П.ЛХАГВАЖАРГАЛ, Т.СУМЪЯАДАШ
Төв Азийн тэгш өндөрлөгт нүүдэллэн амьдрах монголчууд таван хошуу малаа адгуулан, өв соёл, үндэсний бахархлаа тээн он удаан жилийг өртөөлсөн бол өдгөө XXI зууны хотжилт, нийгэм соёлын даяаршлын эринд олон төрлийн амьтдыг гэршүүлэн тэжээх болжээ.
Нэлээд хэдэн жилийн өмнө эсвэл магадгүй өдгөө ч муур хараад буруу эргэж, товчоо дараад зугтаах нэгэн хэсэг байхад гэр бүлийнхээ гишүүн болгож, энхрийлэн хайрлах нэгэн бас байна. Аливаа зүйл хоёр талтай.
Мууранд хазуулж, маажуулсан тохиолдлын 56-60 хувийг 0-18 насныхан эзэлж байна

Дундад зууны үед Европын зарим нутаг хар муурыг шулам, хар шидтэй холбон үзэх сөрөг хандлага давамгайлдаг байсан бол XXI зуунд энэ хандлага эрс өөрчлөгдсөн юм. Үүний учрыг судлаачид орон сууцны амьдрал түгээмэл болж, ганцаараа амьдрах өрхүүд нэмэгдэж, мөн сошиал медиа дахь муурын контент асар их тархсантай холбоотой гэж үзэж байна. Түүнчлэн нохойноос арчилгаа багатай цэвэрхэн, хээнцэр зан төлөвтэй амьтан гэдэг байдал тэжээх нэг шалтгаан болохоос гадна 2024 онд нээлтээ хийсэн “Flow” анимэйшн, 2018 онд нээлтээ хийсэн “Black Panther” кино, сошиал орчинтой холбоотой ажээ.
Өнөөдөр залуусын хамгийн идэвхтэй хэрэглээ болсон платформын нэг инстаграмм дээр “Nala_cat” муурын хаяг 4.2 сая дагагчтай, “Smoothiethecat” муурын хаяг 2.1 сая дагагчидтай гэхчлэн интернэт орчинд энэ төрлийн контент олон сая үзэлт, хандалтыг авч байна.
Нөгөөтэйгөөр, амьд амьтныг энэрэн хайрлах, өрөвч энэрэнгүй хүн ёсны мөн чанарыг хүүхдэдээ багаас нь суулгахаар амьтан тэжээх нь бий. Тэгвэл сошиал орчин, кино анимэйшн, ганцаараа амьдрах хэв маягтай хэвшсэн хотжилтод гэр бүлийн гишүүн болгож, хүүхдээ хүмүүжүүлэх аргад гэхчлэн муурыг хайрлан, түүнээс айж эмээхгүй шууд харилцах байдал нийгэмд тогтжээ. Үүнээс үүдэлтэйгээр гудамжны эзэнгүй муурыг хооллох, илж таалах, ариутгал хамгаалалтгүйгээр гэртээ оруулснаас үүдэн гэр бүлээ эрсдэл оруулж байна.
Цаашлаад урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотой хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай болдог байна. Тухайлбал, ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт муур, хөхтөн амьтанд хазуулсан тохиолдол 2025 онд 198, 2026 оны эхний таван сарын байдлаар 187 бүртгэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад байна. Түүнчлэн мууранд хазуулж, маажуулсан тохиолдлын 56-60 хувийг 0-18 насныхан эзэлж байна.
Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны иргэн Б “Манай байрны энэ хавиар золбин муурууд байдаг. Хүүхдүүд хичээлээ тараад эсвэл орой гадаа тоглох үеэрээ хажуугийн хүнсний дэлгүүрээс муурны хоол авч өгч, хооллож, элж тоглож байгаа харагддаг. Ихэвчлэн тэр дэлгүүрийн хажууд муурнууд хүн бараадаад зогсож байдаг. Хэд хоногийн өмнө манай хүүгийн найз мууранд хоол өгөх гэж байгаад хазуулсан. Тэгээд ойрд муур харагдахгүй байна” гэсэн юм. Бидний нялх байхад нь авч, вакцин халдваргүйжүүлэлтэд тогтмол хамруулсан гэрийн тэжээвэр амьтан бол аюулгүй. Харин эзэнгүй гудамжинд байгаа муур ямар өвчин тээж байгааг бид мэдэхгүй юм.
