6 дугаар бадаг:
Мэргэд маргалдан эс асуух
Түүнийг хүртэл ёроолыг үл шинжлэх
Хэнгэргийг бэрээгээр эс дэлдэхэд
Тэр буй бус лугаа ялгал юун буй. 
Эрдэмтэй мэргэн хүнтэй ном хаялцан маргаж асуухаас нааш эрдмийн цар хүрээ хэр гүн гүнзгийг мэдэх боломжгүй гэсэн санаа. Хэнгэргийг цохиураар цохихгүй бол дуу гарахгүй учир харах боломжгүй орчинд байгаа хүнд бол хэнгэрэг байгаа үгүй нь мэдэгдэхгүй. Дуу нь гарвал хэнгэрэг гэж баттай мэдэж чадна. Тиймээс эрдэмтэй хүнийг хэнгэрэгтэй, ном хаялцаж асуухыг цохиураар дэлдэхтэй, мэдлэгийн хэр хэмжээг хэнгэрэг дуугаргахтай зүйрлэжээ. 

8 дугаар бадаг:
Эрдэм төгөлдөр болбоос төрөлхтөн бүхэн
Эс хураавч өөрсдөө цугларах
Үнэр төгөлдөр цэцэг алс хол байвч
Зөгий үүлний чуулган мэт эргэлдэх
Хэрэв хүн төгс эрдэмтэй бол бусдыг урин дуудаагүй байсан ч аяндаа өөрсдөө цугларан ирнэ гэсэн утга юм. Ер нь судар сурвалжид эрдэм гэдэг ойлголтод зөвхөн ном төдий бус аливаа сурсан мэдсэн чадвар бүгдийг хамааруулдаг. Сурсан бүхэн эрдэм гэдэгтэй адил. Анхилуун сайхан үнэртэй цэцэг хэдийгээр алс хол байсан ч зөгийн сүрэг бөөнөөр эргэцэн балыг хүртэх хэмээн эрдэмтэй хүнийг сайхан үнэрт цэцэгтэй, бусад хүмүүс аяндаа цугларч ирэхийг зөгий цэцэгт бөөнөөр эргэлдэн суухтай адилтгасан байна. 

9 дүгээр бадаг: 
Мэргэн эрдэм бүхнийг сурч
Эцэст хүрсэн нэгэн бээр ертөнцийг гийгүүлэх
Оюун муут мэдэх нь олон боловч
Од мэт гийгүүлж үл чадах
Хамаг эрдмийг эцэст нь хүртэл сурсан ухаант ганц хүн хорвоо ертөнцөд тус нэмэр болж чадна. Оюуны чадавх муутай бол олон зүйлийг мэдсэн ч тус нэмэр болох нь тааруу гэсэн утгатай. Тиймээс эрдэм бүхнийг төгс сурсан хүнийг тэнгэрийн нар ганц боловч дэлхий нийтийг гэрэлтүүлж дулаацуулдагтай, олон зүйлийг дутуу дулимаг сурч хэргийг хийхгүй оюун билиг муутай хүнийг тэнгэрийн од хэдий олон боловч гэрэлтүүлж дулаацуулж чаддагүйтэй зүйрлэжээ. Ер нь судар сурвалжид одыг сөрөг үнэлэмжээр үзсэн байдгийг дурдууштай. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 102 (7844)