П.ЛХАГВАЖАРГАЛ
Скүүтер, суррон, мопедыг явган хүний замаар зорчуулахгүй, явсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авна
Нартай уралдаж ажлаа амжуулдаг эрин үе байсан бол өдгөө цаг минуттай уралдаж, завгүй хотын хөл үймээнд бужигнах болжээ. Энэ л хөл толгой нь олдохгүй холхих нийгэмд залуусын өдөр тутмын хэрэгцээ болсон бичил цахилгаан тээврийн хэрэгсэл нэг талдаа хэрэгтэй ч нөгөө талдаа эрсдэлтэй унаа юм.
Монгол Улсын хэмжээнд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй гэмтлийн тохиолдол ихээр бүртгэгдэж, цаашлаад амь насаа алдаж байна. Тухайлбал, 2022 онд 50, 2023 онд 149, 2024 онд 446 байсан осол гэмтлийн тоо 2025 онд зургаа дахин өсөж 2792 болсон юм. Үүний 99.2 хувь нь ГССҮТ-өөс тусламж, үйлчилгээ авсан байна. Цаашлаад найман хүн амь насаа алдаад байна.
Харин энэ оны тухайд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дөрөвдүгээр сарын 10-наас долоон аж ахуй нэгжийн 36468 цахилгаан скүүтер, мопед буюу бичил цахилгаан тээврийн хэрэгсэл үйлчилгээнд нэвтэрсэн билээ. Гэвч тавдугаар сарын 31-нийг хүртэлх байдлаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт 754 осол гэмтлийн тохиолдол бүртгэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
Харин Тээврийн цагдаагийн алба тавдугаар сарын 31-ныг хүртэлх байдлаар бичил цахилгаан тээврийн хэрэгсэлтэй холбоотой 262 зөрчил илрүүлсэн бөгөөд ихэнх хувийг цахилгаан мотоциклын төрлийн суррон унаж гэр, сургуулийн хооронд зорчих зөрчил эзэлж байна. Түүнчлэн энэ төрлийн зөрчлийг зогсоохоор тус албанаас 30 цагдааг цахилгаан мотоциклтой мото эргүүлд гаргаж, хүн амын нягтрал ихтэй сургууль, цэцэрлэгийн бүсэд 150 олон нийтийн цагдаа ажиллуулж байна. Гэвч 36 мянган бичил цахилгаан тээврийн хэрэгсэлд 150 цагдаа хүч дутаж зохицуулж чадахгүй байсан юм.
Энэ хугацаанд “Зууны мэдээ” сонин “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээрээ “Таван хүний аминд хүрсэн цахилгаан тээврийн хэрэгслүүд түгжрэлийн шийдэл мөн үү”, “Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслийн улирал эхэлсэн ч зохицуулах журам нь батлагдаагүй байна”, “Би дахиж мопед унахгүй. Учир нь ...” нийтлэлээ хүргэж, залуусын өдөр тутмын хэрэглээ болсон энэ тээврийн хэрэгслийг зохицуулах хууль, дүрэм журам байхгүй байгаа нь иргэдийн амь нас, эрүүл мэнд, эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхийг зөрчиж байгаа асуудлыг хөндөж байсан билээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн баасан гариг буюу зургаадугаар сарын 5-нд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болж, УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжигдлээ. Харин одоо Хууль зүйн байнгын хороо төслийг эцэслэн батлуулах бэлтгэлийг хангаж, нэгдсэн хуралдаанаар төслийг эцэслэн батлах бөгөөд энэхүү хууль зургаадугаар сарын 30-наас хэрэгжих юм.
Энэхүү хуулиар сурроныг 18 нас хүрсэн А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох бөгөөд скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам, эсвэл авто замын зорчих хэсгийн баруун эгнээгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцох гэх заалтыг тусгажээ. Тодруулбал, скүүтер, суррон, мопедыг явган хүний замаар зорчуулахгүй, явсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авах юм.
