Егүүтгэх. 
Орчин цагт олон нийтийн “бүрэлгэх, сүйтгэх, хөнөөх” гэдэг утгаар ойлгодог энэхүү үг судар сурвалжийн хэлнээ “ээлжлэх, солилцох, халах” хэмээх утгыг илэрхийдэг. Жишээлбэл: зовлон жаргал бүгдээр өвөл зун мэт егүүтгэлдэн буй гэдэг нь зовлон жаргал өвөл зун шиг ээлжилж байдаг гэсэн утга юм. Монгол нууц товчоонд “...гурван шөнө гурван өдөр хишиг өдрөө дуусаж мөнхүү ёсоор шөнө хонолдож егүүтгэлдэж шөнө хэвтүүл атугай” гэж буй нь мөн л ээлжилж, солилцож хэмээх утгыг илэрхийлнэ. Монгол бичгээрх бичлэгийн язгуураас үгийн утгыг илүү тодруулж харах боломжтой байдгаараа давуу талтай. Энэ үгийн язгуурыг орчин цагийн монгол хэлний “юүлэх” гэдэг үгээс мэдэж болно. Өөрөөр хэлбэл “юүл-, егүүт-“ хоёрыг харахад өөр үг мэт боловч монгол бичгээр нэг язгууртай юм. Юүлэх гэвэл нэг зүйлийг нөгөө рүү хийх, солих гэдэг угатайг эдүгээ бүгд мэднэ. Унаагаа юүлэх гэдэг нь унаж байсан морио тавиад өөр морь барьж унахыг хэлэх жишээтэй. 

Өөд болох. 
Одоо олон нийт энэ үгийг  “нас барах” гэдгээр юун түрүүнд ойлгоно. Гэтэл бичиг сударт "морилох, залрах" гэсэн хүндэтгэлийн утга илэрхийлдэг. Монголын нууц товчоонд мөн тохиолдоно. “Зүрхэн толтын тайлбар” зохиолоос жишээлбэл: Эдүгээ түүний ач Сажа бандида Гунгаажалцан хэмээх бээр Энэтхэгийн оронд өөд болж, тэрсүүдийн гайхсан бандида лугаа шашнаа мэлзээ тавьж, ерийн дөрвөн зүйл ухаанаар тэмцэлдээд тэрсүүдүүд гартвай. Тэндээс Төвдийн оронд өөд болж ирээд алдаршсаныг сонсож бүрүүн... гэдгээс Сажа бандида Гунгаажалцан Энэтхэгт морилж очсон, дараа нь Төвөд орондоо заларч ирсэн тухай тодорхой харагдаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 108 (7850)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn