Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жил, Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотноо суугаа Ерөнхий консулын газар байгуулагдсаны 35 жилийн ойн баярыг 2026.06.05-ны өдөр тэмдэглэх үеэр буриадын зохиолч А.Гатапов Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Найрамдал" медалиар шагнагдсан юм.
Зохиолч А.Гатапов нь 1993 оноос эхлэн уран зохиолын бүтээл туурвиж эхэлсэн. Түүний уран бүтээлийн гол сэдэв нь монголчуудын эртний түүх юм.
Тэрээр "Удирдагч мэндэлсэн нь", "Чингис хааны анхны анд", "Тэмүжин" (Чингис хааны өсвөр насны тухай 5 боть түүхэн роман, 2010–2022); "Доржи Банзаров. Онцгой үүрэгтэн түшмэлийн өдрийн тэмдэглэл" (анхны буриад эрдэмтний тухай түүхэн роман) зэрэг ном туурвисан.
А.Гатапов нь "Ясная Поляна", Ф.Искандерын нэрэмжит утга зохиолын шагнал, В.К.Арсеньевын нэрэмжит Алс Дорнодын утга зохиолын шагналтан юм.
Тэрээр буриад-монголын баатарлаг тууль "Шоно-Батор"-ыг орос хэлнээ хөрвүүлж, чулуун зэвсгийн үеэс XX зуун хүртэлх Төв Азийн түүхэн хүмүүс, үйл явдал, үзэгдлийн талаарх мэдээллийг багтаасан "Монголын түүхийн толь бичиг"-ийг хэвлэлд бэлтгэн гаргажээ. 2015 онд уг бүтээлийн өргөтгөсөн хувилбар "Монголын түүхийн нэвтэрхий толь" нэрээр хэвлэгдсэн байна.
Эх сурвалж: zms.mn