2025 оны бичил цахилгаан тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтлийг ГССҮТ-өөс тодруулахад 1512 нь мопед, 574 нь скүүтер, 224 нь суррон, 244 нь явган явж байгаа бэртсэн байх бөгөөд 2026 оны тавдугаар сарын 31-нийг хүртэлх 754 тохиолдлын 129 нь явган явж байх үедээ тухайн тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтсэн байна. Иймд энэхүү хууль мөрдөгдөж эхэлснээр иргэд явган хүний замаар тайван аюулгүй зорчих нөхцөл боломж бүрдэх юм.
Өөрөөр хэлбэл, “Би дахиж мопед унахгүй. Учир нь ...” нийтлэлийн кейс иргэн Б.Болороогийнх шиг тохиолдол энэ хууль хэрэгжсэнээр тохиолдохгүй болов уу гэсэн хүлээлт үүсээд байна. Тэрээр сар гаруйн өмнө явган хүний замаар явж байхдаа мопедтой хүнд дайруулж, шагай нь гэмтэж, хавдсан бөгөөд долоо хоног зовуурилан алхахад хүндрэлтэй байжээ. Түүний хувьд цахилгаан дугуй, мопед огт унадаггүй бөгөөд түүнийг дайрсан хүн дохио, сигналаар анхааруулаагүй байна. Энэ тухай “Яагаад иргэд явган хүнд зориулсан замаараа тайван явж болдоггүй юм бэ” гэсэн юм. Тэгвэл, энэ сарын 30-наас явган хүний замаар бичил цахилгаан тээврийн хэрэгслээр зорчихыг хориглолоо.
НЗДТГ-аас Энхтайвны өргөн чөлөө дагуу нэгдүгээр эгнээний баруун хөвөөгөөр 60 см өргөнтэй цахилгаан дугуй явах зайг гаргаж өгнө
Түүнчлэн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцахад “Хуулийг өргөн барьсан гишүүний хувьд аюулгүй байдлыг хангана гэсэн зорилготойгоо нийцэж байгаа учраас дэмжиж байгаа. Хууль энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар эцэслэн батлагдаж, зургаадугаар сарын 30-наас хэрэгжиж эхэлнэ. Мөн НЗДТГ-аас хэд хэдэн ажлыг хийх ёстой гэдэг саналаа хэлсэн. Энэ хүрээнд Энхтайвны өргөн чөлөө дагуу нэгдүгээр эгнээний баруун хөвөөгөөр 60 см өргөнтэй цахилгаан дугуй явах зайг гаргаж өгч байгаа. Үүнийгээ илүү олон болгож, цахилгаан дугуйгаар зорчих хэсгийн сүлжээг илүү өргөн болгож өгөх ёстой. Тиймээс энэ ажлыг нийслэлийн зүгээс хэрэгжүүлээд явна” гэсэн юм.
Гэвч хууль батлагдсанаар асуудал бүрэн шийдэгдэхгүй бөгөөд олон нийт бие биедээ шаардлага тавьж эхэлсэн цагт хууль үр нөлөө үзүүлэх юм. Хуулийн хэрэгжилтийг хангахад НЗДТГ, ТЦА, үйлчилгээ эрхэлж байгаа ААН-үүд, эцэг эхчүүд болон иргэдийн хамтын оролцоо хамгийн чухал билээ.
Мөн дэд бүтэц, хяналт, үйлчилгээний стандарт, хэрэглэгчийн хариуцлага зэрэг бүх тал хамтран ажиллаж байж энэхүү зохицуулалт бодит үр дүнд хүрч, бүх хүнд аюулгүй орчныг бүрдүүлэх боломжтой болно. Бичил цахилгаан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох үед осол гарах үеийн нөхцөл байдлын 2025 оны мэдээнд, 84 хувь нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байсан ба 7.5 хувь нь хамт зорчиж байхдаа гэмтжээ. Иймд дэд бүтцийн хөгжилд дугуйн замыг тусгах, зохицуулалт хийх нь чухал байна.
Цаашлаад, ААН-үүд маань үүрэг хүлээж байгаа гэдгээ ухамсарлаж, техник хэрэгслийг батарейг зөвхөн солих биш бүрэн бүтэн, аюулгүй байдлыг давхар хангах нь чухал юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 110 (7852)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn