П.ЛХАГВАЖАРГАЛ
Хэлний зөв хэрэглээний гол үндэс суурь бол авиа зүй түүнд хамаарах судалгаа юм. Монгол Улсын хэл бичиг судлалын хүрээнд авиа зүйн ухааныг амжилттай хөгжүүлж ирсэн уламжлалтай бөгөөд манай мэргэшсэн судлаачид орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан акустик туршилт хийж, тодорхой үр дүнд хүрсээр байгаа билээ.
Монголын Авиа Зүйн Нийгэмлэг энэ оны зургаадугаар сарын 9-нд Канад улсын Торонто Их сургуулийн Хэл шинжлэлийн салбарын профессор, авиа зүйч Алексей Кочетовын хэлний тагнайшлын үзэгдлийг олон талаас судалсан шинэлэг судалгаатай танилцах семинарыг зохион байгууллаа. Профессор Алексей Кочетов нь испани, серб, япон, араб, армен, курд, орос зэрэг олон хэлний зэрэгцүүлсэн авиа зүйн судалгааг амжилттай гүйцэтгэсэн юм.
Олон улсад нэр хүнд бүхий судлаач, профессор Алексей Кочетовын хийсэн монгол, орос хэлний авиа зүйн зэрэгцүүлсэн судалгааны үр дүн манай судлаачдын судалгаатай нийцэж буй нь тун сайшаалтай байв.