“Мууранд гараа самардуулаад амь нас нь эрсэдсэн тохиолдол ч байдаг”
Муурнаас хамгийн түгээмэл хүнд дамждаг өвчнүүд гэвэл шимэгч болон мөөгөнцрийн халдварууд байдаг бөгөөд халдвартай муур илэх үед энэхүү халдварыг авч болно. Энэ тухай "Зоонозын өвчин судлалын үндэсний төв"-ийн халдвар судлаач Л.Роломжаваас тодруулсан юм. Тэрээр “Муурын зуулт ба маажилтаар дамжих халдварууд байна. Түүнчлэн халдвартай муур маажих, самардах эсвэл хазах үед халдвар авах бөгөөд тунгалгийн булчирхай томрох, халуурах шинж тэмдэг илэрнэ. Эндээс хамгийн асуудалтай нь галзуугийн өвчин. Галзуу нь вирусээр үүсгэгддэг өвчин бөгөөд төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Хэрэв галзуугийн шинж тэмдэгтэй мууранд хазуулж,шүлсдүүлвэл эхлээд шархаа урсгал усаар угааж яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Тодруулбал, 24 цагийн дотор эрүүл мэндийн байгууллагад хандаж, вакцин тариулбал бүрэн эдгэрнэ” гэсэн юм. Гэвч хүүхдүүд аав ээжээсээ эмээх, эсвэл муурнаас авсан шархаа тоохгүй өнгөрөөх тохиолдол бас байдаг байна.
Цаашлаад энэ тухай ГССҮТ-ийн их эмч П.Батнаран “Нохой, муур тэжээвэр, тэжээвэр биш эсвэл вакцинтай, вакцингүй юу гэж ярина. Мууранд гараа самардуулаад амь нас нь эрсэдсэн тохиолдол ч байдаг. Энэ нь вакцин хийлгээгүй муурнаас үүдсэн халдварын тохиолдол гэсэн үг. Дээрээс нь нохой, муурандаа галзуугийн вакцин заавал хийлгэх хэрэгтэй” гэсэн юм. Иймд гэрийн тэжээвэр муураа тогтмол вакцинд хамруулахаас гадна эцэг эхчүүд хүүхдээ эзэнгүй муурнаас халдвар авах эрсдэлтэй гэдгийг сануулж, сэрэмжлүүлэх нь чухал байна.
Өдгөө эзэнгүй муур, нохойг үрчилж аван тэжээх, аварч хамгаалах хүмүүс олширч, хүүхдүүд тэдгээрээс үлгэрлэн гэртээ эзэнгүй муур нохой шууд оруулж, тэжээх гэсэн оролдлого гардаг. Гэхдээ бид муур, нохой тэжээж болох ч түүнээс халдварлаж болох халдварт өвчин эрсдэлийг эхэлж тооцон мал эмнэлэгт хандах нь зөв шийдэл юм.
Тэгвэл SOS мал эмнэлгийн эмч Ж.Гэрэлтуяа “Бид амьтдыг аварч болох ч эелдгээр сэргийлэх хэрэгтэй. Эзэнгүй муур, нохой асран авч тэжээх гэж байгаа бол мал эмнэлэгт хандаж, үзлэгт хамруулж, карантинд байлгасны дараа гэртээ оруулахыг зөвлөж байна. Мөн ариун цэврийг тогтмол хангаж, туулга, вакцинд цаг тухайд нь хамруулах нь эрүүл аюулгүй орчныг бүрдүүлнэ” гэсэн юм. Иймд гэр бүлийн гишүүнээ болгож, асран хамгаалах гэж муураа үзлэг оношилгоонд хамруулж, гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалахаас гадна эзэнгүй мууранд хүрч, хазуулж маажуулахаас болгоомжлох нь хамгийн чухал байна.
Энэрэхдээ эрсдэлээ тооцоолж, эелдгээр сэргийлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 111 (7853)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn