Ариутган шүүх.
Аливаа судар номын алдаа мадгийг хянаж шалган, засаж залруулахыг сурвалжуудад ийн бичдэг. Жишээлбэл: “Манзуширын хувилгаан Энх-Амгалан дээд хаан тэр бээр Цахарын Хутагт хааны үед орчуулсан монгол Ганжуурыг ариутган шүү хэмээн зарлиг болсон ёсоор сайтар шүүв” гэсэн нь Лигдэн хааны үед Монголын өнцөг булан бүрээс 33 хэлмэрчийг урин залж монгол Ганжуурыг хянан нягталж, орчуулаагүй зохиолыг шинээр орчуулж 1629 онд алтаар бүтээсэн түүхийг хэлж байна.
Эдүгээ ном бүтээлийг редакторлах, хянан тохиолдуулах гэдэг үгийн оронд хуучны энэхүү үгийг хэрэглээнд эргүүлэн оруулж, хэвшиж байгаа билээ.
Ажрах.
Судар бичгийн хэлэнд гол төлөв ирэх, очих, явахын хүндэтгэл утгыг илэрхийлдэг. Ялангуяа бурханы тухайд “түүнчлэн ажирсан”, “сайваар ажирсан” хэмээн ёгт нэрээр элбэг тохиолдоно. Үүний зэрэгцээ нас барах утгыг мөн заана. Жишээлбэл: амгалангийн орноо ажрах гэвэл олны хэлж ярьдгаар диваажинд очих буюу насан эцэслэх гэсэн утга юм.
Энэхүү үгтэй хэлбэр бичлэг ижил “ажрах” гэдэг үгийг эдүгээ “тоох, хэрэгсэх” утгаар хэрэглэж буй билээ.
Албанаас гаргах.
Алба татвараас чөлөөлөх гэсэн үг хэллэг. Бичгийн дургалуудад алба гувчуур, татварыг албан хэмээн бичсэн нь олонтоо тохиолдоно. Жишээ нь: “Тиймийн тул Төвд орон дахь тойн хувраг бүгдийг албанаас гаргав” хэмээсэнд Жэвзүн Содномзэмо бээр “Чиний зарлиг болгосон ёсоор би чадсаар хичээе хэмээв” гэсэн нь Чингис хаан Төвөдийн Сажа урсгалын дээд ламд элч илгээж, далдаас багш шавь барилдан, төр шашны хос ёсоор улсаа удирдах санаагаа зарлиглан дамжуулахдаа Төвөдийн лам хуврагууыг алба гувчуураас чөлөөлж буйгаа илэрхийлжээ. Уг хэллэгийг алба ажлаас халах, солих гэж одоо үеийнхээр бодож, эндүү ойлгох явдал бий.
Асгах.
Орчин цагийн монгол хэлний шингэн зүйл цувирах, халгиж цалгих, гоожихыг заасан “асгах” гэдэг үгээс гадна эрт түрүү үеийн бичгийн дурсгалууд болон түүхийн сурвалжуудад “асаг-“, “асга-“ хэлбэртэй үндэс бүхий “асуух” гэдэг үг олонтоо тохиолддог. “Асуух” гэдэг үгийн үндэс эрт үедээ ийм хэлбэртэй байсан бөгөөд хожмоо баруун нугийн аялгуунд хуучин хэлбэрээрээ үлджээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 100 (7842)