К.АНУ

2026 оны  Гималайн авиралтын улирал дуусаж байхад нэрт уулчин Нимсдай Пуржа дахин өндөр уулын амжилтын хил хязгаарыг давлаа.

Балба-Британийн уулчин зургаадугаар сарын 4-нд нэмэлт хүчилтөрөгч хэрэглэхгүйгээр дэлхийн тав дахь хамгийн өндөр оргил болох Макалу (8485м) ууланд амжилттай авирлаа. Энэ түүний 8000 метр өндөр уулын оргилд  56 дахь удаагаа  амжилттай  гарсан авиралт болж байгаа бөгөөд энэ нь аль ч уулчдын түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт юм.

Энэ нь түүний 8000 метрээс дээш хүчилтөрөгчгүй авиралтын гайхалтай амжилтыг 28 хүртэл өсгөж, түүний эзэмшиж байсан дээд амжилтыг улам бататгажээ.

Тэрээр шинэ амжилтынхаа талаар сэтгэл хөдөлгөсөн бичвэрийг өөрийн сошиал хуудсаараа олон нийттэй хуваалцсан байна.  https://www.facebook.com/NimsPurja/

Нимс Пуржа бичихдээ “8000 метрийн өндөрт дэлхий нам гүм болдог. Олны шуугиан байхгүй. Эргэлзэгчдийн үг ч сонсогдохгүй. Зөвхөн зүрхний чинь цохилт, хязгааргүй тэнгэр, чамайг оргилд хүрэх эсэхэд огтхон ч санаа тавьдаггүй сүрлэг уулс л үлдэнэ.

Энэ бол миний хүчилтөрөгчийн нэмэлт хэрэглээгүйгээр хийсэн 8000 метрээс дээш өндөр оргилын 28 дахь амжилттай авиралт. Нийтдээ 8000 метрийн өндөртэй оргилуудад 56 удаа гарсан байна.

Хүмүүс надаас байнга асуудаг.

“Нимсдай, чи яагаад үхлийн бүс рүү дахин дахин явсаар байдаг юм бэ?” гэж. Учир нь би үнэнийг тэндээс олдог. Бас хамгийн ихээр амьд байгаагаа тэнд л мэдэрдэг.

Доор, тав тухтай бүсэд хүн бүр ямар нэгэн зүйл хэлэх дуртай. Мэдлэгтэй ч бай, мэдлэггүй ч бай хамаагүй. Харин энд, шингэн агаартай өндөрлөгт чи өөртэйгөө нүүр тулдаг. Баггүй. Шалтгаан тоочих зүйлгүй.

Амжилт томрох тусам асуудал ч томордог. Ялангуяа чи зам гаргагч нь байж, бас өрнөдийн хүн ч биш, шерпа ч биш бол бүр ч их. Тийм ээ, энэ бүхэн үнэ төлбөргүй ирээгүй.

Намайг булшлах шахсан сорилтуудтай нүүр тулж байлаа. Намайг доош татахыг оролдсон хүмүүс ч байсан. Заримдаа найз гэж явсан хүмүүс хамгийн том дайсан болж хувирсан. Үнэнийг хэлэхэд намайг муулж байсан хүмүүс танихгүй нэгэн байгаагүй. Урьд нь найз гэж бодож явсан хүмүүс л байсан. Тэд намайг дээш өгсөж, шат ахиж байгааг харахыг хүсээгүй. Атаархал, жөтөө нь сайн санааг нь дарсан.

Тэд намайг дууссан гэж бодсон. Гэхдээ уулс болон би өөр төлөвлөгөөтэй байлаа. Би зарчимтай хүн. Бууж өгөх гэдэг зүйл миний цусанд хэзээ ч байгаагүй, цаашид ч байхгүй.  Гэхдээ энэ бүхний ачаар нэг зүйл тодорхой болсон. Хог шавар бүгд цэвэрлэгдэж, хэн нь хэн бэ гэдгийг таних боломж олдсон.

“Хэрэв чи хөдөлсөөр байхгүй бол амьдралынхаа ямар ч оргилд хүрч чадахгүй.”

Чимээгүйхэн зовж яваа бүхэнд энэ үгийг илүү чангаар хэлмээр байна.

Таны уул заавал 8000 метрийн өндөр оргил байх албагүй. Тэр нь уй гашуу байж болно. Бүтэлгүйтэл байж болно. Урвалт байж болно. Эсвэл бүх дэлхийн ачаа мөрөн дээр чинь буусан мэт мэдрэмж ч байж болно. Гэхдээ дүрэм нь өөрчлөгдөхгүй. Нэг амьсгал. Нэг алхам. Урагшилсаар бай. Энэ оргилыг танд зориулж байна. Тэмцэгчдэд. Мөрөөдөгчдөд. Унасан ч дахин босдог хүмүүст.  Бууж өгөх гэдэг зүйл бидний цусанд байдаггүй” гэж уулын спортын түүхэн дээд амжилтын эзэн бичжээ.

Эх сурвалж: zms.mn