16 дугаар бадаг
Буян хураасан цэцэн сэргэлэн хүн
Ганцаар боловч бүхнээс ялгуусах
Гөрөөсний хаан арслан ба
Хүрдэн эргүүлэгчид нөхөр хэрэггүй.
Сайн үйл хийж буян хишиг хураасан ухаалаг сэргэлэн хүн ганцаараа ч болов бүх зүйлд түүртэхгүй, баяр жаргалтай, сүр жавхлантай байж чадахыг илэрхийлж байна. Энэхүү утгыг арслан ба хүрдэн эргүүлэгч хаан хоёрт найз нөхөд хэрэггүй хэмээн адилтган зүйрлэжээ. Гөрөөсний хаан гэдэг бол арсланы ёгт нэр бөгөөд ийм хэлц хэллэг төвөд хэлэнд их бий. Хүрдэн эргүүлэгч нь хаан хүний ёгт нэр юм. Угтаа санскрит хэлээр чакра буюу монголоор хүрд гэдэг нь эрт үедээ цэрэг дайны зориулалттай том зэвсэг байсан бөгөөд түүнийг маш хүч чадалтай хүн л эргүүлж чаддаг байжээ. Уг учир утга нь хожим олныг захирсан хүчирхэг хааныг нэрлэх болж шилжсэн бөгөөд ийм хаанд нөхдийн хэрэг үгүй гэсэн санаа ажээ.
19 дүгээр бадаг
Баатар болоод хүч чадал их боловч
Мэргэн бусаар цогийг үл олох
Олз учралыг олох болбоос ч
Буян үгүй аваас хаанаас мөнх.
Баатар зоригтой, бяр чадал ихтэй байвч ухаан билиг муутай бол цог хийморь, амар амгалан, бүхий л сайн сайхныг цогцлоож чадахгүйгээр үл барам эд хөрөнгө, олз баялгийг олсон ч угийн буяны үр үгүй бол удаан үргэлжлэхгүй гэсэн санаа юм. Тиймээс ухаан билиг, сайн үйлийг эрхэмлэн дээдлэхийг чухалчилсан бөгөөд аливаа сайн үйл бүхний үр үндэс нь буян болж, өнө удаан эдэлж болдгийг сургасан байна.
20 дугаар бадаг
Эрдэм гэм хоёр хэнд ч тодорхой
Холилдсоныг ялган мэдэх нь мэргэн мөн
Уснаас сүүг галуу ялгах
Үнээнээс сүүг хотлоор авах
Эрдэм гэдэг ойлголтод сайн зүйл бүхнийг, гэм гэдэгт муу бүхнийг багтаан үзжээ. Тэгэхээр сайн муу зүйл тус тусдаа байхад хэн ч түүнийг ойлгож мэднэ. Харин сайн муу холилдон нийлснийг ялган чадаж байвал ухаалаг, сайн хүн. Тэрхүү санааг уснаас сүүг галуу ялган ууж чадахтай зүйрлэсэн байна. Үнээнээс дан сүү л гарах учир бүгд саан авч чаддагийг сайн, муу тусдаа байвал хэн хүнгүй мэдэж чадахтай адилтгажээ. Энд өгүүлж буй галуу ус сүү холилдсоныг ялгаж чадна хэмээсэн нь Энэтхэгийн үлгэр домогт гардаг шувуутай холбоотой бөгөөд сайн муу, үнэн худлыг ялган таних мэргэн ухааныг бэлгэддэг. Тиймээс ухаалаг, цэцэн сэргэлэн хүн бол сайн муу, үнэн худлыг ялган салгаж, шүүн тунгааж зөв зүйтэй, хэрэгтэйг нь авч чаддаг гэсэн утгатай байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 105 (7847)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn