нь сүүлийн зургаан жилийн хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Сүүлийн хоёр жилд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдлын тоо өмнөх жилүүдээс хоёр дахин өссөн. Харин энэ оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд үйлдвэрийн осол, хурц хордлогын 217 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 114-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Мэргэжлээс шалтгаалсан өвчний тухайд өнгөрсөн онд 52-оор нэмэгдэж, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй нийт 4237 иргэн байгаа ба тэдний 2046 нь мэргэжлээс шалтгаалсан өвчнөө хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байна. Дээрх үзүүлэлтүүдийг гадны улс оронтой харьцуулахад, манай улсад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол буурахгүй, өсөх хандлагатай байна. Иймд мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг үндэсний хэмжээнд авч үзэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны А/84 дүгээр тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх 2025-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлуулан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг хэрэгжүүлэх, ХАБЭМ-ийн дэд бүтцийг хөгжүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгаа, статистикийг хөгжүүлэх, мэргэжлийн хүний нөөцийг бэхжүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах зэрэг ажлууд эрчимтэй хийгдэж байна.
- Ослуудын дийлэнх нь аль салбарт бүртгэгддэг вэ?
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол уул уурхайн салбарт өндөр байгаа бол, барилгын салбарт хүний амь нас эрсэдсэн тоо өндөр байна. Мөн төрийн болон нийгмийн хамгааллын чиглэлийн байгууллагуудад ч ослын эрсдэл өндөр байна. Тухайлбал 2025 оны тухайд 808 үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдлын 153 нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарт, уул уурхай, олборлох үйлдвэрлэл болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарт тус тус 111 ослын тохиолдол бүртгэгдсэн байна.
- Тэдгээр салбарын тэргүүлэгч байгууллагууд Топ-100-д байдаг уу?
- Манай улсад татварыг өндөр хэмжээгээр төлдөг байгууллагуудыг “шилдэг” хэмээн мөнгөн дүнгээр үнэлэх хандлага түгээмэл. Гэвч үүний цаана хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний амь насны асуудал орхигдож байгаа нь анхаарал татаж байна. Тухайлбал, одоогоос 7-8 жилийн өмнө “Шилдэг 100 аж ахуйн нэгж”-ийн жагсаалтад багтаж байсан нэгэн компани үйлдвэрлэлийн осол гаргаж, 4–5 хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарч, улмаар тухайн үедээ үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарч байв. Харин дараа нь тус байгууллага нэрээ өөрчилж, дахин үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байсан.
Иймд зөвхөн татварын орлогоор байгууллагын нэр хүндийг тодорхойлох нь хангалтгүй бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг чухалчилдаг, байгаль орчинд ээлтэй, нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг, хариуцлагатай ханддаг, хамгийн гол нь хүний амь нас, эрүүл мэндийг хохироодоггүй байх бодит шалгуурыг давхар үнэлэх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл Топ аж ахуйн нэгж гэдэг шалгуур нь зөвхөн мөнгөн дүнгээр биш Ёс, Хариуцлага, Тогтвортой хөгжлийн шалгуураар үнэлэгдэх нь зүйтэй.
Төсгөлд дайх үг
Монголд хүний амийг хэдээр үнэлдэг вэ гэдэг нь байж боломжгүй, бас харьцангуй ойлголт мэт санагдах байх. Шүүхээр нэхэмжилсэн дүнгүүд бол зөвхөн оршуулгын зардал зэргээр л хязгаарлагдаж байна. Гэтэл ажлын байран дээрээ амь насаа алдсан хүмүүний цаашид хийж бүтээх байсан бүтээмж, гэр бүлийн аз жаргалын индекс, хамгийн ихээр хэмжих дуртай төлөх татвар, улсад оруулах орлогыг тооцож үзсэн туршлага байдаггүй. Монголын шилдэг аж ахуйн нэгжүүд гэмээнэ хүний эрхийг хүндэтгэж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаагаараа тэргүүлж, туршлагаа бусдадаа хуваалцан, эрүүл, аюулгүй, хүнлэг нийгмийг түүчээлэх цаг ирнэ гэж итгэдэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 114 (7856)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn