П.АМГАЛАН
Орос хэлний өдөр болон Александр Сергеевич Пушкины мэндэлсэн өдрийг тохиолдуулан “Российская газета” сонин орос хэлний багш нарт зориулсан Олон улсын Пушкины XXVI уралдааны шагналтнуудын нэрийг зарлалаа. Энэхүү нэр хүндтэй олон улсын уралдааны 50 ялагчийн нэгээр Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн орос хэлний залуу багш Жигжидсүрэнгийн Баяртогтох шалгарсан байна.
Тус уралдаанд энэ жил 39 орноос 400 орчим бүтээлийг ирүүлжээ. Уралдааны хүрээнд оролцогчдод “Правдагийн гудамж дахь орос хэл. Танай сургууль, танай улсад орос хэл хэрхэн оршин тогтнож байна вэ?” сэдвээр эсээ бичих даалгавар өгсөн байна. Багш нар өөрсдийн мэргэжлийн туршлага, орос хэлний ирээдүй, орчин үеийн дэлхий дахинд гүйцэтгэх үүргийн талаар санал бодлоо хуваалцжээ. Энэ намар уралдааны шагналтнууд Москва хотноо цугларч, боловсрол, соёлын хөтөлбөрт оролцон дэлхийн улс орнуудын мэргэжил нэгт багш нартайгаа туршлага солилцох аж.
Эх сурвалж:www.zms.mn