Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, 2025 оны үйл ажиллагааны тайлан, 2026 оны эхний хагас жилийн ажлын үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Хуралдаанаар өнгөрсөн онд зохион байгуулсан “Шашин урлагийн цэнгүүн–2025”, МҮОНТ-ийн “Монгол түмний мэнд” нэвтрүүлэг, салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүдийг алдаршуулсан “Тэнгэрийн цэцэг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, “Завхан Даян” бөхийн дэвжээг нэгтгэн байгуулж, нэрэмжит барилдааныг Улиастай хотноо зохион байгуулсан ажил, “Завханы спортын анхдугаар их наадам”, “Вансэмбэрүү” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, төрийн дээд одон, медалиар шагнагдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх ёслол зэрэг нутгийн иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэх, үндэсний өв соёл, спортын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн томоохон ажлуудын үр дүнг дүгнэлээ.
Мөн 2026 оны эхний хагас жилд Гал морь жилийг тохиолдуулан МҮОНТ-ийн “Монгол түмний мэнд” нэвтрүүлэгт Завхан аймгийн салбар бүрийн төлөөллийг оролцуулан хамтран зохион байгуулж, Гал морь жилийн Завханчуудын шашин урлагийн цэнгүүнийг Соёлын төв өргөөнд амжилттай зохион байгуулсан байна. Түүнчлэн Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар их наадам, Монгол Улсын гавьяат багш А.Энхжаргалын нэрэмжит математикийн олимпиадыг төрөлх Завхан аймагтаа хамтран зохион байгуулж, Завхан нутгийн түүх, соёл, боловсролын хөгжлийг дэмжсэн томоохон ажлуудыг хэрэгжүүлснийг онцоллоо.
Түүнчлэн энэ онд зохион байгуулагдах Отгонтэнгэр хайрханы Төрийн тахилгын бэлтгэл ажилд Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс идэвхтэй оролцож, төр захиргааны байгууллагуудтай нягт хамтран ажиллахаар болов. Мөн уламжлал болгон зохион байгуулдаг ажил, арга хэмжээнүүдийг тогтмол хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталлаа.
Хуралдааны төгсгөлд Тэргүүлэгчид нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, Завхан нутгийнхаа хөгжил дэвшил, иргэдийн эв нэгдэл, оюуны болон соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үр бүтээлтэй ажиллахаар санал нэгдлээ.
Эх сурвалж:www.zms.mn